Нийслэлд сүүлийн үед нэг төрлийн хар хорхой хотын төв, зуслангийн бүс гэлтгүй элбэгшээд буй. Тэгвэл энэ нь газар цох (carabidae) хэмээх шавж болохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс мэдээлэв.
Энэ нь гэрэл, дулаанд татагддаг, шөнийн идэвхтэй шавж бөгөөд хүн, амьтанд ямар нэгэн хор нөлөөгүй гэнэ. Цаг агаар эрс тэс болох буюу хэт борооших, халах үед газар цох чийг, идэш тэжээл хайж нэг газраас нөгөө рүү олноороо нүүдэллэдэг аж.
Хүмүүс энэ төрлийн шавжийг сүрэглэн нисэж хүн, амьтан хаздаг, бага насны хүүхдийн чих рүү ордог гэж “муу үздэг”. Тэд хэнийг ч санаатайгаар “ангуучилж” гэмтээдэггүй юм байна. Дээр дурдсанчлан гэрэл, чийг, идэш тэжээл зэрэг өөрт нэн хэрэгцээтэй зүйлийг эрж явахдаа санамсаргүй байдлаар хүний чих, хамар луу орох тохиолдол бий. Гэхдээ энэ нь маш ховор гэдгийг судлаачид хэлэв.
Хэрэв та гэртээ газар цох оруулахгүй байя гэвэл гэрэлтүүлгээ багасгах, цонх, хаалгандаа тор хийх, орчноо цэвэр, чийггүй байлгах хэрэгтэй гэнэ.
Н.Буян