1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд урт хар үстэй дөрвөн залуу “Нисванис” хамтлагийг байгуулж, хөгжим сонирхогчдод гранж рок урсгалыг таниулсан билээ.
Тус хамтлагийн дуучин, гитарчин Л.Энх-Амгалангийн 40 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1975 оны энэ өдөр мэндэлжээ.
-Та төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Нэг их ач холбогдол өгч тэмдэглэдэггүй дээ. Багадаа гэрийнхэнтэйгээ л тэмдэглэдэг байлаа. Одоо ч гэсэн гэр бүлийнхээ хүрээнд л энэ өдрийг өнгөрөөж байна.
-Санаанаас тань гардаггүй төрсөн өдрийн баярын тухай дурсамжаасаа хуваалцаач?
-Манай том эгч бид хоёрын төрсөн өдөр нэг өдөр тохиодог юм. Багадаа эгчтэйгээ хамт тэмдэглэдэг байсан төрсөн өдрүүд мартагддаггүй. Хүүхэд болохоор мөнгө байхгүй, аав, ээжээрээ бэлэг авахуулчихаад л эгчдээ бэлэглэдэг байлаа.
-Тэгвэл энэ өдөр авч байсан хамгийн сайхан бэлэг юу вэ?
-Найм бил үү есөн насны төрсөн өдрөөр аав, ээж минь баян хуур хөгжим бэлэглэж билээ. Тэр л миний амьдралдаа авсан хамгийн гоё бэлэг.
-Ямар бэлэг авах дуртай вэ. Таныг тэмдэглэлийн дэвтэр цуглуулдаг гэж сонссон юм байна?
-Надад дэвтэр бэлэглэхэд их баярладаг. Шинэ, хуучин олон дэвтэр байдаг ч шунал минь дарагддаггүй юм. Найз нөхөд маань ч мэддэг болохоор гоё гоё дэвтэр бариад л ирдэг дээ.
Тэмдэглэлийн дэвтэр ганцаардаж байхад яагаад ч юм нөхөр болж, сэтгэлийг минь хуваалцдаг дэлгээтэй толь шиг санагддаг. Түүний ачаар шинэ бүтээл төрдөг болохоор миний сэтгэлд ойр байдаг юм болов уу.
Дэвтрийнхээ шинэ хуудсыг нээж, энэ цаасан дээр юу бичигдэх бол гээд ширтээд сууж байх сайхан мэдрэмж шүү.
-Өнөөдөр баяраа хэрхэн тэмдэглэх вэ?
-Манай хамтлагийнхан өнөөдөр шинэ жилийн баяр тэмдэглэнэ. Миний төрсөн өдрийг ч хамтатгах байх. Тэгэхээр энэ өдрийг хамтлагийнхантайгаа өнгөрүүлнэ.
-Энэ өдөр мөн “Өргөө” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн И.Болоож ахын төрсөн өдөр юм билээ.
Та хоёр төрсөн өдрөө хамт тэмдэглэж байсан уу. Түүнд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Би И.Болоож ахыг “аав” гэж дууддаг юм. Харамсалтай нь, төрсөн өдрөө хамт тэмдэглэж байгаагүй. Аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэж, амьдрал, уран бүтээлд нь хамгийн сайн сайхныг хүсье. Урт наслаарай гэж ерөөе.
А.ХАЛИУН