Энэ жил Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан гэсэн зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулахаар шийдвэрлэснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Иргэд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эдгээр аймгийн удирдлага, сум, орон нутгийн холбогдох албан тушаалтнуудаас тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авсны үндсэн дээр наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд тарвага агнах боломжтой. Харин эдгээрээс бусад бүс нутагт агнуур хийсэн тохиолдолд тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлбөр төлөх зохицуулалттайг анхааруулав. Амьтны тухай хуульд үндэслэн Засгийн газраас тогтоосноор монгол тарваганы одоогийн экологи, эдийн засгийн үнэлгээ 410 мянган төгрөг бол Алтайн тарваганых 460 мянган төгрөг аж.
Н.Буян