Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хан Хэнтийн дархан цаазат, тусгай хамгаалалттай болон Онон, Балжийн байгалийн цогцолбор газар бол Их Монгол Улсын, Эзэн богд Чингис хааны түүхтэй салшгүй холбоотой нутаг. Дэлүүн болдог, Бурхан халдун, Хорхунаг жабурын хөндий, Онон мөрөн гээд “Монголын нууц товчоо”-ноо олонтоо дурдагддаг түүхэн дурсгалт газрууд энэ хоёр бүсэд бий. Хан Хэнтийн дархан цаазат газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө зэрэг сумын нутаг дахь 1 748 109.89 га талбайг хамран оршдог юм. Мөн Онон мөрнийг бүрдүүлэгч Барх гол, түүний цутгал болсон жижиг гол, горхиуд нь Онон, Балжийн байгалийн цогцолбор газарт хамаардаг.
Тэгвэл энэ нутгийн нэгээхэн хэсэгт нэгэн компани алт ухаж, байгаль орчинд сөрөг нөлөө учруулж байгаа ч холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авч чадахгүй олон жил болж байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумын хилийн зааг Сайханы голын голдирол дунд “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан хууль зөрчин алт олборлож байгаа юм. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе.

Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫН БАТЛУУЛСАН “УРТ НЭРТЭЙ” ХУУЛЬ УУГУУЛ НУТАГТ НЬ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын далай даян дархан аварга Б.БатЭрдэнэ хэмээн цоллуулж асан их аварга маань уугуул нутгаасаа төрийн түшээгээр нэг бус удаа сонгогдон хууль тогтоолцож байв. Түүний санаачлан батлуулсан эрх зүйн баримт бичгүүдийн нэг бол “Урт нэртэй” хэмээн алдаршсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль юм. Энэ хуулийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.
Тэгвэл хуулийн энэ заалтыг зөрчин “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан Сайханы голын голдирол дунд, ойн сантай залгаа шахам газарт алт ухаж байгааг нутгийн иргэд, холбогдох байгууллагынхан баталж буй юм. Зураг дээрээс ч энэ нь тод харагдаж байгаа нь лавтай. Баатарын Баяраа гэх эзэнтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт төв оффис нь байрладаг, МV-006505 тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компанийнхан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайландаа “Төсөл Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт хэрэгжинэ” хэмээн тусгаж, зөвшөөрөл авчээ. Гэтэл Батширээтийнхэд бус, Сайханы голын баруун эрэгт Өмнөдэлгэрийн нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. 2017 онд уг тайланг тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлэхдээ гүйцэтгэх захирал нь Л.Батаа гэх хүн байжээ. Батширээт сумын төвөөс баруун хойш 70 км зайтай газарт хэрэгжинэ хэмээсэн уг уурхай үйл ажиллагаагаа 2009-2010 онд явуулж эхэлсэн ч дээрх “Урт нэртэй” хууль батлагдсанаар 2015 он хүртэл зогссон гэнэ.
Ингээд 2017 оноос үйл ажиллагаагаа сэргээхээр болж, өмнөх жил нь орон нутгийн иргэдээс санал авахад, Батширээт сумын болон Барх багийнх нь тухайн үеийн удирдлага нь “Барх багийн нутаг дахь Сайханы голын МV006505 тусгай зөвшөөрөл бүхий “Алтайхангай бүрд” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг дэмжин уламжилсугай, ашиглуулсугай” гэсэн тогтоол батлан холбогдох байгууллагад хүргүүлсэн аж. Тухайн үед гүйцэтгэх захирал байсан Л.Батаа Барх багийн иргэдэд “Сайханы голоос 54 метр газарт алт угаана” гэж байсан бөгөөд зарим иргэн нь үүнийг эсэргүүцэж, өвөлжөө, хаваржааны газар, хадлангийн талбайгаа авч үлдэнэ хэмээжээ. Гэвч Батширээтийн удирдлага алт олборлох үйл ажиллагааг дэмжчихсэн байна. Харамсалтай нь, “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан нутгийн Иргэдийн нийтийн хуралд нь танилцуулсан Барх багийн нутаг, Сайханы голынхоо зүүн эрэгт бус, Өмнөдэлгэр сумын нутагт олборлож байна. Өөрөөр хэлбэл, өмнөдэлгэрчүүд, тус сумын Хэнтий багийн иргэдийн саналыг нь сонсолгүйгээр ухсаар байна.

УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН Ч ЦАГДААГИЙНХНЫ ЛАЦЫГ ТАСДАН АЖИЛЛАХ БОЛЖЭЭ
Дээрх хоёр сумын хилийн зааг дахь, Онон, Балж голын урсцыг бүрдүүлэгч Сайханы голд алт олборлож буй “Алтайхангай бүрд” ХХК-д уул уурхайн үйл ажиллагаа явуулахад нь зориулж, 378.49 га талбай олгожээ. Үүнийгээ ХААН банканд барьцаалсан баримт, тэмдэглэл АМГТГынханд бий. Уг нь “Алтайхангай бүрд” ХХКийнхан БОАЖЯ, АМГТГ, МХЕГ, Хэнтий аймгийн Засаг даргатай 2020 онд нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээнийхээ 2.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Усны тухай хуулийн 22.2-т заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцаан өгөх бөгөөд тухайн бүсэд нөхөн сэргээлтээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох, усны санг бохирдуулахыг хориглоно” гэж заажээ.
Тэгвэл нутгийн иргэд буюу Өмнөдэлгэр сумын цөөнгүй хүн “Энэ компани хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байна” гэж дүгнэж буй юм. Тодруулбал, Сайханы голын голдирол дунд алт олборлож, шороо овоолж байгаа нь Усны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс энэ асуудлыг Өмнөдэлгэр сумын ИТХ, холбогдох байгууллагынхан сөхөж аймгийнхаа хуулийн байгууллагад ч хандсан юм байна. Харамсалтай нь “Алтайхангай бүрд”- ийнхэн хууль хяналтын байгууллагынхны үйл ажиллагааг үл ойшоож, битүүмжлэн лацадсан тоног төхөөрөмжүүдийнхээ лацыг тасдан ажиллуулсаар байгаа гэнэ. Өмнөдэлгэр сумын ИТХын төлөөлөгч Д.Энхбаатар тус компанийн үйл ажиллагаанд ихэд шүүмжлэлтэй ханддаг нэгэн.
Тэрбээр “Алтайхангай бүрд” ХХК-ийг шалгах ажлын хэсэгт багтан газар дээр нь ч ажилласан юм байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа өнгөрсөн долоодугаар сард “Манай сумын Хэнтий багийн нутаг, Сайханы гол дагуу үйл ажиллагаа явуулж, алт олборлодог “Алтайхангай бүрд” ХХК-д хяналт шалгалтаар очоод ирлээ. Шалгалтаар очиход тус компанийнхан үзүүлж харуулах ямар нэг бичиг баримт байхгүй, сум орон нутагт үйл ажиллагаагаа эхэлж байгаагаа мэдэгдээгүй, байгалийн үзэсгэлэнт газрыг маань гол горхитой нь хамт олон жил ухаж ашиг хонжоо хайж, манай сумд хийсэн бүтээсэн зүйлгүй, татвар төлөхгүй арай л дэндүү дураараа загнаж байна даа. Манай ажлын хэсгийнхэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нь лацдаж, холбогдох газруудад тоот явуулж, яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Энэ нутаг эзэнтэй, эзэн нь бид гэдгийг ойлгуулахгүй бол цаашид нутаг минь уул уурхайн орон болж магад гэсэн эмзэглэл төрж байна” хэмээн бичсэн байв. Энэ ажлын хэсэгт нь Өмнөдэлгэр сум дахь экологийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагч, өөр бусад албаны хүмүүс багтсан юм байна.

Ийнхүү лацдаж, битүүмжлээд удаагүй байхад нь “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан тасдаад голын голдирол дунд алтаа ухаж эхэлжээ. Энэ талаар аймгийн ЗДТГ-аас “Алтайхангай бүрд” ХХК нь байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийлгээгүй, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, Сайханы голоос ус зөвшөөрөлгүй татан авч алт угаах үйл ажиллагаанд ашигласан зэрэг зөрчлүүд илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтаар үйл ажиллагаа явуулах, ашигт малтмал олборлох ажлыг зогсоох саналыг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж, гурван сая төгрөгийн торгууль шийтгэл хүлээлгэж, дээрх хуулийн 7.15-2 дахь заалтаар зөрчлийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна” хэмээсэн албан бичгийг дээрх ИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаатарт хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 7.1.1- ийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу торгосон байна. Мөн 7.15-2-ын “Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу хэрэг нээгээд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй юм.
Уг нь аливаа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд ч, холбогдох хууль журмаараа ч сумд санхүүгийн дэмжлэг үзүүлж, төлбөр төлдөг. Гэтэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн нутаг, Сайханы голд алт олборлож буй “Алтайхангай бүрд” ХХКийнхан орон нутагт ямар ч төлбөр төлдөггүй, дэмжлэг үзүүлдэггүй нь харамсалтай. Тийм атлаа холбогдох хуулийн байгууллагынхны битүүмжилсэн лацыг тасдан ажилладаг нь хэн нэгэн эрх мэдэлтний нөмөр нөөлөгт байж, дураараа дургидаг гэлтэй. Тэднийг хазаарлах хүч орон нутгийнханд алга гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм.