Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
УИХ-ын өнгөрсөн сонгуулиар зүүн бүсийн томсгосон тойргоос сонгогдон гишүүн болсон Ухнаагийн Отгонбаярыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү гэдгийг зарим нь мэдэх байх. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр дүүргэн, Австралийн Нью-Энгландын их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан тэрбээр төрийн албанд 2006-2019 он хүртэл ажиллажээ. Ингэхдээ мэргэжилтнээс эхлээд яамдын хэлтэс, газрын дарга зэрэг албан тушаал хашиж ирсэн нь түүнийг төрийн захиргааны ажлын туршлагатай болохыг харуулдаг.
Гэвч түүний намтар дахь олны анхаарал татдаг хэсэг нь боловсрол, ажлын туршлага нь бус, харин дээр дурдсанчлан Ерөнхийлөгчийн төрсөн дүү гэх тодотгол нь юм. Тиймдээ ч шүүмжлэгчид нь “Эрх мэдлийн сүүдэрт бойжсон” хэмээн тодорхойлдог. Учир нь У.Хүрэлсүхийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд байх үеэс У.Отгонбаяр төрийн албан дахь ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр 2006-2009 онд Үйлдвэр, худалдааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн, Жижиг, дунд үйлдвэрийн хэлтсийн дарга, 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дэд дарга, 2015- 2019 онд Барилга, хот байгуулалтын яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн болон Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын алба хашиж байгаад 2024 оноос УИХ-ын гишүүн, МАНын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Төрийн албанаас хэсэг хөндийрөхдөө өөрийн эзэмшлийн “Журамт анд” хэмээх компаниараа нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, амралтын газрын зориулалттай бизнес эрхэлж байжээ.
Хэдийгээр У.Отгонбаяр “Би хувь хүн” гэдэг ч Монголын улс төрд ураг төрлийн холбоо хамаарал нь урагш хөтөлдөггүй гэвэл түүн шиг худал зүйл үгүй билээ. УИХ-д сонгогдсоноосоо хойш тэрбээр тойрогтоо идэвхтэй ажиллаж буй. Сошиал хуудсыг нь ажиглавал байсхийгээд л Хэнтий, Сүхбаатар, Дорнодод томилолтоор ажиллан, аймаг, сумын арга хэмжээнүүдэд оролцож иржээ. Зүүн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт “Эргэх холбоо” ажлын алба байгуулан, алслагдсан багуудад үүрэн холбооны сүлжээ оруулах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих санхүүжилтийг бүс нутагт нэмэгдүүлэх чиглэлээр ажиллан, “Эмч ирлээ” гэх төсөл хүртэл хэрэгжүүлж буй гэнэ.
Тэрбээр цусны донорын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч, 20-иос олон удаа цусаа хандивласан УИХ-ын цөөн гишүүний нэг. Цусны донор болсноос нь үзвэл эрүүл мэнддээ нэлээд сахилга баттай ханддаг нэгэн байх нь. Гэхдээ улс төрчийн үнэлэмж зөвхөн сайн үйлсээр хэмжигдэхгүй. Түүнийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчийн хувиар зарим хуульч, иргэний нийгмийн төлөөлөл хүчтэй эсэргүүцэж, шүүмжилсэн нь саяхан. Тэд хуулийн өөрчлөлтийг орон нутгийн төлөөллийн байгууллагын бие даасан байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байв. Зарим нь түүнийг “ардчилалд заналхийлэгч” ч гэж тодорхойлсон удаатай. Мэдээж хууль санаачлагчид үүнийг өөрсдийн өнцгөөс тайлбарлаж зүтгүүлсээр, УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр баталж, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн захиргааны алба хаших боломжтой эрх зүйн орчин бүрдсэн юм. Тэрбээр гишүүн болсноосоо хойш энэ мэт хуулийн 19 төсөл боловсруулахад гар бие оролцжээ.
Түүний улс төрийн ажлыг дүгнэхэд эрт ч парламент дахь анхны бүрэн эрхийнх нь хугацаа “эргээд” хэдийн талдаа оржээ. Магадгүй эрх мэдлийн ивээлд бойжиж, ураг төрлийн холбоогоор улс төрд орох хаалгаа нээсэн байхыг үгүйсгэхгүй ч энэ нь үлдэх баталгаа болохгүй гэдгийг өөрөө ч, сонгогчид нь ч мэдэж буй биз ээ.
О.Оргилох