Монгол орны нийт нутгаар өнгөрсөн долоо хоногт бороо хур элбэг орсноос гол, нууруудын усны түвшин нэмэгдэн, зарим бүсэд үер болсон. Энэ сарын 18-24-нд буюу долоо хоногийн нийлбэр үзүүлэлтээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумд хамгийн их буюу 75, Сэлэнгийн Ерөөд 73.4, Мандал, Бугантад 63-63.2 мм хур тунадас оржээ. Төв аймгийн Лүн, Борнуур, Дархан-Уулын Дархан, Шарын гол, Сэлэнгийн Баянгол, Өмнөговийн Хүрмэн болон нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүрэгт 51-59.9, бусад бүсэд 1-48.4 мм бороо орсон байна.
2024 оны дунджилсан дүнгээр Монгол оронд 280.6 мм бороо орсон нь сүүлийн 85 жилийн түүхэн дэх зургаа дахь ахиу хур тунадастай жил болсон билээ. Тэгвэл үүний 26.7 хувьтай дүйцэхүйц хэмжээний бороо Төв аймгийн БаянӨнжүүлд долоо хоногийн хугацаанд оржээ.
Өнөөдөр баруун аймгуудын зарим, зүүн аймгуудын хойд, төвийн бүсийн ихэнх нутгаар, харин маргааш, нөгөөдөр баруун болон төвийн аймгуудын хойд, говийн болон зүүн бүсийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар, мөндөр орох төлөвтэй гэнэ. Иймд орон нутгийн замд зорчигчид, голын сав газраар нутаглаж буй малчид, тариаланчдыг үерийн эрсдэлээс болгоомжлохыг цаг уурын байгууллагаас анхааруулав.
Ж.Сувд