“Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Эрхэмбаяр хийн урт бууны төрөлд онч сорьдог. Тэрбээр Хэнтий аймгийн дасгалжуулагч, ОУХМ Т.Баяржаргалын удирдлагад анх хичээллэж, спортын талбарт хөл тавьжээ. Аймгийн болон УАШТ, Монголын бүх ард түмний спартакиад наадам зэрэг дотоод томоохон тэмцээнд цахиур хагалах болсон түүнийг Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудсанаар олон улс, тивийн тэмцээн, “Дэлхийн цом”-д улсаа төлөөлж оролцдог болсон юм. Монголын бүх ард түмний XV спартакиад наадамд 2022 онд оролцохдоо урт бууны 10 метрийн дасгалд 631.7 оноогоор улсын дээд амжилтыг эвдсэн бол 2025 оны нэгдүгээр сард зохион байгуулсан Холбоодын нэгдсэн УАШТ-ий буудлагын төрөлд урьдчилсан шатанд 632.7 оноо авч, дахин шинэчлэв. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг гаргасан амжилтыг нь үнэлж,“632.7 бол өндөр оноо. Ийм оноотой тамирчин ямар ч тэмцээний финалд шалгарна” хэмээн онцолсон удаатай. Өдгөө 16 алт, тус бүр найман мөнгө, хүрэл медальтай тэрбээр Казахстаны Шымкет хотод өнгөрсөн сард болсон буудлага спортын Азийн АШТ-д өрсөлдөхдөө залуучуудын ангилалд урт бууны 50 метрийн дасгалд (622.6 оноо) мөнгөн медаль гардсан билээ. Монголын урт бууны эрэгтэй тамирчдаас ангилалдаа тивийн шилдгүүдийн нэгээр шалгарсан түүнтэй ярилцлаа.
-Та өмнө нь буудлагын тэмцээнд өөрөөсөө ах тамирчидтай өрсөлддөг байсан. Энэ удаа тивийн тэмцээний залуучуудын ангилалд үеийнхэнтэйгээ өрсөлдөх сонирхолтой санагдав уу?
-Азийн АШТ-д үеийнхээ тамирчидтай цэц сорих сайхан санагдлаа. Миний хувьд тивийн тэмцээнд гурван удаагаа оролцохоор Казахстан улсыг шигшээ багийнхантайгаа зорьсон. Шымкет хотод хөл тавихад цаг агаар халуун, бүгчим байсан ч орчин, нөхцөлд нь хурдан дассан. Тус хотод гардсан мөнгөн медаль гадаадын тэмцээнээс хүртсэн анхны минь шагнал. Монголын тамирчдын ур чадвар, туршлага, бэлтгэл сургуулилалт бусад орныхноос дутахгүй. Улсаас шигшээ багийн төсөв, зардлыг танасан тул олон улсын тэмцээнд өмнөх шигээ оролцохгүй болсон нь тамирчдын амжилтад нөлөөлж байна.
-Орон нутгийн дасгалжуулагчдаас Т.Баяржаргал шилдэг тамирчид бэлтгэдэг гэж спортын хүрээллийнхэн ярьдаг. Та ч гэсэн шигшээ багт багтсан шавь нарынх нь нэг шүү дээ.
-Би Хэнтий аймгийнх. 2019 онд наймдугаар ангийн сурагч байхдаа ангийнхаа охиныг дуурайж, ОУХМ Т.Баяржаргал дасгалжуулагчийн удирдлагад урт буугаар хичээллэсэн. Багш зарчимч зантай. Тухайн тамирчны зан чанарын онцлог, арга барилд тохируулж бэлтгэл хийлгэнэ. Бүх зүйлийг эхнээс нь заахдаа техникт нь тулгуурлаж, ур чадварыг ахиулахыг хичээдэг. Бидэнд “Яаж буудах вэ гэж техникээ бодохоос илүү өөртэйгөө сайн ажиллаарай” гэж зөвлөдөг нь сэтгэлд хоногшиж үлджээ. Миний хувьд тэр жил анхныхаа тэмцээнд оролцож, спортын I зэргийн болзол хангаснаар амжилтын гараагаа эхлүүлж байв. XII ангид суралцах жилээ аймгийн АШТ-д түрүүлж, 2022 онд болсон Монголын бүх ард түмний XV спартакиад наадамд хийн урт бууны төрөлд түрүүлж, 50 метрийн 3х20 дасгал, холимог багийн төрөлд тус бүр хүрэл медаль хүртэж, буудлага спортын үндэсний шигшээ багт дуудагдсан юм. Нэг өдөр бэлтгэлээ хий хээр иртэл багш “Чи үүнээс хойш шигшээ багийн тамирчин болно. Чамайг бүрэлдэхүүнд авсан шүү” гэв. Тамирчин бүр шигшээ багийн босгоор алхахыг хүсдэг ч тэр бүр тохиодоггүй ховор боломж шүү дээ. Багшаасаа сайхан мэдээ сонсоод догдолж, баярласан тэр өдрийг мартдаггүй. Надаас гадна аймгийн маань гурван охин буудлагаар хичээллэсэн ч нэг их удалгүй тус тусын зам мөрөө хөөсөн дөө.

-Та гимнастикийн спортод ч амжилт гаргасан юм билээ. Хүүгээ буудлага руу урвахад аав, ээж тань хэрхэн хүлээж авсан бол?
-Аав, ээж минь малчин. Аймгийнхаа төвөөс холхон, хөдөө амьдардаг. Намайг спортын гимнастикаа орхиж буудлагатай нөхөрлөхөд нэг их цааргалаагүй. Тэд минь миний оролцсон тэмцээнийг үзэж байгаагүй ч буудлагын спортын талаар тодорхой ойлголттой болсон. Би айлын отгон хүү, гурван ахтай. Ах нар минь тамирчин болох үеэс дэмжиж, ар тал минь болж ирлээ. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан үеэс их, дээд сургуульд суралцах завгүй болсон. Тиймээс тамирчны карьертаа анхаарал хандуулж, гадаадын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн юм. Багийнхаа ах, эгч нараас эхэндээ үлгэр дуурайл авч, суралцсан бол сүүлдээ ана мана өрсөлдөх болсноор ур чадвараа хөгжүүлж, техникээ ч сайжруулсан.
-Оролцсон тэмцээнүүдээсээ олж хардаг, бас ажиглаж судалдаг зүйл тань юу вэ?
-БНСУ-ын Дэгү хотод 2022 онд болсон Азийн АШТ нүдийг минь нээж, өөрийгөө ямар хэмжээнд явааг мэдрүүлсэн, өрсөлдөгчийнхөө давуу талаас суралцан өмнөхөөсөө илүү хичээхийг ойлгуулсан юм. Хойшид амжилт гаргах зорилго тавьсан минь тэр тэмцээнээс үүдэлтэй. Дараа жилийнх нь хавар Азарбайжаны Баку хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-д оролцоход шигшээ багийнхнаас урт бууны төрөлд Н.Баяраа ах, О.Есүгэн эгч финалдаж байв. Тус тэмцээнээс ирээд өмнөд хөршид болсон “Ханжоу-2022” Азийн наадамд өрсөлдсөн. Тивийн орнуудаас Хятад улс тэмцээн, уралдааныг өндөр хэмжээнд зохион байгуулдаг. Монголын багийг онгоцноос буухад сайн дурын ажилтнууд угтан авч, тамирчдын тосгонд байрлуулан тав тух, шинэлэг зүйл мэдрүүлсэн нь бахархмаар санагдаж билээ. Азийн наадмын буудлагын төрөлд БНХАУ, Энэтхэгийн тамирчид эхний гурван байрт шалгарч, шилдгүүдтэй гэдгээ харуулсан. Тэндээс буудлагын эмэгтэйчүүд багаараа хүрэл медальтай ирж байлаа.
-Монголын урт бууны эрэгтэй тамирчдаас ангилалдаа тивийн шилдгүүдийн нэгээр шалгарсан нь та. Энэ амжилт санаснаас амархан ирээгүй л байх.
-Тивийн тэмцээний хийн урт бууны хэвтээ 60 сумны дасгалд Монголоос би залуучуудын ангилалд БНСУ, Казахстан, Узбекистан, Энэтхэг, Японы тамирчинтай өрсөлдөж, 622.6 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Энэ удаа Казахсаны тамирчин (624.1) Азийн аваргаар тодорч, БНСУынх (618 оноо) хүрэл медальтай нутаг буцсан. Бид онооны хол зөрүүгүй онч сорьсон. Би эхэндээ тэргүүлж явсан ч сүүлийн таван сумаа буудахдаа сэтгэл зүйн байдлаас болж алдаа гаргасан юм. Тэр үед сандарч, зүрхний цохилт түргэссэн. Буудлагын тэмцээнд өрсөлдөгчөө бус, өөрийгөө ялж амжилт гаргадаг. Ж.Ганхуяг багш насанд хүрэгчдийн ангилалд урт бууны хэвтээ 60 сумны дасгалд өрсөлдөж, 16 дугаар байр эзэлж харагдсан. Буудлагын тамирчид хүчний спортынхон шиг сэтгэл догдлолоо ил гаргадаггүй. Тэмцээний үед анхаарлаа маш сайн төвлөрүүлдэг. Бай руу буу шагайж, олон цаг зогсохоор ядарна. 10 метрийн хийн урт бууны жин тав, 50 метрийн дасгалынх найман кг байх жишээтэй. Сүүлдээ дасчихдаг юм. Гимнастик спортын бусад төрлийн суурь нь болдог онцлогтой. Багадаа үүгээр хичээллэсний давуу тал бэлтгэл хийх, тэмцээнд оролцох үед хэрэг болдог. Миний хувьд хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлж, чөлөөт цагаараа дугуй унах дуртай. Ингэх нь нэг талаар хүчний бэлтгэл болдог юм.

-Тамирчдад тулгардаг саадтай та ч бас нүүр тулсан байлгүй. Амжилт гаргахгүй удахаар өөртөө эргэлзэж, спортоос холдох талаар бодсон удаа байдаг уу?
-Халширсан удаа цөөнгүй. 2023 онд болих талаар хүртэл бодож байлаа. Тэр жил тэмцээнд оролцсон ч оноо ахиагүй, амжилт ч дорвитой гаргаагүй. Бэлтгэл нэг хэвийн үргэлжилж, шантарч эхэлсэн. 2024 онд олон улсын тэмцээнээс хуримтуулсан туршлагадаа тулгуурлаж, бэлтгэл хийх арга барилаа өөрчлөн, өөртэйгөө илүү ажилласан юм. Буудлагын тамирчдыг гурван тэмцээнд оролцуулж, хамгийн өндөр оноо авсныг нь олон улс, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх эрх өгдөг. Азарбайжаны Бакуд болсон “Дэлхийн цом”-д өрсөлдсөн тамирчдаас хоёр зүйлийг чухалчилж харсан. Нэг нь буудах техник, нөгөө нь сэтгэл зүйгээ удирдах байдал. Тэндээс ажиглаж судалсан зүйлүүд дараагийн тэмцээнд оролцоход маш их хэрэг болсон. Алхам алхмаар ур чадвараа ахиулж, 2025 оны нэгдүгээр сард зохион байгуулсан Нэгдсэн холбоодын УАШТ-ий хийн урт бууны 50 метрийн дасгалд улсынхаа дээд амжилтыг дахин эвдэж, шинэчлэн тогтоосон юм.
-Шигшээ багийн тамирчдад тэр бүр зав гардаггүй харагддаг. Та нутагтаа хааяа нэг очиж амардаг уу?
-Хоёр сар тутамд аав, ээжтэйгээ уулзаж, хэд хоног амраад ирдэг. Нутгийнхаа агаар, салхинд сэтгэлээ сэргээж, эрч хүч авах сайхан. Гэрийнхнээсээ спортоор хичээллэдэг нь одоогоор би л байна. Хамт хичээллэсэн най¬зынхаа хийн урт буугаар бэлтгэл хийдэг байсан бол өөрийн гэсэн буутай болсноор дотоодын тэмцээнд амжилт гаргаж эхэлсэн. Шигшээ багийнхантай нэгдсэнээс хойш хоёр ч буу сольжээ. Тамирчин хүн сайн техник, хэрэгсэлтэй байж амжилт гаргана. Миний хувьд одоо ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Walther LG500, (10 метр) Walther KK300 (50 метрийн дасгалынх) фирмийн хамгийн сүүлийн загварын буугаар онч сорьж байгаа.
-Буудлагаар хичээллэдэг залуусын олонх дуу цөөнтэй байх юм. Таныг энэ спорт өөрчилсөн үү, эсвэл ийм даруу болгож төлөвшүүлэв үү?
-Бид бэлтгэл, тэмцээний үед ч өөр хоорондоо тэр бүр ярилцдаггүй. Сэтгэл догдлолоо барьж, зөвхөн өөртэйгөө өрсөлддөг болохоор олонд тэгэж санагддаг байх. Би багадаа даруу зантай, дуу цөөнтэй хүүхэд байсан. Энэ зан минь буудлагаар хичээллэхэд тохирдог. Тамирчин болсноос хойш найзуудтайгаа уулзах минь багассан. Сүүлийн үед спортын салбарт нөхөрлөлийн хүрээлэл минь тэлж байгаа. Орчноо дагаад тэр үү зовлон, жаргалаа хуваалцаж сурсан болохоор буудлагынхаа тамирчидтай ойр байдаг. Миний хувьд Н.Баяраа ахаасаа суралцаж, зөвлөгөөг нь сонсож ирсэн тул дотно нөхөрлөдөг. Тэрбээр бусдыг дуурайдаггүй. Өөрийнхөө арга барилд тулгуурлаж, амжилт гаргаж урагшилсан.

-Та туузан дахь шагналуудынхаа хамгийн дээр нь ямар тэмцээнээс хүртсэн медалиа залав?
-Миний тэмцээнээс хүртсэн шагналын ихэнхийг аав, ээж нандигнаж хадгалдаг. Туузныхаа хамгийн дээр Хүүхдийн их наадам, Монголын бүх ард түмний XV спартакиадын буудлагын төрөлд хүртсэн алт, мөн спортын гимнастикийн УАШТ-ээс гардсан мөнгөн медалиа залсан. Гимнастикийн спорт насны хязгаартай. Хичээллэдэг орчин нь бага насандаа амжилт түлхүү гаргахыг шаарддаг. Намайг дунд ангид орох жил насныг минь хязгаарлахад багш “Чи үргэлжлүүлж, аэробикийн төрлөөр хичээллэх үү” гэж асуусан. Тухайн үед сэтгэл минь тэгтэл их татагдаагүй болохоор цааш хичээллээгүй. Тэгвэл буудлагын спортод нас хязгаарладаггүй. Тухайн тамирчин амжилт гаргах ур чадвартай бол үргэлжлүүлж болдог.
-Та 2025 онд тавьсан зорилгынхоо хэдэн хувийг хэрэгжүүлсэн гэж бодож байна.
-Төлөвлөсөн зүйлийнхээ заримыг нь хэрэгжүүлсэн. Шигшээ багийнхныг хоёр ч том тэмцээн хүлээж байна. Монголын бүх ард түмний спартакиад наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тул өрсөлдөөн ихтэй, сонирхолтой болдог. Миний хувьд хоёр дахь удаагаа оролцоно. Энэ удаа насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх юм. Өмнөх тэмцээнээс нэг алт, хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Энэ удаа хийн урт бууны гурван төрөлд амжилтаа ахиулж, түрүүлэхийн төлөө хичээнэ. Тус тэмцээний дараа арваннэгдүгээр сард болох ДАШТ-д оролцохоор багийнхантайгаа Египет улсыг зорино. Буудлагын тамирчдад ирэх жилээс “Лос-Анжелес-2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгож эхэлнэ. Тиймээс бидний хувьд үүрэг хариуцлагатай он байх болов уу.