До. Цэнджав
“Хэрвээ монгол цэргийн дээшээ харуулж тавьсан юүлд сэлэм мэт Их цагаан хэрмийг босгоогүй бол хятадууд аль хэдийнэ Урал хүрэх байсан” гэж алдарт Лев Гумилёв өгүүлсэн байдаг нь цэрэг зэвсгийн хүч мөн боловч бас түүнээ дагаад төрийн оюун ухаан, төрийн үгийг дээд зиндаагаар эзэмшиж, дайсныхаа зүрхэнд шивүүлэн хүргэж байсан агуу чадвартай холбоотой нь яах аргагүй нотлогддог. Эртний монголчууд үгийг хөх тэнгэрийн сүр хүч, хөх тэнгэрийн зарлиг зараал, хөх тэнгэрийн ял шийтгэл, хөх тэнгэрийн эрчис, долгион (Энерги) гэж үздэг, үг ухааныг дээдлэн биширдэг, хүндэлдэг байсан нь юухан дээр ч харагддаг. Үгийн онч цэц, хурц гэрэлтсэн ухааныг аадрын аянга цахилгаан мэт, галт уул дэлбэрэх мэт, уулын чулуу нүргэлэн доош буух мэт хүчтэй, эсвээс голын усанд сар булхах шиг, өвс аяндаа налах шиг бийр бэхсийн намуухан уянгат чанарыг илэрхийлж чаддаг хүмүүсийг “бичгийн сайд” хэмээн дээдлэн алдаршуулдаг, тэднийгээ дэргэдээ туслуулан оюуны цэнэгийг дайчлан гаргадаг байсан түүхтэй юм байна. Чингисийн дэргэд Шихихутаг шиг мэргэн цэцэн хүмүүс байсны хүчинд өнөөдөр бид “Монголын нууц товчоо” хэмээх гайхамшигт бүтээлийг уншиж бахдаж, дэлхийн өмнө нүүр тахлах мөнхийн бүтээл болсон билээ. Их хааны дэргэд шадарлаж байгаагүй бол, амнаас гарах үг, алхах газар бүрийг тэмдэглэж байж ийм хаашаа ч гажаагүй бүтээл туурвина. “Монголын нууц товчооны” зохиогч туурвигч олдоогүй, олдох ч үгүй мөнхийн таамаг байсаар байх болно. Үүнийг хэн ч баталж чадахгүй боловч ерөөсөө теоремын гаргалгаа мэт зүйл нь хамгийн ойрынх нь шадар бичгийн сайд гэдэг нь баттай.
Монголчуудын “үг ухаан” бол хангиралдах зэр зэвсгээс илүүтэй хүчтэй, дээд хөх тэнгэр, хөвчин дэлхий тэтгэсэн төрийн сүр хүч юм. Ухаан байхгүй бол үг яахин байх билээ?, үг байхгүй бол ямар ч хаанд хэн захирагдлах билээ? Иймээс “Үг бүр харвасан зэв адил болой. Зэв бүр байг оновол мэргэн болмуй” гэж Чингис хааны билэг сургаалд байдаг нь учиртай. Үүнд зэв буюу зэвсгээс урьдаар үгийн оновчийг гаргаж хэлсэн нь өөрийн эрхгүй анхаарал татна. Үгийн агуу их суу хүчдэл, эрчисийн ялгарал, дотоод хөгжил хөдөлгөөн, өнгө төрх, авир араншин, шидэт шүншлэг чанар зэргийг бишрэн дээдэлж онцгой анхаардаг, үүнийг илэрхийлж чаддаг бичгийн эрдэмт хүмүүсээ чухалчилан дээдэлж чаддаг байжээ. Бусад орныг шуургалан довтлохын өмнө үгийн мэсийг тэртээ чанадаас гялалзуулан, хүчит шуургыг дэгдээж, тойгтныг бөхийлгөж, толгойтныг сандаргадаг, адуутыг бусниулж, арал нумтнуудын зүрхийг үхүүлдэг сүрхий мэргэн арга ухаан, заль мэх, оюуны шөргөн дайралтаар сүнсийг авч оддог байсныг олон түүхэн баримт нотолж байх юм. Үгээр сүр хүчийг доройтуулан бууруулж чаддаг, үгээр наран гэрэлт эрчис хүчийг хураан оройд нь гялалзуулж чаддаг нь манай өвгөд дээдсийн төрийн бодлогын нэгээхэн хэсэг юм. Үг байнга буцалж байдаг. Гэтэл харсаар байтал хөрч зэвэрснийг хэрэглэх нь бий. Харин манай дээдэс бол ган төмрийн хайлмал шиг тэр үгийг л эсрэг талынхаа зүрхэн дээр өмөртөл асгаж чаддаг байжээ.
Чингис хаан Хорезм шаг Ала Ад- Дин Мухамедад илгээсэн бичигт “Би чиний сүр хүчин, чиний гүрний өргөн уудмыг олж мэдэв. Чиний бие дэлхийн их газар нутгийг эзлэн захирч буйг би мэднэ. Миний туйлын хүслэн бол чамтай найрамдалтай байхыг хүснэ. Би чамайг нэн хайрт хөвүүн мэт үзнэ. Би Хятад орныг байлдан эзэлж, энэ их улсын умард зүгийн бүх тэрэг туургатныг эрхэндээ оруулж авсныг чиний бие мэдэхгүй байж болно. Миний орон шоргоолж мэт олон цэрэгтэй, мөнгөний уурхай мэт баялаг, над бусдын эрхшээлд өнгөлзөх хэрэг байхгүй. Би бодвоос манай харъяат нарын хооронд худалдааны харилцааг бадруулах явдлыг тэтгэх хүсэл эрмэлзэл бидэнд нэгэн адил буй” гэсэн нь дээрх санааг нотолно. Энэ сүрлэг бардам үгийн дотор “Би чамайг нэн хайрт хөвүүн мэт үзнэ” гэсэн энэ үг алмааз адил гялалзаж, хүний зүрхэнд тэр чигээрээ эевэрүү тусахаар байгаа биз. Бас энэ үгийг эс тоовоос “Миний шоргоолж мэт олон цэрэгтэй” гэсэн үг мэгдүүлэх чичиргэх, айлгах ид шидтэй нөгөө эрчис хүчээ уудлан гаргаж байгаа хэрэг. “Тоглоомын дүрэм” гэж өнөөгийн улстөрчид ярих дуртай. Тэгвэл өвгөд дээдсийн тоглоомын дүрэм нь “үг ухаан”байлаа. Үгээр галт бөмбөлөгөөр тоглох шиг хиншүү үнэрттэл мэдрүүлж чадаж байна. Сайн үгийг ч хэлж чаддаг, сүрдэм хирдхийм үгийг ч хэлж чаддагт монгол ухаан орших төдийгүй, чухамхүү дээд хөх тэнгэрээс онгод хүчээ авсных юм. Эзэн Чингис юуны туханд сэлмээ далайж, дайн тулаанд хүрэлгүй эхлээд найрамдах, худалдаа наймаагаа өргөжүүлэх, найрсагаар хамтран хорших зэрэг андлалыг урьтал болгон тавьдаг байжээ.
Улс орнуудтай гэрээ хэлэлцээр ч хийхдээ голдуу амаар явуулж тохиролцдог байсан тул зөвөөр сэтгэж, зөвөөр илэрхийлэх, зөвөөр итгэн үнэмшүүлэх ур чадварыг таарсан тохирсон үгээр тархиндаа зөв эрэмбэлэн суулгаж байсны үр дүн юм. Ганц оносон үгээс мянган мэргэн ухаан цацарна. Нэг үг дэлхийг ч донсолгох чадалтай гэдгийг л айхтар ухамсарлаж тархиндаа суулгасан байжээ гэж бодохоор жишээ баримт олон бий. Монгол хэлний үгийн эрчис хүчдэл, хурц илэрхийлэл, сэрэл, сэтгэцэд шинэ цочрол, голомт үүсгэхэд үйл үг маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Б. Ринчен авхайгаас аваад эрдэмтэд үүнийг онцолсон байдаг. Хэл шинжлэлд өнгөц болон гүн бүтэц гэсэн ойлголт буй. Гүн бүтэц юмуу үлгэрлэвэл голын цүнхээл тийш залуурдах эрчис (энерги) нь үйл үгэндээ судас цохилох мэт оршдогоороо онцлогтой. Ийм үйл үгийг эртний хаад дээдэс маань чадварлаг ашигладаг байжээ. Түүнээс нь сүрдэж айн дагжиж, бишрэн дагадаг байв. Монголын хаадын “МЭДТҮГЭЙ, АЮУТГАЙ, БИШИРТҮГЭЙ” гэсэн бичиг их түрэмгий, омог бардам, бусдыг сүр хүчээрээ бишрүүлэн айлгах шинж төлөвтэй” гэж тэд “хөөрхийс” судар номондоо тэмдэглэн үлдээсэн байх юмаа.Үгэн зэвсгийг сэлэм шиг, жад шиг ашиглаж байсны шид гэвэл энэ. 1246 онд Гүег хаанаас Ромын Пап Иннокентид бичихдээ “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг энэ булха иргэн дор хүртвээс АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ” хэмээх бичээс бүхий тамганы дардас үлдсэн нь монгол бичгээр бичсэн хамгийн эртний бөгөөд хэдэн тонн алтаар үнэлэхийн аргагүй ховор дурсгал болон үлджээ. Үүнийг Чингисийн тамга ч болов уу гэж зарим нь үздэг. Тамга бүхий бичигт юу юу өгүүлснийг Гийом де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зочилсон нь” хэмээх номоос эш цохон татвал “Тэнгэрийн хүчинд мандах нарын зүгээс өрнөдийг хүртэл бүх газар нутагт бидэнд оногджээ. Тэнгэрийн зарлигаар бус бол хэн нэгэн юуг ч яахин үйлдэж чадах билээ? Эдүгээ та бүхэн үнэн зүрхнийхээ үгээ хэлж, бид танай албад иргэд, та бүхэнд хүчээ өгнө гэх ёстой. Чи биеэрээ вангуудаа толгойлон ирж бидэнд зүтгэн үнэнчээ үзүүлтүгэй. Тэр үед л бид та бүгдийг захирагдсаныг мэдэх болно. Хэрэв та бүхэн Тэнгэрийн зарлигийг зөрчиж, бидний зарлигийг огоорвол бид та бүхний дайсан болно. Эл учрыг та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юун болохыг бид мэдэх гэж үү? гагцхүү тэнгэр л мэднэ” гэжээ. Үгийг тархинд сум шиг зоож, хүчдэлийг улам лавтгаж, хий гаргалгүй ягширгуулж хэлж байнаа.
IХ Людовикт Мөнх хаанаас илгээсэн бичигт “Манай газар хол, уул өндөр, тэнгис далай их хэмээж бидний эсрэг дайтваас юу болохыг бэрх бөгөөс хялбар, хол бөгөөс ойр мэт болгодог мөнх тэнгэр мэдтүгэй” гэжээ. Мөн Ромын Пап Монгол гүрнийг католик шашинд дагаар орохыг хүсч, санал болгосны хариуд Гүег хаан хариуг нь латин хэл дээр өгсөн гэдэг. Энэхүү захидал нь 1 метр 12 см урт, 2О см өргөн, хоёр хэсгээс бүрдсэн гэнэ. Энэ мэтээр 1289 онд Аргун хаанаас Францын Филипп хаанд, 13О2 онд Газан хаанаас Ромын Папад, 13О5 онд Өлзийт хаанаас Францын тавдугаар Луй Филиппэд, Хубилай хаанаас Японы ванд илгээсэн захидлууд үндэсний музейд хадгалагдаж байдаг гэнээ.
Бас их урин араншин гаргасан бичиг захидал ч буй. Явуулсан бичиг, хэлсэн үг дайнд өдөж хатгасан, түрэмгийлсэн шинжгүй энхийг хүссэн байдгаараа онцлогтой. Өлзийт хаанаас 13О5 онд Францын хаанд явуулсан бичигтээ ”Урьд дээдсийн за хэмээлцсэнийг үл сулруулан тангараг мэт санаж, урьдынхаас үлэмж найрамдаж элч нараа илгээлцэж байхыг хүсэж байна. Бид одоо Чингис хааны үр хүүхэд ойрын 45 жил муудалцснаа больж цөмөөрөө зохилдон бүх улс эвлэж харилцах өртөөг байгуулав. Чухам найрамдахаас сайн юм юу байна” гэжээ.
Дээдсийн цэцэн цэлмэг үг –ухаан “Монголын нууц товчооны” бөлөг бүрт бий. Ай даа, мэдэхгүй энэ дайны үгийг хэлчихсэн нобелистууд ч тэр болгон тааралддаггүй юм шүү дээ. Ийм үгсийн утга ил биш боловч ухаж бодоход бахтай, нэг үг сугарвал утгагүй болох онч, өвөрмөц үг хэллэгүүд баян байдгийг уншигч анзаарсан бизээ. “Цэрээ цээжинд бөөрөө бөгсөнд” гэсэн нь бүхнийг байх ёстой газар нь хадаж, бөхлөж хөдөлгөхгүй, санаандаа батаар агуулж бай гэсэн санаа болов уу? “Толго шийр цөм нэгэн адил чацуу” гэж бас бий. Тэр нутгийн хүмүүс бүхлээрээ жигд ялгарч тодорч, тасраагүй, тэнцүүхэн байна гэсэн санаг агуулж байх юм. “Уртын үзүүрт, гүний ёроолд”, “Хатавчинд хоймор харж суух, хоймор сууж хатавч харах” гэх олон үгс бий. “Алтан товчид” “Буургүй тэмээ, бухгүй үхэр”, “Эрдэнийн товчид” “Хаан хилэгнэвэл төрөө, заан уурлавал хотоо” гэх мэтийн гүн утгатай гайхалтай өвөрмөц хэллэгийг нэрт түүхч Л.Жамсран бүтээлдээ түүж тайлсан байдаг. Энэ мэт бага ухаан бишээ, асар том тэнгэрээс илгээгдсэн эрчис хүч гэхэд болноо. Их хаан маань хөх тэнгэртэй гурван өдөр, гурван шөнө харилцаж, цацраг мэт илгээгдсэн эрчис хүчийг бие болоод тархиндаа авч газраас бүрмөсөн тасарч “Би бишээ, тэнгэр л мэдлээ, тэнгэр л зарлиг болголоо” гэж эзэн биеийг өөрөөсөө зайлуулж, ялыг тохоон дайнд уухайлан ордог тийм ухаан хаана байнаа. Магадгүй гадныхан ойлгохооргүй, жинхэнэ монгол амьдрал, монгол өчиг, монгол андгай, монгол зүрх сэтгэлээс гарсан монгол үг- ухаан юм.