Хонконгод зохион байгуулсан шатар сонирхогчдын Азийн АШТ-д Монголын баг оюунаа сорив. Тэднээс эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх оноотой чансааны ангилалд “Босоо ноён” клубийн тамирчин, улсын аварга Э.Одмаа есөн өрөг тоглосноос 7.0 оноо авч түрүүллээ. Тэрбээр сүүлийн өрөгт Филиппиний тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Жиа Алланней Доройг буулган авч хожлын давуугаар алтан медаль хүртэх болзол хангажээ. Түүний хувьд эл тэмцээнд аваргалснаар Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой болж, манай улсаас дээрх тэмцээнд тэргүүн байрт шалгарсан анхны эмэгтэй тоглогч болж байна. Тэгвэл эрэгтэйчүүдийн 2300 хүртэл чансааны ангилалд “ABChess академи”-ийн тамирчин Х.Өлзийхишиг 7.5 оноо авч тивийн аваргаар тодорлоо. Тэрбээр тус тэмцээний стандарт, рапид төрөлд алт, блиц төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Өсвөр үеийнхээс “Их заргач” клубийн тоглогч С.Төгөлдөр гадаад чансааныхаа оноог ахиулан Олон улсын шатрын холбооны мастер цолыг болзол биелүүллээ.