
МАН-ын Бага хурлын наймдугаар хуралдааны үр дүнтэй холбоотой маргаан гарсаар байна. Ялагдсан талынхан ирц, санал хураалттай холбоотой гомдол гаргаж буй юм. Энэ талаар МАНын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан, Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар нар нь өчигдөр дахин тодруулга өглөө. Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан “Нийт гурван санал хураалт болсон. 49 хүнийг Бага хурлын гишүүнээр шинээр сонгоход 292 хүн оролцож, бүгд дэмжсэн. Дараа нь намын даргын асуудлаар эхний санал хураахаас өмнө сонгох журмыг танилцуулсан. “Санал хураалтад оролцсон гишүүдийнхээ гуравны хоёрын дэмжлэгийг авбал сонгогдсонд тооцно” гэдэг журмыг Бага хурлын 442 гишүүн гараа өргөж баталсан. Одоо сэтгэл дундуур байгаа тэр хүмүүс ч батлахад оролцсон. МАН-ын дүрэмд гуравны хоёр гэдэг босго тавьдаг ч санал хураалт хэдэн үе шаттай байхыг заагаагүй, Тооллогын комисс журмаар үүнийг зохицуулдаг. Өөрсдөө баталсан журмынх нь дагуу л санал хураасан” гэлээ. МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар “Тооллогын комисст хоёр нэр дэвшигчээс тус бүр долоон хүн санал болгосон. Сондгой гишүүнтэй байх ёстой учир өөр нэг хүн оруулж бүрдүүлсэн. Тиймээс уг комисс аль нэгнийх нь талд ажиллах боломжгүй. Маргаан гарч болзошгүй гэж үзсэн учраас Тооллогын комиссоос санал болгосон журмыг Бага хурлын нийт гишүүнээр хэлэлцүүлж, батлуулсан” гэв. Илүү санал авсан нэг нэр дэвшигч дээр дахин санал хураасантай холбоотой асуудалд Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “Өрсөлдөгчгүй байсан ч нууцаар санал хураадаг зарчимтай, өмнө ч ийм л байсан” гэсэн юм.
Г.ТӨГӨЛДӨР: Тооллогын комисс Үндсэн хууль зөрчлөө

МАН-ын хуульч Г.Төгөлдөр Тооллогын комиссыг хууль, дүрэм зөрчсөн хэмээн үзэж буйгаа мөн илэрхийлэв. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ дарга ажлаа өгөхөө мэдэгд-сэн хэдий ч албан ёсны өргөдлийг нь олж хараагүй. Түүнийг ажлаас чөлөөлөх тогтоолыг эхэлж батлаад дараа нь намын даргын сонгууль явуулъя гэж олон гишүүн хэлсэн.
Гэвч хурал даргалагч “Чөлөөлөх, томилох асуудлыг нэг тогтоолд хоёр заалтаар оруулчихъя” гэсэн. Энэ нь хэрэв хэн нэг нэр дэвшигч гуравны хоёрын санал авахгүй бол Их хурал хүртэл Л.Оюун-Эрдэнэ даргаа хийнэ гэсэн агуулгатай гэж үзэж байна. Тооллогын комисст журам батлах эрхийг хуулиар ганц л тохиолдолд өгсөн. Гэтэл тэд хуулийн зохицуулалт байхгүй гээд журмаа батлуулсан. Мөн олон санал авсан нэг хүнийг сугалж авч үлдээд, дахин санал хураах нь ардчиллын зарчмыг зөрчсөн үйлдэл. Хоёр дахь санал хураах үед Бага хурлын гишүүдээ дуудсан, утастсан. Ингэж арай хийн ирцээ хүргэсэн. Мөн хэдэн хүн хоосон санал өгөхөд уурлаж, заавал саналаа өг гэсэн. Дэмжих, үгүй нь ардчиллын зарчим. Гэтэл хуралдаа оролцсон ч санал өгмөөргүй хүмүүсийг хассан. Одоо бол тэднийг “Өөрсдөө явчихсан байсан” гээд буй. Тиймээс Тооллогын комисс Үндсэн хууль зөрчсөн гэхэд болмоор үйлдэл хийлээ. Миний хувьд хоёр хардлага байна. Бага хурлын ийм олон дүрмийн зөрчилтэй шийдвэрийг Дээд шүүхэд танилцуулах уу, эсвэл Их хурлаараа эхэлж батламжлах уу. Үнэхээр Бага хурал хууль, дүрмийн зөрчилгүй болсон юм бол намын даргыг бүртгүүлэх өргөдлөө энэ долоо хоногт Дээд шүүхэд өгөх хэрэгтэй. Удах шаардлагагүй шүү дээ” хэмээв.
С.Уул