Монголын пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавыг анх хараад хөгжлийн бэрхшээлтэй хүн ч энэ спортоор хичээллээд амжилт гаргах боломжтой юм байна гэх итгэл төрсөн гэдэг. Байт харваатай нөхөрлөсөн цагаасаа түүний хүү дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад бэлтгэл базааж, дотоод, гадаадын тэмцээнд оролцдог болсон юм. Багш, шавь хоёрыг амжилт гаргаж, тив, дэлхийн медальтан болоход долоон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр хатуужлынх нь үр дүн их нөлөөлжээ. 2024 он түүний хувьд үүрэг, хариуцлага өндөртэй, паралимпийн наадмын эрх олгох тэмцээнүүдэд амжилттай оролцох жил байлаа. Дубайгаас Парисыг зорих эрх өвөртөлж, Францад цэц сорьсон ч өрсөлдөгчдөө онооны хол зөрүүгүй ялагдаж, медалиас атгаад алдсан нь түүнийг хурцалсан юм. Түүний хувьд 2025 онд бэлтгэлээ чамбайруулж, туршлага чамгүй хуримтлуулснаа, алдаанаасаа суралцаж, улам хүчирхэг болсноо харуулсан онцгой жил болж байна. БНСУ-ын Гванжу хотод өнгөрсөн сарын сүүлчээр болсон ДАШТ-д ОУХМ Н.Мөнхбаатар, Б.Оюун-Эрдэнэ нартай хамт орoлцож, 28 орны 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчинтай өрсөлдөн, холимог болон эмэгтэйчүүдийн багийн төрөлд тус бүр түрүүлсэн билээ.
-Монголчуудын хувьд аравдугаар сар онцгой болж байна. Сонирхогчийн бокс, холимог тулаан, пара байт харвааны ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдын баярт мэдээ спортын хорхойтнуудыг хэдэн өдөр огшоолоо. БНСУ-ын Гванжу хотоос ямар бодол өвөртөлж ирснээс тань ярилцлагаа эхэлье.
-Тамирчид энэ сард Төрийн дууллаа спортын олон төрөлд эгшиглүүллээ. БНСУ-ын Гванжу хотод энэ удаа зохион байгуулсан ДАШТнадад олон зүйлийг бодогдуулсан. Өмнөхөөсөө илүү зүйл сурч өөрийгөө дахин нээсэн, ур чадвар, сэтгэлзүйгээ шалгасан нэг том сорил байлаа. Тэмцээн бүр амжилтаас гадна бодох, дүгнэх зүйл өгдөг. Энэ удаад тэвчээр, анхаарал, сэтгэл зүйн тогтвортой байдал ямар чухал болохыг ойлголоо. Тиймээс тэр бүхнийг хөгжүүлж, дараагийн зорилгоо нарийн төлөвлөхийг хүсэж байна.
-Тамирчин хүн зорилгоо биелүүлнэ гэдэг өндөр үүрэг, хариуцлага шиг санагддаг. Аваргын төлөөх өрсөлдөөн танд алдах эрхгүйг сануулж, олон зүйл бодогдуулсан биз?
-Тийм ээ, зорилгоо биелүүлэх мөч бол баяр баяслаас гадна маш их хариуцлага мэдрэгддэг үе байдаг. Аваргын төлөө өрсөлдөх үед “Алдаж болохгүй” гэх бодлоос гадна, “Хийж чадах бүхнээ гаргах ёстой” гэсэн итгэл төвлөрөл илүү бодогдсон. Спортод ялалт, ялагдал аль аль нь байдаг. Гэхдээ надад хамгийн чухал нь тухайн мөчид өөрийн бүх хүч, хөдөлмөр бэлтгэлийн үр дүнг гаргаж чадсан эсэх юм.
-Европын багуудаас Италийн харваачид дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Холимог багийн төрөлд тэдэнтэй алтан медалийн төлөө цэц сорих мөч дэлхийн үзэгчдийг гайхшируулсан. Гадаадын дасгалжуулагчид Монголын тамирчдыг хэрхэн дүгнэсэн нь сонирхол татаад байна.
-Холимог багийн харваа үнэхээр өрсөлдөөнтэй болсон. Би спортын мастер Н.Мөнхбаатартай харвасан. Итали улсын тамирчидтай 4:4 өөр-тэнцсэний дараа shoot off харваанд эсрэг багийнхан 10, 9 харваж, бид хоёр 10, 10 харваснаар хосын төрөлд аварга болж чадсанюм . Тэмцээний дараад бусад орны дасгалжуулагч болон тамирчид бидэнд баяр хүргэж, бас дэмжиж байлаа. Түүнчлэн багшийг минь тамирчдаа маш сайн бэлджээ гэж магтаж байв.
-Тухайн улс ДАШТ-д ямар баг илгээсэн нь тэмцээнээс харагдсан шүү дээ. Словени, Австралийн харваачдыг ямар тактикаар ялав?
-Словени болон Австралийн баг харвалт болон онооны хувьд өндөр оноотой тамирчидтай. Н.Мөнхбаатар бид хоёр харвахаасаа өмнө харвалтын дараалал, цагийн хуваарилалтаа тохирсон. Тэмцээний үеэр бие биеэ дэмжихээс гадна нэгнийхээ алдсан оноог нөхөн харвасан нь тэднийг ялахад хүргэсэн байх.
-Шигшээд шалгарсан БНХАУ-ын харваачид Монголын багаас илүү Италийн харваачдыг буулгаж авахыг хамгийн их хичээсэн болов уу.
-Б.Золбоо дасгалжуулагч Н.Мөнхбаатар бид хоёрын сумыг дурандан зааж зөвлөхөөс гадна бидний суманд явж оноонуудыг Хятадын дасгалжуулагчтай хамт онооны самбарт хийж байсан.Монголын баг 5:1-ээр хожиход Хятадын тамирчдын хувьд төсөөлөөгүй ялагдал нь байсан тул их гайхсан нь гарцаагүй. Тэд итгэхгүй оноогоо шалгаж байсан гэж багш тэр үед хэлж байлаа . Бидний харвалт тухайн үед жигдрээд гоё болчихсон байсан үе.
-Аварга болох, эсэхийг шийдэх харваанд багийнхаа тамирчдад дасгалжуулагч Б.Золбоо ялалтад хөтлөх ямар зөвлөгөө өгөв?
-Багш “Болох ёстой зүйл болдгоороо болоод өнгөрнө. Тиймээс алдлаа гэж харамсахгүйгээр дараагийн харвалтаа л чамбай харваарай” гэж зөвлөсөн. Тэмцээнийхээ шагналын салхийг эмэгтэйчүүдийн багийн төрөлд алтан медалиар хагалсан нь надад эрч хүч өгч, урам зориг төрүүлсэн юм. Б.Оюун-Эрдэнэ эгч бид хоёр эзэн орны багийг 6:0-ээр буулгаж авсан нь дараагийн холимог багийн төрөлд харвахад чадах юм байна гэсэн итгэл өгсөн дөө.
-Эмэгтэйчүүдийн багийн харваанд хэн, хэн нь туршлага хуримтлуулснаа харуулж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Турк (5:4), Италийн багийг (6:2) хожиж, шигшээд шалгарах гол төлөвлөгөө юу байсан бол?
-Б.Оюун-Эрдэнэ эгч бид хоёр харвахаасаа өмнө дарааллаа хэдийн ярилцчхаад талбайд гарсан. Хоёулаа хурдан харвадаг болохоор цагтаа багтахгүй гэсэн айдас байгаагүй. 2023 оны ДАШТ-д бид Туркийн багтай хүрэл медалийн төлөө харваад багахан онооны зөрүүгээр хожигдож, IV байрт орсон юм. Тиймээс энэ удаа заавал тэднийг ялна гэсэн бодолтой байв. Энэ тухай хоорондоо ярилцаагүй ч бие сэтгэлээрээ бол илүүрхэх бэлтгэлтэй байсан. Ялсны дараа Б.Оюун-Эрдэнэ эгч өөртөө итгэлтэй болж, Италийн багийнхантай харвах харвалтыг сайтар тооцоолж чадсанаар алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
-Та хоёр гадаадын тэмцээнд цөөнгүй оролцсон тул тэмцээний үед нэгийнхээ сэтгэл зүйг мэдэрч, ойлголцон, алдаа, оноогоо нөхөж чадсан нь түрүүлэхэд нөлөөлсөн болов уу.
-Бид 2021 оноос хойш олон улсын тэмцээнд хамт оролцлоо. Бэлтгэл хамт хийдэг учраас нэгийнхээ зан чанар, хандлага, сэтгэл зүйг сайн ойлгодог болсон. Хэзээ ямар зөвлөгөө өгөх, хаана нь анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатайг мэдэрч чаддаг нь бидний нөхөрлөлийг бат болгосон. Мөн хаана ч явсан нэг өрөөнд байрладаг болохоор тэмцээний өмнө болон дараа нь бодол, мэдрэмж, төлөвлөгөөгөө байнга хуваалцдаг. Харилцан ойлголцол, итгэлцэл бидний амжилтын гол түлхүүр болдог.
-Итали улс шигшээ багаа хоёр ч төрөлд Монголын харваачдад ялагдана гэж төсөөлөөгүй байх. Дасгалжуулагч, тамирчдаас тийм байдал анзаарагдав уу?
-Итали улс байт харвааны спортод тогтмол амжилт гаргадгаараа дэлхийд танигдсан. Тэд ямар ч тэмцээнд түрүүлэх зорилготой оролцдог учраас манай багтай тоглох үедээ ч өндөр төвшинд бэлтгэгдсэн байлаа. Тэмцээний үеэр тэднээс ямар нэгэн сандарсан, хүлээж байгаагүй өнгө аяс мэдрэгдээгүй. Харин шийдвэрлэх харвааны дараа биднийг хүндэлж, баяр хүргэсэн нь спортын талбар дахь соёлыг харуулсан гэж бодож байна. Монголын харваачид дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрснээ мэдрэх тэр мөч хамгийн үнэ цэнтэй байлаа.

-Эзэн орны багийнхан тив, дэлхийн, олимпын наадмын тэмцээнээс хоосон буцсан удаагүй. Аваргын төлөөх харваанд манайхан тэднийг 6:0-ээр хожиж, шилдгүүдийн түвшинд хүрснээ харууллаа шүү дээ.
-Тийм ээ. БНСУ-ын эмэгтэйчүүдийн баг энэ удаад мөнгөн медаль хүртсэн. Мөн бусад төрөлд ч амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Тэднийг амжилтад хөтөлдөг зүйл нь багийн дотоод зохион байгуулалт. Нэгдмэл байдал нь бахархал төрүүлдэг. Бид тус улсын дасгалжуулагч, тамирчидтай өмнөх тэмцээнүүдээс хойш ойр дотно харилцах болсон юм. Хэдийгээр нэгнийхээ хүчтэй өрсөлдөгч ч гэлээ энгийн үед найз нөхдийн журмаар туршлага солилцдог.
-Танд тэр үед АНЭУ-ын Дубайд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн дурсамж тань бодогдов уу?
-АНЭУ-ын Дубай хотод 2022 онд болсон ДАШТ-ий эл төрөлд Б.Жавхлантөгстэй оролцохдоо Энэтхэг улсын багийг ялж, хүрэл медаль авч байсан маань саяхан мэт бодогдож байна. Тэр тэмцээн бидэнд багийн төрөлд олон улсын түвшинд амжилт гаргах хэмжээнд хүрснийг мэдрүүлсэн. Тэр итгэл найдвар хойшдын тэмцээнд зорилгоо тодорхой болгоход минь томоохон түлхэц болсон шүү.
-Та сүүлийн хоёр паралимпэд медалиас атгаад алдсан. Парисын паралимпээс хойш олон сар бодсон зорилгоо ч биелүүллээ. Одоо л сэтгэл тань уужирч байна уу?
-Сүүлийн хоёр паралимпийн дараа өөрийгөө олон талаас нь шинжиж дүгнэсэн. Өнгөрсөн хугацаанд “Яагаад” гэдэг асуултдаа хариулт хайж, сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй болохын тулд өөртэйгөө их ажилласан. Энэ удаагийн тэмцээн надад өмнөх туршлагаа давсан, өөрийгөө ялж, өөрчилж чадсаныг минь мэдрүүлсэн баярт мөч байлаа. Одоо бол сэтгэл уужирч, дараагийн шат руу илүү зоригтой алхах итгэлтэй болсон.
-Тамирчид хэрхэн хөдөлмөрлөснөө бэлтгэл, сахилга бат, хичээл зүтгэл, ур чадвараараа харуулдаг. Өмнөх тэмцээнүүдийнхээ алдаа, дутагдлыг засаж, өөрийгөө сайтар бэлдсэн нь ч анзаарагдлаа.
-Тийм ээ, үнэхээр зөв хэллээ. Энэ тэмцээнд оролцохын өмнө би бие, сэтгэл зүйн хувьд маш сайн бэлтгэл хийсэн. Өмнөх тэмцээнүүдийн алдаанаас суралцаж, өөрийнхөө дутагдлыг ухаарч, засахыг зорьсон. Бэлтгэлийн үед техникээ сайжруулах бус, анхаарлаа төвлөрүүлж, тайван байх, тэмцээнд сэтгэл зүйгээ зөв удирдах тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой анхаарлаа. Амжилт гаргасан минь зөвхөн харвах ур чадвар бус, олон сар тууштай бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлсний үр дүн юм.
-Манай тамирчид ДАШТ-ээс анх удаа хошой алтан медальтай ирлээ. Аливаа зүйлд анхдагч байна гэдэг сайхан ч амжилтаа бууруулахгүй байх том үүрэг шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ, санал нэг байна. Эхний медалиа хүртэхдээ “Сэлэнгээ чи чадлаа, зорилгоо ч биелүүллээ” гээд хэлж байсан бол хоёр дахь медиалаа авах мөчид үүрэг, хариуцлага дагаад ирснийг мэдэрсэн. Тэр үед дараагийн тэмцээнд заавал амжилттай оролцохгүй бол болохгүй юм шиг мэдрэмж төрж билээ.
-Та ганцаарчилсан төрөлд ч оролцож, шигшээ наймд шалгарсан. Энэ удаа өмнө нь тив, дэлхийн, олимпын наадамд өрсөлдөж байсан шилдгүүдтэй таарав уу. Тайландад болсон Азийн АШТ-д Индонезийн тамирчин Вахюретно Вуландариг ялсан түүх танд бий л дээ.
-Хоёр ч тэмцээнд Индонезийн тамирчинтай таарч хожсон. Энэ удаагийн ДАШТ-д би эхлээд Энэтхэг, дараа нь “Токио 2020” паралимпид ялагдаж байсан Польшийн тамирчныг буулгаж авсан. Тэдний дараа Италийн Элизабет Мижнотой таарч хожигдсоноор VIII байрт орж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Би одоогоор суралцаж яваа. Цаашид ч суралцсаар л байх болно. Итгэл минь өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг ДАШТ мэдрүүлдэг. Өөрийгөө сорьж, алхам тутамдаа хөгжиж буйгаа харах надад ч сайхан байдаг.
-Олон зүйлээр сорьж, үнэ цэнтэй ирсэн медаль цөөнгүй бий л байх. Ямар тэмцээний шагнал сэтгэлд тань илүү хоногшиж үлдэв?
-Тайландад 2023 онд болсон тивийн тэмцээний шагнал. Миний хувьд их онцлогтой тэмцээн болсон юм. Пара байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харвааны хүрэл медалийг анх удаа хүртэж байлаа. Мөн паралимпийн эрхийн тэмцээнд III байрт шалгарч, хүрэл медаль хүртсэн ч эрхээ авч чадалгүй, яг өмнүүрээ таслуулж байв. Нэг л алхам дутсан тэр тэмцээн намайг сэтгэлээр их унагасан, бас цаашдын зорилгоо илүү сайнаар төлөвлөх боломж олгосон. Би тэр үед хойшид хэрхэн үргэлжлүүлэх тухай чухал шийдвэрүүдээ гаргасан.
-Тамирчны амьдралаар замнаад та цөөнгүй жилийг үджээ. Өнгөрсөн хугацаанд гэрийнхнээсээ сонссон хамгийн сайхан үгээ хуваалцаач.
-Хоёр сайхан ээж минь болон гэр бүлийн хүн маань намайг бүх талаар дэмждэг. Тэд надад хэзээ ч эргэлзэж байгаагүй. Намайг “Чи чадна аа” гэж үргэлж урамшуулдаг. Тийм болохоор би өөртөө итгэлтэй байдаг.
-Буудлагын тамирчид бусадтай бус, өөртэйгөө өрсөлдөж амжилт гаргадаг гэж ярихыг нэг биш удаа сонссон. Байт харваа ч гэсэн адил санагддаг.
-Байт харвааны спортод тухайн тамирчин салхины зүг, чигийг зөв тооцоолж техникийн дагуу харвавал онодог. Тиймээс л намайг өөртөө дахин дахин дурлуулдаг юм. Эхэндээ ч энэ бүхэн хэцүү санагддаг байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр суралцаж урагшилж явна.
-Одоо шигшээ багийнхан ямар тэмцээнд оролцох вэ. Монголчууд хэдхэн сарын дараа 2026 оныг угтаж авах нь. Танд хийхээр төлөвлөсөн, хэрэгжүүлэхээр зорьсон ямар зүйлүүд байна вэ?
-БНСУ-ын Гванжу хотод болсон ДАШТ энэ жилийн сүүлийн тэмцээн байлаа. Оноос өмнө эрүүл мэнддээ анхаарч, улам сайжруулахын тулд сувилах зорилготой байна. Ингэснээр дараагийн тэмцээнүүдэд бэлэн байх явдал юм.