Монголын дугуйн үндэсний шигшээ баг, “CATCO racing” клубийн тамирчин, БНХАУ-ын “Huansheng vonoa taishan sport team” багийн легионер, ОУХМ Э.Болор-Эрдэнэ энэ спортоор хичээллэгсдийн амжилтыг түүчээлэн, өнгөлж яваа шилдгүүдийн нэг. Нэрт дасгалжуулагч Н.Нармандах агсны шавь болж, удирдлагад нь хичээллэснээр ур чадвараа ахиулан олон улс, тивийн тэмцээнд улсаа төлөөлж цөөнгүй оролцсон. Тэрбээр өмнөд хөршийн Чэндү хотод өнгөрсөн сард зохион байгуулсан дэлхийн наадмын хөтөлбөрт багтсан дуатлоны эрэгтэйчүүдийн элит төрөлд хурд сорьсон билээ. Тэндээс ирснийхээ дараахан эх орондоо болсон “Улаанбаатар 2025” дуатлоны “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Түүнчлэн Дэлхийн триатлоны холбооноос дуатлоны тамирчдын чансааг энэ сарын 9-нд шинэчлэн зарлахад 292.50 оноогоор эхний 50 байраас 32-т жагссан. Түүнийг өмнөд хөршид зохион байгуулах 10 өдрийн олон улсын уралдаанд оролцохоор хилийн дээс алхахын өмнө нь ярилцсан юм.
-Улаанбаатарт болсон дуатлоны “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд дугуйн спортын элит ангилалд уралддаг монгол тамирчин анх удаа түрүүлсэн нь онцлог байлаа.
-Баярлалаа. Миний хувьд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд сэтгэл зүй өндөртэй оролцож, тивийн шилдгүүдтэй ана мана өрсөлдөн түрүүлсэндээ баяртай байна. Дуатлоны томоохон тэмцээнд Монголын дугуйн спортын тамирчин анх удаа түрүүлсэн нь олон орны анхаарлыг татсан болов уу. Нутгийнхаа уур амьсгалын онцлог, цаг агаарын байдал, өссөн орчин, нөхцөлөө мэдэхээс гадна өдөр бүр бэлтгэл хийхдээ уралдах замаа сайтар судалсан минь түрүүлэхэд давуу тал болсон. Манай залуус тууштай, зориод хичээллэвэл дугуй, дуатлон нь амжилт гаргах хамгийн боломжтой төрөл. Би “Азийн цом”-д түрүүлж, чансаагаа ахиуллаа. Өмнө нь 103 дугаар байрт бичигдсэн бол энэ удаа 71-ээр урагшлуулсан. Одоо шилдэг 20-д эрэмбэлэгдэхээр хичээж байгаа.
-Тэмцээн эхлэх үед бороотой, жиндүү байсан нь гадаадын төдийгүй Монголын тамирчдын уралдаанд нөлөөлсөн байх.
-Намар болж цаг агаар сэрүүн, шөнөдөө хасах хэм руу оржээ. Дугуйн спортынхон байгалийн ямар ч нөхцөлд уралдаанаа үргэлжлүүлдэг. Дулаан орны тамирчдад Монголын эрс тэс уур амьсгал, хүйтэн салхи, бартаа ихтэй замд уралдах амаргүй санагдсан байх. Тамирчид таван км гүйсний дараа нь дугуйгаар 30 км уралдаж, дахин таван км гүйж барианд орсон. Би дугуйтай уралдах хэсэгт цөөнгүй жил хичээллэсэн туршлагаа ч харуулсан. Миний хувьд гүйхдээ цаг бага зарцуулах тактиктай байв. Тэргүүлж яваа тамирчнаас гурван минут хоцорсон ч дугуйгаар уралдахдаа гүйцэж, ардаа орхино гэж тооцоолсон юм. Дугуйн тамирчин дуатлоны тэмцээнд оролцохдоо гүйх бэлтгэлээ түлхүү хийх хэрэгтэй юм билээ. Хичнээн сайн уралддаг ч гүйхдээ тааруу бол амжилт гаргахгүй. Тэгэхээр аль алиных нь бэлтгэлийг ижил хэмжээнд базаах ёстойг ойлгосон. Би БНХАУын Чендү хотод өнгөрсөн сард болсон Дэлхийн наадмын дуатлоны төрөлд оролцохдоо 31 дүгээр байр эзэлсэн. Тухайн үед дугуйн тэмцээнүүд ойрхон, шахуу байсан тул гүйлтийн бэлтгэлээ өөрийн санаанд хүртэл хийгээгүй. Тэндээс ирснийхээ дараа Улаанбаатарт болох дуатлоны “Азийн цом”-д амжилттай оролцохын тулд гүйлтийн бэлтгэлдээ анхаарал хандуулсан.
-Таныг дугуйчдаас өмнөд хөршийн “Huansheng vonoa taishan sport team” багт легионероор уралддаг гэж сонслоо.
-Тийм ээ. Би энэ жил тус багийнхантай гэрээ хийж, легионер тамирчин болсон. Тэдэнтэй нэгдсэнээс хойш олон тэмцээнд өрсөлдлөө. Оролцохоор төлөвлөсөн тэмцээн цөөнгүй болохоор амрах завгүй бэлтгэл хийдэг. 2025 он миний хувьд өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөсөн тэр хэрээр ур чадвараа ахиулж, туршлага хуримтуулсан жил болж байна. Үүнээс өмнө Японы “Levante Fuji shizuoka” багийнхантай 2022-2025 он хүртэл тэмцээнд оролцсон. Намайг тэр үеэс “Huansheng vonoa taishan sport team” багийнхан мэддэг байсан тул багтаа уралдуулахаар санал тавьсан юм.
-Монголд ирснийхээ дараахан баруун бүсэд зохион байгуулсан 26 дахь удаагийн олон өдрийн уралдаанд таныг мөнгөн медаль хүртэхийг харсан. Шил дарсан тэмцээнд оролцох хэцүү санагдав уу?
-Зургаан өдөр хурд сорьсон тэмцээнд ОУХМ Б.Марал-Эрдэнэ түрүүлж, би II байрт шалгарсан. Бид нэг багийнх. Дотоодын томоохон тэмцээнд эн тэнцүү өрсөлдөж, өгөө, аваатай уралддаг. Энэ удаагийн тэмцээн өрсөлдөөн ихтэй, чанга боллоо. Дуатлоны “Азийн цом”-ын тэмцээн өндөрлөсний маргааш болсон уулын дугуйн УАШТ-д оролцож, мөн мөнгөн медаль гардсан. Үүнээс өмнөх олон өдрийн уралдаанд манайхан багаараа түрүүлсэн юм. Миний хувьд нийлбэр дүнгээр удаалж, шилдэг бариачны ногоон цамц өмссөн. Дотоод, гадаадын гурван том тэмцээнд оролцсон болохоор ачаалал авч, ядарсан.
-Хэдхэн хоногийн дараа Хятадад олон улсын 10 өдрийн тэмцээн эхлэх нь. Та хурд сорино биз дээ?
-Оролцоно. Тэнд болох уралдаанд Huansheng vonoa taishan sport team” багийнхантай өдөр бүр 130-180 км уралдах байх. Намайг легионер тамирчнаар нэгдэхэд тэд найрсаг угтаж авсан шүү. Хятадын баг бүр легионер тамирчидтай. Тухайлбал, манай багт гэхэд Эквадор, Румын, Шинэ Зеланд, Австралийн тамирчин бий. Хэдийгээр Хятадын баг ч гишүүдийнхээ олонхыг гадаадын шилдгүүдээр бүрдүүлдэг. Томоохон тэмцээнд легионеруудаа голдуу сойно. Миний хувьд бүгдтэй нь нийтэч харилцдаг. Багийн спортод нэгдмэл байдал чухал. Зорилго, тэмүүллээрээ нэгдэж, нэг хүн шиг ойлголцдог байж амжилт гаргана. Өмнөд хөрш дугуйн мэргэжлийн 10 гаруй багтай. Энэ жилийн Азийн АШТ-д БНХАУ-ын тамирчин түрүүллээ. “Huansheng vonoa taishan sport team” бол оролцсон тэмцээн бүрдээ өндөр амжилт үзүүлдэг шилдэг гурван багийн нэг.
-БНХАУ-тай манайх хөрш тул таны сэтгэлд ойр байдаг болов уу?
-Цагийн зөрөөгүй, газар нутгийн хувьд уудам. Цаг агаар нь дулаан болохоор бэлтгэл хийхэд орчин нөхцөл нь таатай. Урд хэсгээрээ нэлээд халдаг ч өндөрлөг газраараа сэрүүн. Тус улсад зохион байгуулах 10 хоногийн уралдаан Поянг нуурын нэрэмжит “Poyang like” нэртэй тэмцээн юм. Олон өдөр болох тул тамирчид засмал, уул, тал, уруу, бартаат гээд янз бүрийн замаар уралдах байх. Хятад улсын баг дотроо өрсөлдөөн ихтэй. Бидэнтэй улсынх нь багууд хүчтэй өрсөлдөх болов уу.
-Таны Монголд уралддаг “Team Oggi” баг нэрээ өөрчилсөн байх юм. Клубийнхээ шинэ нэрэнд хэр дасаж байна вэ?
-Монголд уралддаг багийн маань ивээн тэтгэгч нь солигдсон тул “Team Oggi” нэрээ энэ жил “CATCO racing” болгож өөрчилсөн. Манай багаас дуатлоны “Азийн цом”-д эмэгтэйчүүдээс Г.Энхжин хүрэл медаль зүүсэн. Дасгалжуулагч А.Алтансүх багийнхаа тамирчдыг маш сайн удирдаж, бэлтгэл сургуулилалтыг нь чамбай хийлгэдэг. Тэрбээр багаа шинэ залуу тамирчдаар бүрдүүлж, хүч сэлбэлээ. Монголын дугуйн шигшээ багийг ДАШТ-д оролцуулах урилга ирсэн. Өмнөд хөршид болох олон улсын тэм¬цээнтэй давхцах тул миний хувьд оролцож ам¬жихгүй.
-Өөрийг тань дугуйнд дурлуулж, спортын босгоор алхахад нөлөөлсөн зүйл юу байв?
-Би найзуудтайгаа дугуй сонирхож унадаг байлаа. Нэг өдөр хичээлдээ иртэл дүүргийн аварга шалгаруулах дугуйн тэмцээн болно гэсэн зарлал байхыг хараад оролцохоор шийдэв. Тэр үед Н.Нармандах багш минь надад санал тавьснаар тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Бэлтгэл хийсэн эхний саруудад дугуйгаар хичээллэх техникүүд сонирхолтой санагдаж, сурах зүйл их байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл шантрахгүй зүтгэсний үр дүнд амжилт ирсэн гэж боддог. Миний хувьд үеийнхнээсээ дугуй спортод хожуу хөл тавьсан. Өмнө нь спортын өөр төрлөөр хичээллэж үзсэн ч нэг л болоогүй. Дасгалжуулагч нар нь ч идэвх гаргаагүй. Тэгээд л ямар нэг спортоор хичээллэвэл тууштай зүтгэнэ гэсэн зорилго тавьсан.
-Тамирчдад анхны тэмцээн нь зорилгодоо хүрэх замнал нь болдог. Мөрөөдөл тань амжилт руу одоо ч хөтөлсөөр байгаа болов уу?
-Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртчихээд их баярласан. Аав, ээж “Тамирчин хүний анхны шагнал хүрэл медаль байвал сайн байдаг” гэж бүх талаар дэмжсэн. Аавын минь хэлсэн тэр үг намайг хурцалж, амжилт руу зүтгэх зориг хайрласан.
-Спортын талбар өрсөлдөөн ихтэй. Хэцүү санагдсан тэр өдрүүдэд хэрхэн “эргэж ирж” байв?
-Спортын ертөнц өрсөлдөөн ихтэй ч хэн хөдөлмөрлөж, хичээсэн нь үр шимийг хүртдэг. Шантарч халшрах үе бишгүй. Тийм үед дасгалжуулагч, багийн ах нар, найзууд минь юунд алдаж байгааг хэлж, зөвлөдөг. Тэмцээнд хожигдож, хожих үе алийг тэр гэх вэ. Хэцүү санагдсан тэр өдрүүдийг даван туулахад зорилго, итгэл минь тусалсан.
-Та өмнө нь “Ningxia sports lottery continental” багийнхантай Азийн орнуудад зохион байгуулсан олон уралдаанд өрсөлдсөн санагдах юм.
-БНХАУ-ын дугуйн мэргэжлийн “Ningxia sports lottery continental” багийнхантай 2016 oнд уралдсан. Өмнөд хөршид зохион байгуулсан “Tour of Xingtai” олон улсын тэмцээнд нийлбэр дүнгээр ОУХМ Э.Мөнхтулга тэргүүлснээр манайхан багаараа I байрт шалгарсан юм. Тэр уралдаанд Монголын тамирчин цойлж, тэргүүлсэн нь бахархмаар үйл явдал байлаа.
-Дугуйн мэргэжлийн нэр хүндтэй багт уралдах урилга хүлээж авна гэдэг тамирчдад тэр бүр олдохгүй боломж шүү дээ.
-Ж.Өлзий-Орших багш 2016 онд тус багт намайг оруулсан. Энэ багт уралдсан Монголын гурван тамирчны нэг нь би. Мэргэжлийн багт багшийнхаа ачаар хөл тавьсан нь миний хувьд маш том боломж байлаа. Тус багийнхан дугуйн спорт ямар байдгийг таниулж, мэргэжлийн багт тамирчид хэрхэн өсөж, хөгждөгийг мэдрүүлсэн. Мэргэжлийн багийнхны уралдаан өндөр зэрэглэлтэй болдог. Тиймээс тус багт анх хөл тавьсан өдрөөсөө л би улам хичээх ёстойг ойлгосон юм.
-Таны уралдсан хоёр багийн тамирчдын бэлтгэл сургуулилалт, амжилт, уур амьсгал, зорилго хэр ялгардаг вэ?
-Хятадын мэргэжлийн багийнхан өндөр түвшинд хөгжсөн. Тэр хэрээрээ зэрэглэл өндөртэй уралдаанд оролцдог. Тэдний хэрэглэж байгаа техник хэрэгсэл, эд материал нь чанартай, бас баталгаатай. Японы баг байгуулагдаад удаагүй тул өмнөд хөршийн багийнхны түвшинд хараахан хүрээгүй.
-Тамирчин болоход гэрийнхэн тань хэр дэмжиж, амжилт гаргахад нөлөөлөв?
-Гэрийнхэн минь миний ялалт, ялагдалтай хамт байдаг. Амжилт гаргахад урам хайрлаж, сэтгэлээр унахад дэм өгч сэргээдэг. Тэд минь дэмжээгүй бол амжилтын тухай өгүүлэх хэцүү. Намайг тэмцээнд оролцох үед эхнэр ар гэрийнхээ бүх ажлыг хариуцдаг. Гадаад орон руу нэг, цаашлаад хэдэн сар ч явах тохиолдол бий. Тийм үед үр хүүхдэдээ анхаарал хандуулж, хичээл, сургуулийг нь зохиуцуулна гэдэг эмэгтэй хүнд ахадсан ажил. Гэр бүл минь бэлтгэл тайван хийлгэж, амжилт гаргуулахын тулд бүх зүйлээ зориулж байгаа.
-Зодог тайлбал дасгалжуулагчаар ажиллах уу?
-Би энэ талаар бодож амжаагүй явна. Миний амжилтын карьер ид үргэлжилж байна.