Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хууль бусаар эзэмшсэн асар олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй, тэдгээрийнхээ заримыг ойр дотно нөхөрлөдөг, эрх мэдэл, албан тушаалын холбоо хамааралтай хүмүүсийнхээ нэр дээр хадгалдаг гэж ярьсан. Тухайлбал, Төрийн тэргүүнийг Бага тэнгэрийн аманд 30-40 сая ам.доллароор үнэлэгдэх тансаг харшуудтай, Гачууртад үнэтэй зочид буудалтай, хотын төв дэх “Андууд тауэр”, “United mall” зэрэг худалдаа, үйлчилгээний төвүүдийг эзэмшдэг хэмээн лайвын үеэр зарласан юм. Түүнчлэн Ерө хийлөгчийг улс төр, бизнесийн бүлэглэлийг хамарсан дарангуйллын дэглэм угсарсан, өөрийнх нь эсрэг дуугарсан, тэрссэн хүмүүсийг үүгээрээ дарамталж, шоронд хийдэг мэтээр ярьсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг эдгээрийг няцааж, ор үндэсгүй мэдээлэл, бусдад бурууг нялзаах замаар цаг хугацаа хожих гэсэн үйлдэл хэмээв.
Тэрбээр өчигдөр энэ талаар мэдээлэл хийхдээ “Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг Бага тэнгэрт олон хаус эзэмшдэг гэж мэдээлээд, залгаа байршсан, томоохон гурван байшингийн зураг үзүүлсэн. Эдгээр нь Төрийн тэргүүнийх биш, бүгд өөр өмчлөгчтэй сууц. Ерөнхийлөгч хадгаламжаасаа 1.2 тэрбум төгрөг гаргаж, Бага тэнгэр орчимд хаус захиалсан нь үнэн. Гэхдээ олон тооны барилга, байгууламж худалдан авсан, эзэмшсэн гэдэг нь ташаа. Тухайн хэсэгт амины болон нийтийн зориулалттай 400 гаруй сууц бий. Тэр болгоныг Төрийн тэргүүнд хамаатуулж болохгүй.
Ерөнхийлөгчид хамаатуулаад буй “Андууд тауэр”-ийг нийслэл эзэмшдэг. Хотын дарга байсан хүн өмчөө мэдэхгүй байх учиргүй. Үүнийг барьж буй “Асар өргөө” компани Ерөнхийлөгчтэй ямар нэгэн хамааралгүй. Ерөнхийлөгч хувьдаа нисдэг тэрэгтэй, Австралид үнэтэй хаустай, зөвлөхүүд нь “Mercedes benz G-Class” унадаг гэсэн нь үндэслэлгүй. Гачууртад зочид буудалтай гэдэг нь ч ташаа. Тэрбээр Тэрэлжид байрлалтай аялал жуулчлалын компанийн 58 хувийг эзэмшдэгээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж ирсэн.
Үе үеийн улс төрчид албан тушаалаасаа бууж, хууль хяналтын байгууллагад шалгагдан, яллагдагчаар татагдахаараа Ерөнхийлөгчийг дарангуйлагч гэж харлуулж, элдвээр гүтгэж ноцдог. Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж буй гэсэн мэдээлэл бий. Ийм хүсэлтийг шийдвэрлэхэд багадаа 12 сар болдог учраас хугацаа хожих зорилгоор ийнхүү ярьж байна. Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэж, нэр хүндэд нь халдсан хотын дарга асан Х.Нямбаатарыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандана” гэсэн юм.
Ж.Сувд