Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ-аас өчигдөр сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв. Тодруулбал, өнөөдөр 18.00 цагаас эхлэн нутгийн баруун өмнөд, маргааш төв, говь, зүүн аймгийн ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хойд хэсэгт иххэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан, зам даваа хаагдаж халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдсэнийг анхаарууллаа. Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ сарын 6-наас Баянхонгор, 7-8-нд Өвөрхангай, Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Төв аймгийн ихэнх сумд цас орж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ. Говьсүмбэр, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн хойд сумын нутгаар 5-9 мм орчим буюу их цасны аюултай үзэгдлийн хэмжээнд очихнь. Мөн Төв, Хэнтий Дорнодод цасан шуурга шуурч, цасны зузаан 15-20 см, гуу жалганд үүнээс ч зузаан цасан бүрхүүл тогтох эрсдэлтэй байна. Энэ нь бог малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулахаас гадна зам, даваа, эрчим хүчний шугам мөстөх аюул нүүрлэж байгааг онцгойлон анхааруулъя” гэв.
Харин онцгой байдлын байгууллагаас цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан иргэд, тээвэрчид, аж ахуйн нэгж байдгууллагынхан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, малчид малаа ойрхон бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй, уруудсан малынхаа хойноос аль болох явахгүй байх, ойрхон хашаалахыг санууллаа. Ихээхэн хэмжээний цас орсны улмаас зам, даваа хаагдах тул хол замд гарахгүй, шатахуун, техникийн бэлэн байдлыг хангахыг мөнзөвлөв.
Ч.Болор