Үүр, Хараа, Онон, Орхон, Түй, Богд, Идэр, Сэлэнгэ, Ховд зэрэг 17 голын байршилд усны түвшин, урсгалын хурд хэмжигч төхөөрөмж улсын төсвийн хөрөнгөөр суурилуулж эхэлснийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Австри улсад үйлдвэрлэсэн “RQ-30” загварын уг төхөөрөмж нь хэмжилтийн мэдээллийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай дамжуулдаг давуу талтай гэнэ. Үүний үр дүнд үерийн эрсдэлийг бодитоор үнэлэх, усны нөөцийн зохистой менежмент хэрэгжүүлэх, байгаль орчин, усны салбарын томоохон төслүүдийн судалгаа, тооцооллыг үндэслэлтэйгээр боловсруулах нөхцөл бүрдэх ач холбогдолтойг албаны хүмүүс тодотгов.
Дэлхийн цаг уурын (WMO) болон НҮБ-аас улс орнуудад эрт сэрэмжлүүлэх системийг нутагшуулж, гамшгийн эрсдэлээс иргэдийг хамгаалахад онцгой анхаарахыг зөвлөсөөр буй. “RQ-30” нь уг зөвлөмжийн хүрээнд манай улсын гадаргын усны салбарт суурилуулж буй онлайн горимд ажилладаг анхны төхөөрөмж аж. Уг төхөөрөмжийн программ хангамжийн сургалтад Улаанбаатар хот болон есөн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн гадаргын усны инженерүүдийг хамруулжээ.
Н.Мишээл