“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болж буй “Монгол, Хятадын экспо”- гийн үеэр Sxcoal.сom платформыг хариуцсан төлөөлөгчидтэй нүүрсний зах зээл дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Өмнөд хөршийн “Fenwei digital information technology” компанийн хариуцдаг энэхүү платформ нь нүүрсний зах зээл дэх хамгийн өргөн мэдээллийн сантай, дүн шин¬¬жилгээ, зөвлөх үйлчилгээний тэргүүлэх системд тооцогддог аж. Тэрч үүднээсээ БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлдэг орнууд төдийгүй олон улсын зах зээлд мэдээллийн бөгөөд арилжааны чухал эх сурвалж болсоор иржээ. Sxcoal.com cайтад “Монголын нүүрс” гэсэн булан байдаг ч “Эрдэнэс Тавантолгой”-н биржийн арилжааны мэдээлэл хугацаа алдаж ирдэг, эцсийн хэрэглэгчидтэй холбох боломж хумигдмал зэрэг бэрхшээлийг удирдлагууд нь энэ үеэр дурджээ. Талууд цаашид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн болон тээвэрлэлт, арилжааны нөхцөлийн мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, зах зээлд холимог нүүрс нийлүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах арга замыг эрэлхийлэх нь.
Ж.Сувд