Хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой, ном унших дуртай Э.Ариунзаяагийн сэтгэл муай тай спортод татагдах болсон нь гэрийнхнийг нь ихэд гайхшируулсан гэдэг. Охиноо тулааны төрлүүдээс хамгийн эрсдэлтэйг нь сонгож хичээллэхэд аав, ээж нь эхэндээ тийм ч дуртай байгаагүй аж. ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн интерьер дизайны ангид суралцдаг тэрбээр одоо Монголын муай тайн холбоо, “Garuda BJJ & MMA” клубийн тамирчин юм. Түүний хилийн дээс алхаж оролцсон анхны тэмцээн нь Грек улсад өнгөрсөн жил зохион байгуулсан ДАШТ. Медаль хүртэх зорилго тээж Патрас хотод хөл тавьсан ч ганзага хоосон ирсэн нь түүнийг хурцалжээ. Ялагдлаа ялалт болгохын тулд бэлтгэлээ шаргуу хийж, Тайваньд болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо вай кру төрөлд түрүүлж, тулааныхад мөнгөн медаль гардан тивийн шилдгүүдтэй эн зэрэгцэв. Вай кру нь тулааны өмнө хийгддэг ёслол, хүндлэлийн нэгэн уламжлалт зан үйлийн үзүүлбэр юм. Вай гэдэг нь мөргөж залбирах, Кру нь багш гэсэн утгатай. Энэ нь багшдаа хүндэтгэл үзүүлж буй тулааны нэгэн төрлийн бүжиг аж. Муай тайн тэмцээн хүндлэлийн уг үзүүлбэрээр эхэлж, тулаанаар үргэлжилдэг байна. Зорилгоо биелүүлсэн түүний гурав дахь том тулаан нь Вьетнамын Ханой хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон Ази тивийн АШТ байв. Тэрбээр вай кру төрөлд тивийн аваргаар тодорч, тулааныхад хүрэл медаль хүртсэн билээ.
-Бүсгүйчүүд тэр бүр хичээллэдэггүй энэ спортын юу нь танд тийм их таалагдав?
-Би муай тайгаар хичээллэнэ гэж анх зориогүй л дээ. Үүнээс өмнө бокст татагдаж, рингэнд тулалдаж үзэх сэн гэж боддог байлаа. Нэг сургуульд хамт сурдаг найз минь “Муай тайгийн тамирчдын бэлтгэл хэрхэн хийдгийг очиж үзье” гэж санал тавив. Дагаж очоод хартал тулааны талаар ямар ч ойлголтгүй надад харин ч сонирхолтой санагдаж, миний дотор орших, тэс өөр Ариунзаяаг сэрээсэн. Тэр өдөр Төмөр замын ойролцоох “Мишээл” клубт муай тай, кик боксын тамирчид бэлтгэл хийдэг болохыг нь мэдсэн юм. Хичээллэх явцад тус клубийнхний уур амьсгал, ёс зүй, хандлага, нэгдмэл байдал нь их таалагдлаа. Муай тайн найман мөчийн тулаанд гар, тохой, өвдөг, хөлийг бүрэн ашигладаг тул эрсдэлтэй спортын төрөлд багтдаг. Оролцсон тэмцээн бүрдээ хожих нь надад урам өгдөг байв. Энэ спорттой нөхөрлөхөд манайхан эхэндээ дуртай хүлээж аваагүй. Тэр дундаа аав “Чи эмэгтэй хүүхэд, ирээдүйд ээж болно. Бэртэж гэмтээд дараа нь эрүүл мэндэд чинь асуудал үүсэх вий” гэнэ. Миний хувьд ДАШТ-д оролцох нь өөрийгөө нээж, хөгжүүлэх том боломж байсан. Энэ нь ч аажмаар ээжийн бодлыг өөрчилж, дэмжих хүсэл төрүүлсэн болов уу.
-Грекийн Патрас хотод болсон ДАШТ-д оролцоогүй бол та өдийд юу хийж явах байсан бол. Энэ талаар төсөөлж боддог уу?
-Тэр тэмцээн намайг олон талаар өөрчилсөн шүү. Өнгөрсөн жил зохион байгуулсан ДАШТ-д манай улс анх удаа баг бүрдүүлж оролцуулсан нь тэр. Миний хувьд учиргүй амжилт гаргаагүй ч муай тайн онцлог, давуу талыг олж харсан. Тэр үед бид улсдаа шилдэг нь ч олон улсад бол өчүүхэн гэдгээ мэдэрч билээ. Тамирчин хүн ур чадвараа ямар хэмжээнд байгааг гадаадын тэмцээнд оролцож байж мэддэгийг ойлгосон. Монголоос ч гарч үзээгүй би Грек улсад хөл тавина гэдэгтээ нэг л итгэхгүй байв. Бид тус хотод шөнө буусан болохоор ямар хөгжилтэй газар болохыг нь анзаараагүй. Харин өглөө нь буудлын цонхоор харагдах зах хязгааргүй далайг үзээд үлгэрийн ертөнцөд ирсэн мэт санагдсан. Тэндхийн чийглэг уур амьсгал, тайван орчин, өнгө бүрээр алагласан цэцэг, навч, жүрж, нимбэгний мод гудамжинд нь ургасан нь таатай сэтгэгдэл төрүүлж билээ. Очсон өдрөө сайн амарч, нойр аваад маргааш нь бэлтгэлдээ орсон. Сугалаанд таарсан өрсөлдөгчдөө судалж, хэрхэн тулалдах талаар багштайгаа ярилцаж, төлөвлөгөө боловсруулсан даа.
-Дэлхийн дэвжээнд шилдгүүдтэй тулалдахаар гарахдаа хэр догдолж, сандрав?
-Тэмцээний үед нэг их догдлоод байдаггүй ч дэвжээн дээр гарахын өмнө жаахан сандардаг. Эхний тойрогт 57 кг-ын жинд Тунис улсын тамирчинтай таарсан. Түүний гарын хүч минийхээс илүү. Яаж ч тулалдсан бүх зүйлээр давуу байсан тул намайг хожсон. Тэр тулаан гарын ажиллагаагаа сайжруулж, хүчний дасгал түлхүү хийхийг сануулсан. Гурван раунд гурван минут тулалдахад маш их тэсвэр шаарддаг. Тэмцээний цаг дуусахаас өмнө толгойгоо ажиллуулж, хурдан сэтгэх, өөдөөс ирэх цохилтоос нь өөрийгөө хамгаалж, бэртэхгүй үлдэх л чухал. Бокс, муай тай спортод амжилт гаргахад долийн зөрүү хүртэл нөлөөлнө. Тулааны явцад өрсөлдөгчийнхөө сэтгэл зүй, харц, хөдөлгөөн, биеийн хэлэмжээс ямар арга барил, техниктэйг нь унших чадвартай байх ёстой. Жиндээ өрсөлдсөн тамирчдаас би өндөр, биерхүү ч хүч бяраар бага, сул байжээ гэж өөрийгөө дүгнэсэн. ДАШТ-ээс ирээд хүчний дасгалд анхаарал хандуулж, долоо хоногийн таван өдөрт нь сургуулилалт хийдэг болсон.
-Таныг их сургуульд сурдаг гэж сонссон. Хичээл эхлэхтэй зэрэгцээд завгүй гүйх өдөр олон болов уу?
-Намар хичээл эхлэх үеэр олон ажил зэрэг амжуулах гээд жаахан ядардаг. Өөртөө зорилго тавиад зүтгэсэн болохоор цаг хугацааг аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Ямар ч их ажилтай байсан бэлтгэлээ таслахгүй үргэлжлүүлэх, тэмцээнд оролцох, хичээлээ хийх, шалгалтдаа бэлдэх гээд бүхнийг төлөвлөж сурч байна. Би одоо ШУТИС-ийн Хөнгөн, хүнс үйлд вэрлэл, дизайны сургуулийн интерьер дизайны ангид сурдаг, III курсийн оюутан. Сургуулийн маань багш нар ойлгоод тэмцээнд оролцуулдаг болохоор итгэл, найдварыг нь алдахгүйг хичээдэг.
-Тулааны спортоор хичээллэдэг тамирчид бэртэж, гэмтэх нь их. Та ч гэсэн ийм асуудалтай нүүр тулсан л байх.
-Муай тайгаар хичээллээд удаагүй байхдаа хөлөө гэмтээж, өвдөгний жийргэвч мөгөөрсний мэс засалд орсон. Нэг жил бэлтгэл хийлгүй өнжихдөө “Би үүгээр дахиж хичээллэх шаардлагатай юу” гэж өөрөөсөө олон удаа асуусан. Гэхдээ надтай хамт хичээллэсэн охидыг УАШТ-д түрүүлэхийг хараад хөл дээрээ босохоор зориглосон. Зориг, зорилго, тэвчээр намайг тулааны дэвжээнд дахин гарах эрч хүч өгсөнд баярладаг. Би өмнө нь өөрийгөө эрх гэж боддог байлаа. Хатуухан үг хэлбэл амархан гомдож, жаахан даарвал ханиад хүрчихдэг байсан бол тамирчны амьдралаар замнасан цагаас спортын жаргал, зовлонг бие, сэтгэлээрээ мэдэрсэн. Унаж босож урагшлахдаа хатуужил тэсвэрээс суралцаж хэрсүүжлээ. Тэр үеийн Ариунзаяа одоо магтаал, шүүмжлэл дааж сурсан шазруун нэгэн болсон. Гам сахих нэрээр удаан хэвтэх надад уйтгартай санагдаж, хурдан босож явахыг өөрийн эрхгүй хүсдэг байв. Тийм үед гараад гүймээр, хүмүүстэй хөл нийлүүлээд алхмаар санагддаг юм билээ. Өөрийгөө өдөр бүр дайчилсны хүчинд эдгэрч, УАШТ-д оролцож түрүүлснээр ДАШТ-д өрсөлдөх эрх авсан. Намайг буцаад ирэхэд миний жинд (57кг) өрсөлддөг охидын олонх нь спортоос холдож, гадаад орон руу сурахаар явсан байв. Өмнө нь гар зөрүүлж байгаагүй шинэ танилуудтай тулалдахаар болсон тул багш миний давуу талд тулгуурлаж, техникээ холбох чадвар, хурд, тэсвэр, хөлийн өшиглөлт, жийлт, баруун гарын ажиллагаа, цохилтод анхаарал хандуулж бэлтгэл хийлгэсэн. Тулааны спортын тамирчид байгалиас заяасан авьяас, амжилт гаргах давуу талаа түлхүү хөгжүүлдгийг олон улсын тэмцээнд цөөнгүй оролцохдоо ажигласан юм.
-Өөрт тань үнэ цэнтэй ирсэн шагнал гэвэл та ямар тэмцээний медалиа хэлэх вэ?
-Тивийн тэмцээнд оролцохдоо жин өгсөж, 60 кг-д өрсөлдсөн. Харин сурсан бүх зүйлээ шавхаж гаргасан тулаан бол Тайваньд болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн. Эл тэмцээнд би жин хасаж, 54 кг-д тулалдсан. Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр жингээ хасах шаардлагатай боллоо. Хоол идэх, ус уухаа хасаж, халуун бүгчим агаарт хөлс, нулимсаа гартал гүйх үнэхээр хүнд. Тэр үед тамирчин байхын хэцүүг мэдэрч, шантарсандаа уйлж байлаа. Сэтгэлээр унаж багшдаа “Та энэ спортоор хичээллэхээ болих тухай боддог байсан уу” гэж асуухад “Спортод амжилт гаргах амархан байсан бол дэлхийн аварга хэдэн мянгаараа төрөх биз. Хэцүү бүхнийг давж байж чи зорилгодоо хүрнэ шүү дээ” гэв. Багшийн хэлсэн үг надад дэлхийн аваргын дайтай бэлтгэл хийж байж, амжилтад хүрэхийг сайтар ойлгуулсан.
-Та тэр үед сэтгэл зүйн хувьд арай бэлэн болоогүй байсан гэсэн үг үү?
-Тийм ээ, тэгээд л уйлсан хэрэг. Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн намайг олон зүйлээр шалгаж сорьсон. Би тус тэмцээний вай кру (үзүүлбэр) төрөлд алт, тулааныхад мөнгөн медаль хүртэж байлаа. Вай гэдэг нь мөргөх залбирах, кру нь багш гэсэн утгатай. Энэ нь багшдаа хүндэтгэл үзүүлж буй үзүүлбэр юм. Аваргын төлөө дэлхийн медальт Тайландын тамирчинд онооны хол зөрүүгүй ялагдсан. Дараа нь жаахан тэсээд, хичээсэн бол түрүүлэх байжээ гэж харамссан. Хүн өөрийгөө ялсан цагт амьдралд нь юу ч тулгарсан даваад гарах сэтгэлийн тэнхээтэй болдог.
-Вьетнамын Ханой хот танд хэр сэтгэгдэл төрүүлсэн бэ. Тэндээс ямар бодол тээж ирснээ сонирхуулаач.
-Ханой Азийн орнуудын хотоос по шөлтэй хоол, өндөгтэй кофегоороо алдартай. Жин хасаж байгаа үед по шөл уухад стресс, ядаргаа хурдан тайлагддаг. Кофе нь хамар цоргим үнэртэй, сэнгэсэн амттай. Иргэд нь ажилсаг, хөдөлмөрч. Үйлчилгээний байгууллагуудаас дэлгүүр нь эрт онгойж, эрт хаадаг юм билээ.
Тэнд болсон Азийн АШТ-ий тулааны төрөлд мөнгөн медалийн төлөө мөн Тайландын дэлхийн дөрвөн удаагийн аварга тамирчинтай өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн. Тивийн хоёр ч том тэмцээнээс намайг медаль гардахыг харсан гадаадын тамирчид мэнд устай явах болсон юм. Тэр ч хэрээр найз нөхдийн хүрээлэл тэлж, фэйсбүүк, инстаграмаар тэмцээний талаарх мэдээлэл хуваалцдаг боллоо.
-Муай тай бол Тайланд улсын үндэсний спорт. Тиймээс шилдэг тамирчидтай. Та тэдний нэгтэй нь тулалдахдаа ялахад амаргүйг мэдэрсэн байлгүй.
-Эзэн орны тамирчинтай тулалдахдаа миний гаргасан нэг дутагдал бол зайнд нь орж өвдөглүүлээд оноо алдсан. Тулааны үед өөрийн талд хожлыг эргүүлэхийн тулд бүх боломж, нөөцөө ашиглах хэрэгтэй болдог. Муай тай Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт багтсан нь зуны олимпын тэмцээний төрөлд ороход ойрхон буйг илэрхийлж байна. Азийн цом, Ази тивийн АШТ-ий вай кру төрөлд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглэхийг сонсох мөч миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн. Яг тэр үед эх орноороо бахар¬хаж, “Ингэх гэж л би хөдөлмөрлөсөн. Ийм агшныг харах гэж хичээсэн шүү дээ” гэж бодохоор өөрийн эрхгүй огшиж, баярын нулимс гардаг юм билээ. Тайваньд болсон тэмцээнд Төрийн далбаагаа мандуулсан бол Вьетнамд Төрийн дууллаа эгшиглүүлсэндээ баярладаг. Миний хувьд тулааны төрөлд ч гэсэн түрүүлэхийг зорьж байгаа.
-Та одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байна вэ. Сингапур, Хонконгод хоёр том тэмцээн болох сураг дуулдсан.
-Гурван том тэмцээн хүлээж байна. Сингапурт ирэх сард “Монголчуудын эсрэг Сингапур” гэсэн нэртэй бүсний төлөөх тэмцээн эхэлнэ. Зохион байгуулагч орон тус тэмцээнд Монголын тамирчдыг оролцохыг урьсан. Манайхаас дөрвөн тамирчин өрсөлдөхөөс би 57 кгын жинд тулалдах юм. Эл тэмцээний дараа Хонконгод арванхоёрдугаар сард зохион байгуулах Зүүн Азийн АШТ-д 54 кг-д өрсөлдөнө. Малайзад ирэх жилийн гуравдугаар сард ДАШТ болно. Бүгдээс нь медаль хүртэх зорилго тавиад бэлтгэлээ базааж байна. Миний хувьд өглөө хичээлдээ явж, өдөр нь бэлтгэлээ базаадаг болохоор гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх цаг хугацаа багассан. Чөлөөт цаг гарвал ном уншин, гэртээ амарч өнгөрүүлэхийг хичээдэг. Спортын орчинд клубийнхээ тамирчидтай ихэнх цагийг өнгөрүүлдэг болохоор гэр бүлээс минь ялгаагүй санагддаг болжээ.
-Хүмүүс зун орон нутгаар их аялдаг болсон. Зав гаргаад найзуудтайгаа зугаалав уу?
-Хүмүүсийг зун аялж явахад би амрах завгүй хөдөлмөрлөж байлаа. Аав, ээжээрээ сургалтын төлбөрөө алийн болгон төлүүлэх вэ гэж бодоод ажил хийсэн. Бэлтгэл байнга хийнэ гэж юу байх вэ. Хааяа хөгжим сонсож, бүжиглэх дуртай. Бие дааж бүжгээр хичээллэдэг. Интерьер дизайны чиглэлээр сурч байгаа болохоор зураг зурах сонирхолтой. Миний хувьд энэ спортыг эх орондоо хөгжүүлэхийн тулд амжилт гаргаж, хувь нэмэр оруулахыг хүсдэг. Тамирчин хүн өрсөлдөгчийнхөө давуу талаас суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг. Алдаанаасаа суралцах тусам дараагийн тэмцээнд өмнөхөөсөө илүү хүчтэй өрсөлдөгч болж ирдгийг өөрөө ч харууллаа, өрсөлдөгчөөсөө ч харлаа.