Улаанбаатар хотод 2023 оны зун болсон үерээс хойш нийслэлийн удирдлагууд Туул, Сэлбэ, Дунд гол дагуух үерийн хамгаалалтын далан, суваг шуудууг хүчитгэх, шинэчлэн байгуулах кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар 2023-2028 он хүртэлх хугацаанд 102.7 км урт үерийн далан, суваг шуудуу, борооны ус зайлуулах шугам хоолойг олон улсын байгууллагынхны санхүүжилт, дэмжлэгээр байгуулахаар төлөвлөснөө сүртэй гэгч нь зарлаж байв. Энэ цагаас хойш нийслэлийн холбогдох байгууллагынхан голын сав газар, барилга, байгууламж зөвшөөрөлгүй барьсан хэсгүүд, стандартын бус зам, гүүртэй газар, үер, халиа тошин үүсэх эрсдэлтэй цэгүүдэд далан, суваг шуудуу байгуулахаар хүнд машин механизм ажиллуулан, хаа сайгүй газар шорооны ажил эхлүүлцгээсэн юм.
Эл бужигнааны үеэр Геодез, усны барилга, байгууламжийн газар зэрэг төрийн байгууллагынхан ямар ч тооцоо, судалгаагүй ажил хийж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэх эрсдэл үүсгээд буйг “Өнөөдөр” сонин тухайн үед хөндөж, энэ асуудлыг олон нийтийн анхааралд оруулсан. Тэгвэл мэргэжлийнхний хэллэгээр тоо цооллын илт алдаатай, оновчгүй байршилтай, стандартын наад захын шаардлагад нийцэхгүй төлөвлөлттэйгөөр байгуулсан гэх далангуудын “но”, далд ашиг сонирхлууд энэ цаг үед эхнээсээ илрээд байна. Үүнийг тодруулж, баримт дурдъя.
Геодез, усны барилга, байгууламжийн газрынхан ХанУул дүүргийн III хорооны нутаг, Яармагийг “ДЦС4”тэй холбосон шинэ гүүрний баруун талд хувийн хэвшлийнхний зөвшөөрөлгүй барьсан туслах гүүрийг 2024 онд буулгаж, тухайн байршилд үерийн хамгаалалтын далан барьсан. Тодруулбал, Дунд гол Баруун уулын сувагтай нийлдэг хэсэгт 180 метрийн урт далан байгуулж, 100 метр газрыг нөхөн сэргээсэн юм. Үүнийг мэргэжлийн хүмүүсийн оролцоогүйгээр буруу байршилд төлөвлөж, ус хуримтлуулах, өнгөрүүлэх шийдэлгүй барьсныг инженерүүд тухайн үед “илрүүлж”, нүглийн нүдийг гурилаар хуурсан ажил хэмээн шүүмжилж байлаа. Зарим нь бүр төлөвлөлтийн энэхүү алдааг хэрхэн засаж залруулах зөвлөмжийг нийслэлийнхэнд хүргүүлж, Дунд голын яг аль хэсэгт, ямар хэмжээтэй далан байгуулах шаардлагатайг зураглан гаргасан билээ. Харамсалтай нь, хотын удирдлагууд мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөмжийг хүлээж авалгүй бүхнийг өөрсдийн тааллаар гүйцэтгэж, голын сав газарт зөвшөөрөлгүй барьсан гүүрийг үерийг далангаар сольж өгсөн гавьяатнууд болоод өнгөрсөн юм. Тэгвэл тус хэсэгт далан байгуулахад хамгийн оновчтой хэмээн мэргэжилтнүүдийн тодорхойлсон байршилд саяхан томоо гэгчийн хашаа татчихжээ. Стандартын бус далан байгуулан байж нийслэлийнхний “хамгаалж” авч үлдсэн, голын татам бүхий сул орон зай хэзээнээсээ эзэнтэй байж. Эзэн нь “юм”аа мэдэхээр ийнхүү голын эргийг хашаалчихаж. Мөдхөн тэнд ямар нэгэн барилга, байгууламж сүндэрлүүлэх нь цаг хугацааны асуудал бололтой.
Дунд голын үерийн даланг байгуулах үеэс эхлэн байр сууриа ил тод илэрхийлсээр ирсэн, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер, доктор Б.Аюурзана үүнийг үерээс хамгаалах бус, их эрсдэл, гай дагуулах ажил гэж шүүмжлэв. Мөн тэрбээр “Төр нь арчаагүй, ашигч, мэргэжлийн бус хүмүүст эрх мэдэл олгохоор ямар гажуудал үүс гэдгийг Яармагт байгуулсан далангийн ажил харууллаа. Үүнийг анх байгуулахад нь л голын татам руу түрсэн шороог зайлуулж, тус хэсгийн дагуу үерийн далан байгуулахыг нийслэлийн хэнд зөвлөсөн. Цаанаа “газрын” ашиг сонирхолтой учраас байгаль орчин, бодит аюул эрсдэлээ бодоогүй юм байна. Газрын наймаа, хулгай нийслэлд ийм байдлаар л өрнөдөг. Одоо тэнд нэг бол барилга, байгууламж барина. Эсвэл төрөөс нөхөн олговор авч, чөлөөлөх шаардлагатай нөхцөл байдал үүсэхийг хүлээнэ. Аль нь ч байсан нийслэлчүүдэд их хэмжээний хохирол дагуулна” хэмээгээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодез, усны барилга, бай гууламжийн газрынхныг эл асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.
Харин хот байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтэн, усны инженер Б.Жаргалтхаан “Одоо үүсээд буй асуудлын гол зангилаа нь хот байгуулалт болон газар ашиглалтын бодлого уялдаа холбоогүй явж ирсэнд байгаа юм. Үерийн далан, инженерийн дэд бүтэц барих ёстой зурвас хэсгүүдэд газар замбараагүй олгосноос хууль, эрх зүйн хүрээнд ч, практик дээр ч хүндрэл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, үерийн далан байгуулах, суваг шуудуу гаргахад хамгийн оновчтой байршлуудыг нь хэн нэгэнд ө сөөд өмчлүүлчихсэн учраас инженерүүд усны барилга, байгууламжийн зураг төслийг байгалийн зүй тогтол, шинжлэх ухааны тооцоололд үндэслэж биш, тухайн газрын сул зайд тохируулж гаргахаас аргагүйд хүрдэг. Ингэж газар ашиглалтын алдааг хаацайлахын тулд далангийн голдирлыг өөрчилснөөр голын ус байгалийн урсгалдаа дийлдэж, их хэмжээгээр халих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нийслэлийн удирдлагууд олон арван км далан, шугам хоолой байгуулахаасаа өмнө газар олголтын зөрчлөө цэгцэлж, усны хагалбар, далангийн зурвас газруудыг улсын тусгай хэрэгцээний зориула таар бүрэн чөлөөлж авах ёстой. Дэд бүтцийн зурвасуудаа чөлөөлөхгүйгээр хувийн газар дундуур шахаж барьсан ямар ч байгууламж үерийн эрс дэлийг бууруулж чадахгүй” гэсэн юм.
Одоогоос гурван жилийн өмнөх зун болсон үер байгалийн аюулт үзэгдэл гэхээсээ илүү хот төлөвлөлтийн алдаанаас үүдэлтэй хариуцлагагүйн балаг байсан билээ. Нийслэлийнхэн тухайн үед “Сүүлийн 50 жилд тохиогоогүй томоохон үер” хэмээн тодотгож, өөрсдийнхөө алдаа завхралыг бүдгэрүүлэхийг оролдож байсан ч усны мэ гэжилтнүүд “Газар замбараагүй олгож, голын голдирол, татамд халдсан нь Сэлбийн үерийн эрсдэлийг нэмэгдүүлж, их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэж байв. Нийслэлийнхэн ч эцэс сүүлдээ үнэнд гүйцэгдэж, голын голдирол, татамд хууль зөрчин барьсан барилга, байгууламжуудыг нураах, стандартын бус гүүр, үерийн даланг шинэчлэх шийдвэрт хүрсэн. Үндсэндээ энэ үерийн шалтгаан нь аадар бус, газар ашиглалт, хот төлөвлөлтийн алдаатай бод лого байсан гэхэд буруудахгүй. Гэтэл нийслэлийнхэн үерийн эрсдэлийг бууруулах нэрээр далан, суваг байгуулахдаа өмнөх гамшгийн үндэс болсон алдаану даа дахин давтаж, Яармагийнхныг эрсдэлд оруулсаар.
Анх Яармагийн шинэ гүүрний авто замын хэсэгт үерийн ус чөлөөтэй өнгөрөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай байгууламж барихаар төлөвлөсөн юм билээ. Гэвч төслийн зардлыг хэмнэх зорилгоор тооцооллыг нь нягтлахдаа хамгийн чухал байгууламжийг нь хасаад, оронд нь хайрга, дайргаар зам гаргачхаж. Тус асгамал зам нь Баруун уулын сувгийн ус Дунд гол руу цутгах байгалийн урсгал болон голдирлыг хааснаас 2023, 2024 онд тухайн орчин үерт өртөж, шинээр барьсан авто зам, гүүр бүхэлдээ усанд автсан. Яармагийн шинэ гүүр усанд автаж, зарим хэсгээрээ эвдрэх эрсдэл үүссэн нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсныг уншигчид мартаагүй болов уу. Яг энэ үйл явдлаас улбаалан нийслэлийнхэн голын урсац хааж тавьсан шороон зам, хувийн хэвшлийнхний зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгах ажлыг эхлүүлсэн. Баруун уулын сувгаас Дунд гол руу чиглэсэн усны урсгалыг саадгүй болгохын тулд 180 метр урт далан барьснаар Яармаг орчмын орон сууцын хороолол, зам, гүүрүүдийг дахин үерт автахаас сэргийлэх боломжтой гэж Геодез, усны барилга, байгууламжийн газрынхан тооцоолсон. Гэтэл өдгөө эл байгуууламж нь үерийн эрсдэл үүсгэгч болж хувираад байна.
Яармаг, “ДЦС4”ийн уулзварт барьсан энэхүү даланг шинэчилж, стандартад нийцүүлэх буюу зөв төлөвлөн байгуулж, голын голдирол, татмыг чөлөөлөхгүй бол “Авлига хороолол”, “S’Outlet”-ийн алдааг давтаж, нийслэлчүүдэд их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа. Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд хэнд, ямар зориулалтаар газар олгож, хашаа хатгуулсныг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Геодез, усны барилга, байгууламжийн газрынхнаас лавлахад тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд аль аль нь тухайн бүсдэх зөрчлийн талаар цахим системд мэдээлж, хариулт авахыг хүсэж буй асуудлаараа хүсэлт гаргах “шаардлага” тавьсан юм. Төрийн байгууллагынхан алдаа завхралаа ийн хаацайлж, хууль бусаар газар олгож, замб раагүй төлөвлөлтийг гааруулдаг ажээ.
Н.Дүүл