Энэ хичээлийн жилийн бүтцийг гурван улирал, бие даалтын долоо хоног, X-XII ангийнхан цахим сургалттай байхаар шинэчлэн баталсан. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулах юм. I улирлын бие даалтын долоо хоног аравдугаар сарын 20-24-ний өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр эхэлж буй. Багш нар ажил хаясантай холбоотойгоор өнгөрсөн пүрэв, баасан гарагт ихэнх сургууль хичээллээ¬гүй. Үргэлжлүүлэн бие даалтын өдрүүдтэй золгож буй учраас сурагчдыг цагаа төлөвлөн үр бүтээлтэй өнгөрүүлэхийг Боловсролын ерөнхий газраас уриалжээ.
Бие даалтын долоо хоногт хувь хүний хөгжил, эрүүл мэнд, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, соёл, урлаг, спортын арга хэмжээ болон сургалт, үйл ажиллагаанд нэгдсэн зохион байгуулалттай оролцохыг салбарын яамнаас нь чиглэл болгожээ. Үүний хүрээнд Богд хааны ордон, Чингис хааны, Монголын үндэсний, Дүрслэх урлагийн, Улаанбаатар хотын музей болон Хүүхдийн төв сангийн үйл ажиллагаатай танилцах боломжтой юм.
Тухайлбал, Хүүхдийн төв номын сан сурагч¬ дын бие даалтын долоо хоногт зориулан хүүхдүүдийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих, эерэг харилцааг төлөвшүүлэх, бүтээлч орчныг бий болгох зорилготой арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, сургуулиуд сурагчдаа тус номын сангийн орчин, үйл ажиллагаатай танилцах аялал, “Үлэг гүрвэл”, “Өв соёл” зэрэг танин мэдэхүйн хөтөлбөр, мөн сэтгэл зүйн сургалт, бүтээлч ажлуудад хамруулж болох нь. Түүнчлэн Үндэсний номын сангийнхан “Соёл түгээе” аяны хүрээнд 0-5 насны хүүхдэд ном уншиж өгч, харилцан ярилцаж, үлгэрийн үйл явдлуудаар зураг зурах арга хэмжээ өрнүүлж буй. Үлгэрийн цагийн дараагийн арга хэмжээ энэ сарын 25-нд болох юм байна.
Мөн Байгалийн түүхийн музей энэ долоо хоногийн турш 09.00-12.00, 14.00-16.00 цагт музейн оролцоот боловсролын хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулах аж. Энэ мэтээр нийслэл дэх бүхий л музей сурагчдыг зочлохыг уриалжээ. Түүнчлэн Хүүхэлдэйн театрынхан сурагчдын амралтад зориулан уран бүтээлээ толилуулах гэнэ.
Ч.Туяа