БНХАУ-ын Учао хотноо хоёр жилд нэг удаа болдог Олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээний дүн өнөөдөр гарлаа. БНАСАУ, БНХАУ, ОХУ-ын жүжигчид энэ тэмцээний алтан цомыг хүртсэн бол Монголын үндэсний циркийн жүжигчин Б.Золбаяр ахлагчтай хамтлагийнхан мөнгөн арслан цом хүртсэн сайхан мэдээ ирлээ. Тэд өмнө нь Уханьд болсон тэмцээнээс мөнгөн цом, Испанид болсон тэмцээнээс алтан цом хүртэж байсан билээ. “Шидэх банзнаас үсрэгчид”, “Шидэлттэй акробат” зэрэг үзүүлбэр тоглодог энэ хамтлагийг “Есөн өрлөг” нэрээр нь циркийн үзэгчид илүү сайн таньдаг.
Энэ удаа тэд “X evolution” үзүүлбэрээр тэмцээнд оролцсон бөгөөд 12 жүжигчний бүрэлдэхүүнтэй тогложээ. Тэдний продюсерээр “X roses” студийн захирал Т.Буд ажилласан байна. Тэмцээний шагналтнуудын тоглолт аравдугаар сарын 7 хүртэл Учао хотноо үргэлжлэх аж. Алтан медальтнуудаас хоёр оноогоор л дутаж, тэргүүн мөнгөн цомын эзэн болсон манай жүжигчдийн тоглолтыг үзэхээр тэмцээнд оролцогчид өөрсдөө ч хошууран гүйж байсан гэнэ.
БНХАУ-ын циркийн урлагийн голомт төдийгүй гол тулгуур хот нь Учао билээ. Энэ хотод олон төрлийн цирк үйл ажиллагаа явуулдгаас гадна энэ урлагтай холбоотой тоног төхөөрөмжийн худалдаа ч элбэг байдаг гэнэ.
Монголын жүжигчид Учаод болдог тэмцээнд тогтмол амжилт үзүүлдэг бөгөөд ихэвчлэн уран нугаралтаар амжилт гаргадаг байсан бол энэ удаа акробатын төрлийн үзүүлбэрээр мөнгөн цом хүртээд буй юм.