Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Мэдээллийн технологийн үндэсний паркийнхан “ICT forum 2025” арга хэмжээг ирэх сарын 25-26-нд зохион байгуулах болсноо зарласан. Тэгвэл уг ажлыг зохион байгуулах багийнхан хуралдаж, форумын үеэр болох бусад арга хэмжээний талаар танилцуулав. Хувийн хэвшлийнхний санаачилгаар “Tech week” нэртэй технологийн долоо хоногийг өнөө жилээс эхлэн тогтмол зохион байгуулахаар болжээ. Ирэх сарын 19-26-нд дэлхийн бусад улс орны жишгийн дагуу олон хөтөлбөр, төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх аж. Тухайлбал, технологийн шийдэл, дэвшилтэт санаачилгуудыг нэгтгэсэн олон төрлийн арга хэмжээг энэ үеэр зохион байгуулж, иргэдэд танилцуулах юм байна. Мөн мэдээллийн технологийн салбарын бодлого, инновацын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагынхан, гарааны бизнес хөгжүүлэгчид өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ санаачилга, шийдлүүдийг эрэлхийлэх нь.
М.Гэгээ