Монголын уулын цанын үндэсний шигшээ багийн “Милан-Кортина 2026” өвлийн олимпын эрх авахаар Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээнд оролцохоор Литва улсыг зорьсон билээ. Эрэгтэйчүүдийн слалом төрөлд Ази, Европын 29 улсын 99 тамирчин өрсөлдсөнөөс А.Ариунбат эхний өдөр 25 дугаар байрт орж, 145.35, дараагийнхад 20 дугаар байр эзлэн 114.78 оноо авав. Тэгвэл шорт трекийн тамирчдаас “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Мөнх-Эрдэнэ Канадын Монтреалд болсон олимпын эрхийн оноо цуглуулах “World tour” цуврал тэмцээнд оролцжээ. Тэрбээр Польшийн Гданск, Голланд улсын Дордехт хотод III, IV цувралд өрсөлдөхөөр дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад бэлтгэлээ базааж буй.
Сонирхуулахад, Италийн Милан-Кортина хотод өвлийн олимпын наадам эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг МҮОХ, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран өнгөрсөн долоодугаар сард байгуулсан. Уг ажлын хүрээнд МҮОХ-ноос ёслолын хувцсыг урлах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, ажлын хэсэг болон тамирчдын саналыг харгалзан эцсийн шийдвэрийг гаргасан билээ.
Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Манай улсын тамирчид “Гоёл кашмер” ХХК-ийнхны урласан үндэсний өв уламжлал, орчин үеийн загвартай хослуулсан ёслолын хувцсыг өмсөж, цагаан олимпын нээлтийн тайзнаа алхах нь.