Эрчим хүчний сүлжээний компьютерын загварыг боловсруулсан эрдэмтэд НАСА-гийн сансарт байрлуулсан нарны хавтангийн системийг ашиглан Европын эрчим хүчний зардлыг 15 хувиар бууруулах боломжтойг тогтоожээ. Тодруулбал, Лондонгийн Кингс коллежийн эрдэмтдийн ахалсан тус судалгаа нь сансрын эрчим хүчний боломжит нөлөөллийг үнэлсэн шинжлэх ухааны анхны бүтээл аж. Нарны гэрлийг сансарт цуглуулж, түүнийг цахилгаанд хувиргаж, дэлхий дэх хүлээн авах станцуудад нийлүүлэх замаар 33 улсын эрчим хүчний хэрэглээг хангана хэмээн тооцоолсон байна. Гэвч тус төсөл нь хэт өндөр өртөгтэй тул бодит амьдралд хэрэгжихгүй байх эрсдэлтэйг Кингс коллежийн Инженерийн тэнхимийн ахлах багш, доктор Вэй Хэ анхааруулжээ. Тэрбээр “Сансарт байрлуулсан хэт олон хавтан хоорондоо мөргөлдөж, сансрын хог хаягдалд өртөн гэмтэх магадлалтай байж болох юм. Гэсэн ч энэ төсөл эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал нөлөөтэй. Япон Улс энэ технологийг аль эрт хэрэгжүүлж эхэлсэн. Олон орон үүнд нэгдвэл сансрын эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой” хэмээсэн аж.
Д.Тамир