Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн Говь-Алтай аймгийн Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргааныхантай хамтраад Сутай хайрхан уулын мөнх цас, мөсөн голын динамик өөрчлөлтийг судалж байна. Хамтарсан багийнхан уулын мөнх цас, мөсөн голын хэмжээ, тэр дундаа уул уурхайн олборлолт, тээвэрлэлтээс үүсэх тоос, тоосонцор болон бусад хүчин зүйлийн нөлөөлөл, хамаарлыг тогтоохоор ажиллаж буйгаа мэдээлэв. Үүнийхээ хүрээнд тэд саяхан хайр ханд авирч, хээрийн судалгаа хийн, дээж авсан байна.
Судалгааг хээрийн, лабораторийн шинжилгээ, газар зүйн мэдээллийн системд суурилан зайнаас тандах, цаг уур, агаарын урсгалын загварчлал болон суурь мэдээлэл цуглуулах, боловсруулах гэсэн үндсэн чиглэлээр явуулах юм. Үүний үр дүнд Сутай хайрхны мөнх цас, мөсөн голын өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж, олон нийтэд танилцуулах аж.
Сонирхуулахад, Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргааныхан Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр 2023-2026 онд монгол бөхөнгийн гол бүс нутаг болох Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Дарви, Баян-Уул, Төгрөг, Халиун, Тонхил сумын нийт 69 булгийн эхийг хашиж хамгаалжээ. Үүний ачаар говь, тал хээр хосолсон эл бүс нутагт зэрлэг амьтдад зориулсан байгалийн цөөрөм байгуулах боломж бүрдсэн гэв.
М.Гэгээ