УИХ-ын өчигдрийн чуулган товлосон цагаасаа нэлээд хоцорч эхлэв. Учир нь мягмар гарагт зарим байнгын хороо ирц хүрээгүйгээс хуралдаагүй, үүнийгээ өчигдөр өглөө “нөхсөн” аж. Парламентын 126 гишүүнээс 74 нь ажлаа хийж, 58 хувийн ирцтэйгээр чуулган хуралдан, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, 52 гишүүн байсангүй. Тэдний 30 нь гадаадад томилолттой, Ж.Баясгалан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан нарын гурван гишүүн орон нутагт ажиллаж байна. Мөн Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал, Х.Жангабыл, Д.Энхтүвшин, Н.Номтойбаяр, М.Нарантуяа-Нара нар чөлөө авсан, Л.Гантөмөр, Х.Болормаа, Д.Батлут, Ц.Туваан, М.Сарнай нар өвчтэй байгаа гэнэ.
Малчдын хувьд тулгамдсан, чухал асуудлыг чуулганаар хэлэлцэж байхад салбарын сайд М.Бадамсүрэн нь эзгүй байгааг гишүүд шүүмжилсэн. Тэгвэл тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали болон Гэгээн Ширээт Улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтан хилийн чанадыг зорьсон юм. УИХ-ын 11 гишүүн Италийг зорьсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Яагаад ийм олон гишүүн Ерөнхийлөгчийн томилолтын багт багтав гэсэн шүүмжлэл ч цөөнгүй гарсан. Тэгвэл тэдний зарим нь Монгол-Италийн парламентын бүлэгт багтдаг, тэнд “хуралдах”-ын тулд ийнхүү явсан бололтой. Уг бүлгийг Үндэсний эвслийн гишүүн А.Ундраа ахалдаг аж. Уржигдар тус бүлгийнхэн Ром хотод уулзсан байна. Уулзалтад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хэмээх “давхар дээлт” гишүүн, мөн Ж.Баярмаа, Д.Энхтуяа, П.Батчимэг нар оролцсон байна. Тэднээс Д.Энхтуяа, П.Батчимэг нар л дээрх парламентын бүлгийн гишүүн юм билээ. Мөн Гадаад харилцааны сайдын хувиар Б.Батцэцэг айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа юм.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, гишүүн С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нар Конрад Аденауэрын сангийн урилгаар энэ сарын 1-5-нд ХБНГУ-д ажиллаж буй аж. Мөн тус намын дарга О.Цогтгэрэл, гишүүн Д.Ганбат, А.Ганбаатар нар АНУ-д ажиллаж байгааг бид бас мэдээлсэн билээ. Эднээс гадна Ц.Баатархүү, Р.Батболд, Х.Баттулга, Х.Булгантуяа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Б.Энхбаяр, Р.Сэддорж, Г.Очирбат, Ч.Номин, С.Лүндэг нар ч гадаадад томилолттой гэсэн байна.