Шатраар хичээллэдэг өсвөр үеийн тамирчдаас “Эрдмийн жигүүр” сургуулийн 6a ангийн сурагч, улсын аварга Ц.Ананд цахиур хагалж, богино хугацаанд амжилт гаргаж байгаа. “Босоо ноён” клубийн дасгалжуулагч Э.Энхнар, Б.Очирсүх нарын удирдлагад бэлтгэл сургуулилалт хийсэн цагаас түүний ур чадвар жилээс жилд сайжирч, олон улсын тэмцээнд нэг бус удаа түрүүлэв. Өдгөө 2000 оноотой дотоодын чансааг тэргүүлж эхэлсэн тэрбээр насныхаа ангилалд “цойлж”, үеийнхээ шилдгүүдийг хөлөг дээр буулгаж авч тив, дэлхийн медальтан болсон. Тухайлбал, Тайландын Бангкок хотод өнгөрсөн жил зохион байгуулсан сурагчдын Азийн АШТ-д оролцохдоо 11 насны хөвгүүдийн ангилалд стандарт төрөлд (үндсэн) тэргүүн байрт шалгарч, аваргын цомтой ирсэн билээ. Тэр жилээ Итали улсыг зорьж, шатрын бодлого бодолтын өсвөр үеийнхний ДАШТ-д 33 орны 91 тамирчныг ардаа орхин жагсаалтын эхэнд бичигдэж дэлхийд данстай болсон түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Дасгалжуулагч Э.Энхнар багшийн шавь болж, шатраар хичээллэсэн түүхээ сонирхуулаач. Таныг түүний удирдлагад бэлтгэл хийж, амжилтад хүрсэн гэж ярихыг сонссон.
-Аав минь шатар хэрхэн тоглохыг надад анх заасан юм. II ангийн сурагч байхдаа сургуулиас зохион байгуулсан шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлэхэд манайхан их баярласан. Маргааш нь аав намайг дагуулж яваад “Босоо ноён” клубийн дасгалжуулагч Э.Энхнар багштай танилцуулж, удирдлагад нь хичээллүүлэхээр болов. Тэнд бэлтгэл хийж буй хүүхдүүдийг хараад “Хөөх, ямар олон тамирчинтай клуб вэ” гээд бодож билээ. Түүнээс хойш гурав дахь жилдээ хичээллэж, дотоод, гадаадын тэмцээнд оролцож байна.
-Та УАШТ-ий иж бүрэн медальтай юм билээ. Багш нар тань тамирчдаа тэмцээнд оролцохын өмнө ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Би 2023 онд болсон УАШТ-ээс хүрэл медаль анх хүртэж, амжилтын гараагаа эхлүүлж байв. Тухайн үед “Би одоо л хожихгүй бол шагналгүй хоцорно” гэж бодож, маш их хичээж тоглосон. Дараа жил нь медалийнхаа өнгийн хувиргаж, удаалсан бол энэ онд улсын аваргаар шалгарлаа. Хоёр багш ямар ч тэмцээний өмнө бидэнд “Өрсөлдөгчөөсөө сандарч, эмээлгүй тайван тоглоорой. Чанартай өрөг гаргахад хожил аяндаа ирдэг юм” гэж хэлдэг. Надад шатар тоглоод хожих нь сайхан санагддаг. Тэр тусмаа хүчтэй өрсөлдөгчдөө хөлөг дээр ялах мөч бүр ч сонирхолтой.
-Тивийн тэмцээнд цөөнгүй оролцож, шагналтай ирсэн тамирчдын нэг бол та. Тайландад болсон тивийн тэмцээнээс гадна Казахстаны Алматы хотод зохион байгуулсан Азийн АШТ-д түрүүлснийг тань саналаа.
-Казахстаны Алматы хотод болсон Азийн АШТ-ий тоглолт тун сонирхолтой эхэлсэн. Миний оролцсон анхны тэмцээн л дээ. Эхний өрөгт ОХУ-ын тамирчинтай тоглож хожив. Надтай таарсан хүүхдүүдээс Вьетнамын тамирчин хамгийн чанга өрсөлдөгч байлаа. Би түргэн тоглолтын төрөлд тивийн аварга болж, стандарт төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Надад шатрын гурван төрлөөс богино хугацаанд хурдан сэтгэж тоглох их таалагддаг. Миний хувьд үндсэн төрөлд нэг хожигдож, хоёр тэнцэн медалийн болзол хангасан. Тэгвэл блицэд (түргэн) Энэтхэгийн тамирчинд ялагдсан ч бусад өрөгт таарсан өрсөлдөгчдөө хожиж түрүүлсэн. Энэтхэгийн шатарчин надаас нэг насаар дүү ч тооцоолол сайтай тоглож, алдаа бага гаргасан.
-Шатраар хичээллэх хугацаандаа юуг түрүүлж сурав?
-Эхлээд анхаарлаа төвлөрүүлж, сайн сууж сурсан. Дараа нь бэлтгэл сургуулилалт, тэмцээний ачаалал даадаг боллоо. Тоглох түвшингээ ахиулах тусам хичээлдээ өмнөхөөсөө илүү сайжирч байгаа минь мэдрэгдсэн. Намайг тэмцээнд оролцох үед сургуулийн удирдлага, ангийн багш хичээлээс чөлөөлдөг. Тэмцээнд оролцоод ирэхэд ангийнхан минь шинэ хичээл үзчихсэн байдаг юм. Намайг Азийн аварга болоход сургуу¬лийн сурагчид баяр хүргэж, хамт олон минь алга ташин, сэтгэл өндөр угтаж авсан. Манай сургууль бага ангийн сургалттай. Сурагчид тавдугаар ангиа төгсөөд өөр сургууль руу шилждэг.
-Азийн АШТ-ээс ирснийхээ дараа бэлтгэлээ шаргуу хийж, Гүрж улсад болсон “Дэлхийн цом”-д оролцсоныг тань хэвлэлээс олж уншсан. Тэр тэмцээнд та хэрхэн оролцсон билээ.
-Миний хувьд “Дэлхийн цом”-д мөн анх удаа өрсөлдөхөөр Батуми хотыг зориход улс бүрийн шилдгүүд өрсөлдөхөөр ирсэн байв. Монголоос зургаан хүүхэд баг болж оролцсоны тав нь “Босоо ноён” клубийнх. Өрсөлдөгч ихтэй, амаргүй тэмцээн болсон. Тэмцээний сүүлийн өдөр Казахстаны тамирчинд ялагдаж, медалиас мултарсан юм. Тэндээс хоосон ирсэндээ өөрийн эрхгүй шар хөдлөөд байлаа. Дараа нь Тайландад зохион байгуулсан сурагчдын Азийн АШТ-д оролцохдоо үндсэн төрөлд алтан медаль хүртэж сэтгэл тайвширсан. Бүх өрсөлдөгчөө хожиж, нэг ч ялагдалгүй түрүүлэн аваргын цом гардахдаа бүх талаар дэмжиж тусалсан аав, ээж, багш нараараа бахархаж байлаа. “Дэлхийн цом”-ын хоёр дахь тэмцээн болоход манай клубийнхнээс И.Цэлмүүн өрсөлдөж, медальтай ирж биднийг баярлуулсан. Би медалиа тоолдоггүй. Дотоод, гадаадын тэмцээнээс хүртсэн 30 гаруй медаль бий.
-Та одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байна вэ?
-Казакстаны Алматы хотод эхлэх өсвөр үеийнхний ДАШТ-д тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай клубийнхнээс Г.Тэнгүүндалай ах бид хоёр бодлого бодолтын төрөлд хамгийн өндөр (30) оноо авч, дэлхийн аварга болсон. Би гурван хүүхэдтэй айлын дунд хүү. Амралтын өдрөөр гадаа тоглох дуртай. Хааяа чөлөөт цаг гарвал эгч, дүү хоёртоо шатрын нүүдэл заадаг юм.