Үндэсний дээд лигийн “Хилчин” багийн тамирчин Сансарболдын Тэмүүлэн, Болорсүхийн Мишээл нар АНУ-ын Towson их сургуульд тэнцжээ. Улмаар тус сургуулийн волейболын багт дуудагдаж, олон улсын хэмжээнд ур чадвараа үнэлүүлэх боломж нээгдсэн тул Үндэсний их, дээд сургуулиадын спортын холбоо буюу NCAA-д тоглох анхны монгол волейболчдоор тодорч байна.
Б.Мишээлийн хувьд энэ жил Насанд хүрэгчдийн УАШТ-ий шилдэг довтлогчоор шалгарсан бөгөөд урьд нь Идэрчүүдийн УАШТ-д түрүүлсэн туршлагатай тамирчин юм. Өнгөрсөн жил тэрбээр 17 насандаа Үндэсний дээд лигт дэвшин тоглож эхэлсэн билээ. Харин өдгөө 23 настай С.Тэмүүлэнгийн тухайд Үндэсний шигшээ багт тоглодог. Үндэсний дээд лигт дөрвөн улирал хүчин зүтгэхдээ алт, мөнгөн медаль гардсан. Тэрбээр мөн бодибилдинг фитнессээр хичээллэдэг. 2021 онд Үндэсний дээд лигийн тамирчдыг хаалтын статистикээр тэргүүлж байсан нэгэн юм.
Г.Сансар