Монголын спортын төрлүүдээс чөлөөт бөх, бокс, байт харвааны үндэсний шигшээ багийнхан ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж дуусчээ.
Сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ Их Британид энэ сарын 4-нд эхэлнэ. Ливерпүүл хотод 10 хоног зохион байгуулах эл тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин оролцохоор хөлгийн жолоо залав. Тэгвэл БНСУ-ын Гванжу хотод энэ сарын 6-12 хүртэл үргэлжлэх байт харвааны насанд хүрэгчдийн тэмцээнд дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлагад эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийнхэд Б.Урантунгалаг цэц сорих нь. Тэдний араас чөлөөт бөхийн тамирчид 13-21-нд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор Хорват улсын Загреб хотыг зорино. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, С.Сүхбаатар тэргүүтэй зургаан дасгалжуулагч “Загреб-2025”-д зодоглох тамирчдаа сойхоор хяналтын болон сэргэлтийн бэлтгэлээ хийж буй. Япон улсын иргэн, чөлөөт бөхийн дасгалжуулагч Казүхито Сакай эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийг “Лос-Анжелес-2028” олимпын наадам хүртэлх хугацаанд зөвлөх багшаар хамтран ажиллана. Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ээс нийт 85 медаль хүртжээ. Анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл медаль) бол отгон медальтан нь С.Цэрэнчимэд (мөнгө), Ц.Цогбадрах (хүрэл) нар юм.