Монголын дартсын спортынхны дунд Шаравсамбуугийнхан хэмээн алдаршиж, гаргасан амжилтаараа нэгэн үеийг хошуучилж ирсэн шилдэг тоглогч бол Ш.Эрдэнэтуяа. Тэрбээр Монголын дартс сонирхогчдын холбоо, “MGL darts“ клубийн тамирчин, улсын хошой аварга, ОУХМ юм. Ш.Ганзориг ахынхаа хичээллэдэг “Үйзэн” клубт дүү Ш.Ган-Эрдэнийгээ дагуулан очиж, дартс тоглохыг сурсан нь хожим энэ спортын талбарт хүчтэй өрсөлдөгч болох анхны алхам байв. Охид, бүсгүйчүүд ховорхон тоглодог байсан он жилүүдэд тэрбээр шаргуу бэлтгэл хийн 1997 онд зохион байгуулсан УАШТ-д түрүүлж, аваргаар шалгарсан. Тамирчин болох гараагаа алтан медалиар эхлүүлж, ур чадвараа ахиулсаар олон улс, тивийн тэмцээнд өрсөлдөхөөр хилийн дээс цөөнгүй алхдаг болов. 2011 онд улсын хошой аваргаар тодорч, Хонконгод 2013 онд болсон олон улсын нээлттэй тэмцээнд тивийнхээ шилдгүүдийг буулган авч хүрэл медаль хүртсэнээр амжилтын чансаагаа ахиулжээ. “Mongolian open”, “Үндэсний чансаа”, “Супер лиг”-ийн тоглолтоос иж бүрэн медаль хүртсэн түүний шилдэг тамирчныг баталсан хоёр дахь гол өрсөлдөөн нь ӨМӨЗО-ны Манжуур хотод зохион байгуулсан олон улсын тэмцээн байв. Эл тэмцээнээс дөрвөн жил дараалж хүрэл медаль зүүсэн юм. Тэгвэл БНСУ-ыг 2020 онд дүү, улсын аварга, ОУХМ Ш.Ган-Эрдэнийн хамт зорьж, “Korea open” олон улсын тэмцээнд хосын төрөлд тэргүүн байр эзлэн, аваргын цом гардсан билээ.
-Нэг айлын гурван хүүхэд спортоор тууштай хичээллэж амжилт гаргах нь ховор. Дартсын спорт ах, дүүсийг өдгөө Монголын шилдэг тоглогчдын нэг болгожээ.
-Дартсын тамирчдын олонх нь гэр бүлээрээ хичээллэдэг. Би ах, дүү хоёртойгоо хамт тоглож, тамирчны гараагаа эхлүүлсэн бол сүүлдээ нөхөр, хүү минь намайг дуурайн хичээллэж тэмцээнд оролцдог болсон юм. Хань минь одоо БНСУ-д ажилладаг. Монголд байхдаа дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцож, нэг бус удаа түрүүлж байлаа. Ах, дүү бид гурав ОУХМ цолтой. Биднийг энэ спортод дурлуулсан хүн бол Ш.Ганзориг ах минь. Би тухайн үед наймдугаар ангийн сурагч байв. Дүү бид хоёр ахыгаа дагаад Сансарт байрлах “Үйзэн” клубт байсхийгээд очно. Тэр үед олон клуб байгаагүй тул хүмүүс дартсаар төдийлөн хичээллэдэггүй байсан. Мэргэжлийн дасгалжуулагчгүй, эмэгтэй тоглогч ховор байх үед ахынхаа сум шидэхийг харж, дартс тоглох техникийг сурч билээ. Хааяа нэг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож явсаар 1997 онд зохион байгуулсан УАШТ-д аваргаар анх удаа шалгарсан минь мартагдахааргүй сайхан дурсамж болж үлджээ.
-Дартс ид тоглодог байхдаа клуб рүү сэтгэл нь тэмүүлж, хичээл хурдан тараасай гэж боддог байв уу?
-“Үйзэн” клубт очиж хурдан тоглох сон гэж хичээл тарахыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Дүү бид хоёрыг тэмцээнд оролцох үеэс ах минь дасгалжуулж, зааж зөвлөн түшиг болсон юм. Би айлын ганц охин. Ах нарынхаа хоолыг хийж өгөөд, клуб руугээ явна. Үеийн охид үзвэр үзэж байхад би зааланд бэлтгэлээ хийж өнжинө. Ахыг дагаж хичээллэсэн болохоор аав, ээж дуртай дэмжсэн. Бид одоо ч гэртээ сонирхолтой байдлаар дартс тоглодог. Бооцоо тавиад хожсон нь гэрийн ажлаас чөлөөлөгдөж, хожигдсон нь тэр өдрийн бүх ажлыг хариуцаж хийдэг юм. Ш.ГанЭрдэнэ дүүгийнх манайхтай ойр. Бид нэгнийдээ цуглаж байгаад л дартс тоглоно шүү дээ. Сүүлдээ дүүгийн минь эхнэр хүртэл сонирхож тоглосоор тамирчин болсон доо.
-Хүүхдүүдийнхээ тоглохыг харсаар байгаад аав, ээж тань тамирчнаас дутахгүй бол¬сон биз?
-Тэд минь бидний сум шидэхийг эхэндээ сонирхож хардаг байсан бол сүүлдээ тоглодог болсон. Аав “Манайханд харснаа онож, харвадаг мэргэн удам бий. Би залуудаа сайн харвадаг байлаа. Удмаа дуурайвал та гурав мундаг л явах ёстой” гэдэг сэн. Бидний дартс тоглохыг хүүхдүүд минь багаасаа харж өссөн. Бэлтгэл хийгээд дуусахаар тэд самбар буулгаж, өөрсдийнхөө сум шидэх хэмжээнд байрлуулаад тоглоно. Тэмцээнтэй өд¬рүүдэд аав, ээжийгээ дагаж ирээд тоглохыг өдөр¬жин, шөнөжин харж, маргааш нь нойроо дий¬лэхгүй унтаж өнждөг сөн. Манай хүүхдүүдээс Х.Тэргэл, Ш.Ган-Эрдэнийнхээс Ананд, Анужин нар өсвөр үеийнхний шигшээ багийн тамирчин. Тэд Англи улсад 2022, 2023 онд зохион байгуулсан өсвөр үеийнхийн ДАШТ-д оролцож, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн.
-Хүүхэд, залуусын чөлөөт цагаа өн¬гөрүүлдэг газар нь дартсын клуб байсан гэж спорт сонирхогчид ярьдаг. Тэр үед дартс тоглодоггүй айл ховор байсан болов уу?
-Тийм шүү. Нөхөр намайг эхэндээ хождоггүй байлаа. Хожихын тулд бэлтгэл хийж, ана мана өрсөлддөг болсон тэр үеэс тэмцээнд оролцож эхэлсэн. Манай хүүхдүүд утас байнга шагайдаггүй. Чөлөөт цагаараа дартс тоглодог. Ах, дүүсийн хүүхдүүд нэгнээ дуурайн хичээллэж, өсвөр үеийнхний тэмцээнд финалд шалгарч, аваргын төлөө нөгөөгийнхөө хүчтэй өрсөлдөгч болдог тохиолдол бий. Бидний хүүхдээс гадна хоёр ч ахын минь охид тоглодог. Тэд дартсын тэмцээний сонирхогчдын ангилалд түрүүллээ. Сүүлийн үед Ш.Ганзориг ах, Ш.Ган-Эрдэнэ хоёр дартсын тэм цээний хосын төрөлд охинтойгоо оролцдог болсон.
-Өсвөр үеийн тамирчид Англи улсад болсон ДАШТ-д өрсөлдөхдөө шилдэг багуудыг хожиж, Монголд дартсын спорт хэрхэн хөгжиж байгааг харуулсан шүү дээ.
-Тэд гаргасан амжилтаараа улсдаа төдийгүй дэлхийн үзэгчдийн танил болсон. Бид ч хүүхдүүдээ медалийн төлөө тоглохоор гарахад дээлийнх нь захыг мушгиад сэтгэл догдлон үзэж байв. Аль аль нь хүүхдүүдээ дэмжиж, тэмцээнийх нь зардлыг бэлддэг. Би “Монголын алт” компанийн (МАК) харуул хамгаалалтын албанд камер хянагчаар ажилладаг. Нөхөр бид хоёр хүүгээ Ази тивийг төлөөлж, гадаадын тэмцээнд өрсөлдөх үеэс нь өөрсдөө тэмцээнд оролцохоо багасгаж, амжилтад нь анхаарал хандуулдаг болсон. Англи улс өртөг өндөртэй. Х.Тэргэл дасгалжуулагч Х.Одбилэг багштайгаа тэнд хэдэн сараар байрлаж, лигийн цуврал тоглолтод оролцдог. Туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад хичээллэсэн хүүгийн минь ур чадвар жилээс жилд сайжран, өдгөө олон улсын тэмцээнүүдэд эхний гурван байрт шал¬гарч, дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
-Дартс сэтгэлийг тань соронз шиг татсаныг анзаарлаа. Ийм ээжийн хүү аварга болохоос яах вэ?
-Хүний хүсэл, сонирхол хүчтэй. Юу ч зогсоож дийлдэггүй юм билээ. Би хүүгээ анх “олдсон” цагаас хорвоод хүмүүн болж мэндлэх хүртэл нь дартс тоглосон. Төрөхийнх нь өмнөх өдөр багийн УАШТ-д оролцлоо. Бие минь эвгүйрхэж байсан ч тэвчиж, багийнхантайгаа аваргын төлөө тоглож түрүүлэв. Тэмцээн өндөрлөж, шагнал гардуулсны дараа нөхөр, дүү минь дагуулаад эмнэлэг рүү явлаа. Эмч үзээд “Та төрөх дөхсөн байна. Хувцсаа аваад хүрээд ир” гэв. Хүү минь нарт хорвоод ирэхдээ улсын тэмцээнд ээжтэйгээ хамт түрүүлсэн юм шүү дээ. Би ханьдаа их баярладаг. Намайг дуртай спортоос минь холдуулаагүй. Харин ч тууштай дэмжиж, амжилт гаргахад минь их нөлөөлсөн шүү.
-Ах, дүү гурав нэг өдөр спортын цолоор шагнуулж, гэрийнхнийгээ баярлуулж байсан гэл үү?
-Би ах, дүү хоёртойгоо спортын мастер цолыг нэг өдөр хүртэж аав, ээж, гэр бүлээ баярлуулсан. Бид тухайн үед гадаадын тэмцээнд цөөнгүй оролцож, дотоодын чансааг тэргүүлж байсан үе. Дараа нь тэд минь надаас түрүүлж ОУХМ цол хүртсэн юм. Харин би 2019 онд гардсан. Миний хувьд Хонконгод 2013 онд болсон олон улсын тэмцээнд оролцохдоо гадаадын тамирчдын сэтгэл зүй, олны дунд биеэ авч яваа соёл, стиль имиж, харилцаа, хандлага, тоглох ур чадвар, техникийг нь хараад маш их бахархсан. Тэдний олонх нь өөрийн нэрийн брэндийн сумтай, ивээн тэтгэгчтэй, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож, чансаагаа ахиулсан тамирчин байлаа. Энэ спортод амжилт гаргахын төлөө бүхнээ зориулж, шилдэг тоглогч болтлоо бэлтгэгдсэн тэдэнтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, хүрэл медаль гардсандаа баярладаг.
-Улсын тэмцээнд анх удаа түрүүлж “аварга аа” гэж дуудуулах танд ямар бодол төрүүлсэн бэ?
-Хүн бүрд “аварга аа” гэж дуудуулах сайхан санагдсан ч дасах гэж хэд хоног гайхах, баярлах зэрэгцэж байсныг мартдаггүй. Надаас илүү гэрийнхэн минь их баярласан. Дараа нь 2011 онд болсон УАШТ-д эмэгтэйчүүдийн хосын төрөлд Ц.Баатар эгчтэй хамт оролцож тэргүүн байр эзэлсэн юм. Мөн холимог хосын төрөлд дүү Ш.Ган-Эрдэнэтэйгээ оролцоод түрүүлж байв. Бидэнтэй медалийн төлөө өрсөлдсөн тамирчид тэр үед нэлээд сандарч, эмээж байсан нь санаанд тод үлджээ. Бидний тоглохыг харж, амжилтаар минь бахархаж энэ спортод хөл тавьсан хүргэн, бэрүүд бий. Тухайлбал, нэг үеэлийн минь хүргэн Г.Алтангэрэл богино хугацаанд амжилт гаргаж, аваргуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж байна.
-Та БНСУ-д болсон олон улсын нээлттэй тэмцээнд дүүтэйгээ хамт оролцохоор очихдоо тивийн аваргуудыг хараад эхэндээ сүрдэв үү?
-Хонконгийн аварга хоёр тамирчны бэлтгэл хийхийг хараад эхэндээ эмээж байлаа. Дүүдээ “Хонконгийн тамирчид ямар мундаг шиддэг юм бэ. Бухын нүд оноод байх юм” гэхэд “Зүгээр эгч ээ. Та санаа зовох хэрэггүй. Олон улсын тэмцээнд тайзан дээр тоглож сурсан, сураагүй тамирчин өөр байдаг юм” гэж зориг жууллаа. Ш.Ган-Эрдэнийн хувьд гадаадын тэмцээний тайзан дээр тоглож сурсан болохоор хуримтлуулсан туршлагаар надаас илүү. Тухайн үед софт дартсын төрөлд тэднийг хожно гэж ер төсөөлөөгүй. Аваргын төлөө тэдэнтэй тоглож 3:0- ээр хожсон. Тэд тайзан дээр тоглохдоо сандарч, алдаа их гаргасан нь хожигдоход хүргэсэн юм. Тэр үед надад “Ямар ч тамирчинтай таарсан нэр алдар, цолтой нь бус, өөртэй нь өрсөлдөх нь чухал юм байна” гэсэн бодол төрж билээ. Тэр тэмцээнд биднээс гадна Ш.Ганзориг ах, Б.Баттулга хоёр оролцож хүрэл медаль хүртсэн. Солонгосын тамирчид софт дартсаар голдуу хичээллэж, амжилт гаргадаг хэрнээ нутгийнхаа талбайд аваргын цомоо бидэнд алдаж байв. Улаанбаатар хотод “Phoenix сup Mongolia” софт буюу электрон дартсын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрөөр анх удаа зохион байгууллаа.
-Та 2019 онд болсон УАШТ-ий дан хосын төрөлд Г.Сүрэн аваргатай алтан ме¬далийн төлөө тоглоод түрүүлсэн санагдах юм.
-Тийм ээ. Үүнээс өмнөх жилүүдийн тэмцээнд Д.Эрдэнэчимэг, Г.Сүрэн аварга нартай тэргүүн байрын төлөө өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Бид тэмцээнд өгөө, аваатай урагшилсан даа. Миний хувьд ид тоглодог байхдаа Д.Эрдэнэчимэг аваргыг хожиж, түрүүлэх сэн гэж боддог байлаа. Тэр үед Г.Сүрэн залуу тамирчдаас дартсын спортод цахиур хагалж, хүч түрэн орж ирснээр аваргуудыг хожиж, шилдгүүдийн эгнээнд багтсан юм. Миний хувьд ах, дүүтэйгээ хамт гадаад, дотоодын тэмцээнд олон удаа оролцлоо. Хүртсэн шагналуудаа харахаар мөнгөн медаль ховор байдаг. Жилд 5-6 томоохон тэмцээнд оролцдог болохоор туузанд өлгөсөн медаль багтахаа больж тоогоо алдсан. Тамирчдын баяраар туузандаа улсын болон олон улсын тэмцээнээс хүртсэн медалиа зүүгээд очдог.
-Хүү Х.Тэргэл тань ДАШТ-ий багийн болон ганцаарчилсан төрөлд тус бүр хүрэл медальтай. Медалийн төлөө өрсөлдөхөөр гарахад нь өөрөө тоглох гэж буй мэт сандардаг биз?
-Хүү минь дэлхийн шилдэг 32 тамирчин өрсөлддөг лигийн цуврал тоглолтод түрүүллээ. Аав, ээжийнхээ төсөөлөөгүй амжилтыг дэлхийд гаргасан хүүгээрээ их бахархдаг. Англиас бидэнтэй өдөр бүр холбогддог байсан ч хүүгээ их санадаг байлаа. Миний хүү Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Сургуулийнх нь удирдлага, хамт олон, ангийн багш нь маш сайн ойлгож дэмждэг. ДАШТ болон лигийн цуврал тэмцээн эхлэхээр хичээлээс нь чөлөөлж оролцуулдаг. Х.Тэргэл үеийнхээ шилдгүүдтэй лигийн цувралд өрсөлдөхдөө онооны хол зөрүүгүй тоглосон. Сүүлийн тэмцээнд тэднээс хоёр оноогоор илүүрхэж түрүүлсэн юм. Дасгалжуулагч Х.Одбилэг хүүг минь Англид байх хугацаанд өөрийн хүүхдээс ялгаагүй халамжилж, тэмцээнд нь амжилттай оролцуулж, зааж зөвлөн түшиг тулгуур болж ирсэнд үргэлж талархдаг. Хүүгээ амжилт гаргах бүрд аав, ээж нь баярлаж, байрлах буудал, ирэх, очих тэмцээний зардал, хоол, хүнс гээд бүх зүйлийг нь хариуцдаг.
-Дартс бол сэтгэл зүйн спорт. Бусадтай бус, өөртэйгөө өрсөлдөж амжилт гаргадаг шиг санагдсан.
-Тийм ээ, санал нэг байна. Анхаарлаа төвлөрүүлж тоглохыг орчин нь маш их шаарддаг юм. Олон жил тоглохоор тооцоолох орон зайн мэдрэмж өндөр хөгждөг. Тэмцээний үед хурдан сэтгэх, багаар ажиллах чадвар сайн болно. Энэ спортоор ямар ч насны хүмүүс хичээллэх боломжтой. Монголд дартсын спортоор залуус түлхүү хичээллэж байна. Тэднээс Л.Шинэцэцэг “Би өмнө нь Ш.Эрдэнэтуяа эгчид байнга хожигддог байлаа. Түүнийг ялдаг болохын тулд бүтэн жил бэлтгэл шаргуу хийсэн” гээд ярьж байв. Тэрбээр намайг “Үндэсний чансаа”, “Супер лиг”-т хожчихоод үнэхээр их баярлаж билээ. Намайг ялахын тулд өөртөө маш том зорилго тавьж хичээллэсэн түүний хичээл зүтгэлээр бахархсан.