Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн Монгол орны гуурст ургамлын олон янз байдлыг шинэчлэн бүртгэсэн судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Биологичид энэ талаарх өгүүллээ олон улсын “Journal of Asia-Pacific biodiversity” сэтгүүлд хэвлүүлж, албан ёсны жагсаалтаа шинэ чилсэн байна.
Шинэчилсэн бүртгэлээр Монгол орны гуурст ургамлын аймгийг 3087 таксон (ангилал зүйн өөр өөр түвшний бүх нэгж)-оор баяжуулжээ. Тодруулбал, нийт 111 овог, 652 төрөлд хамаарах 2912 зүйл, 119 дэд зүйл, 36 хувилбар, 20 эрлийз ургамлыг баталгаажуулсан аж. Үүнээс гадна Монгол орны байгаль, ургамлын аймгийн өвөрмөц байдлыг илтгэх 129 эндемик буюу унаган, 310 суб-эндемик буюу зонхилон тархсан таксоныг тодорхойлжээ.
Манай орны ургамлын аймгийн анхны ул суурьтай бүртгэлийг В.И.Грубов тэргүүтэй эрдэмтэд 1955 онд хийж, 1897 таксон бүртгэж байсан бол цаг хугацааны явцад шинэ зүйлүүдээр баяжуулсаар 1996 оны судалгаагаар 2823, 2014 онд 3127-д хүргэжээ. Харин сүүлийн жилүүдэд генетикийн судалгаагаар ангилал зүйг илүү нарийвчлан хийдэг болсноор 2022 онд энэ тоог 3041-д хүргэсэн бол үүнээс дөрвөн жилийн дараах судалгаагаар ийнхүү 3087 хэмээн тогтоов. Энэхүү шинэчилсэн жагсаалт нь Монгол орны ургамлын аймгийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах, байгаль орчны менежментийг төлөвлөхөд шинжлэх ухааны суурь мэдээлэл, үндэслэл болно гэдгийг биологичид дурдлаа.
Ж.Сувд