Тайландын Бангкок хотод зохион байгуулсан 19, 22 насныхны Азийн АШТ-д Монголын тамирчид Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзориг, А.Бат-Очир, Б.Оюунболд, Д.Баасандорж нарын удирдлагад оролцлоо. 22 насныхны ангилалд эрэгтэйчүүдээс 55 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхантай хагас шигшээд Филиппиний боксчин тулалдахаар учраа таарсан ч эмчийн магадлагаагаар хасагдсан тул аваргын төлөө тоглохоор шалгарсан. Тэрбээр алтан медалийн төлөөх тоглолтод Узбекистаны тамирчинд ялагдаж, мөнгөн медаль хүртэв. Тэгвэл 65 кг-д өрсөлдсөн Д.Пүрэвдорж хүрэл медаль авч, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн юм. Эмэгтэйчүүдээс 45-48 кг-ын жинд С.Биндэръяа, 51 кг-д Э.Номундарь хүрэл медаль зүүсэн юм.