Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу бэлчээрийн талбай, ашиглалт, ургамлын гарц, малын тоо толгойд үндэслэн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын төлөвийг урьдчилан тодорхойлсноо ЦУОШГ-аас танилцууллаа. Энэ сарын 20-ны байдлаарх үнэлгээгээр нийт газар нутгийн 16.1 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 18.5 хувь нь хүрэлцээтэй, 30.7 хувьд нь даац 1-3, 16.3 хувьд нь 3-5 дахин, 18.4 хувьд нь олон удаагийн давтамжтай хэтэрсэн гэж гарчээ. Бэлчээрийн даац нийт нутгийн 35 хувьд хүрэлцээтэй, харин 65 хувьд нь хэтэрсэн байна. Даац нь хэтэрсэн бэлчээрийн талбай өмнөх жилийнхээс 30 гаруй хувиар нэмэгдсэнийг эл үнэлгээгээр тогтоожээ. Бүсчлэлээр нь авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангайн зарим сумын нутагт бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн буюу их хэмжээгээр талхлагдсан нь тодорхой болжээ. Иймд эдгээр бүс нутагт өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангаж, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отор нүүдэл зохион байгуулах, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авахыг ЦУОШГ-аас холбогдох байгууллагынханд анхааруулав.
Ж.Сувд