Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанаас Хөвсгөл нуурт экосистемийн нөөц, даацын судалгаа хийлгэх хүсэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт тавьжээ.
Эл нуур орчмын бүсэд төвлөрөл, суурьшил ихсэж буйн хэрээр усан тээврийн үйл ажиллагааг хязгаарлах, жуулчны бааз, амралтын газруудыг цөөлөх асуудал байнга хөндөгддөг. Тэгвэл үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, тогтоохын тулд юуны түрүүнд усан онгоц, завиар үйлчилгээ үзүүлэхэд гарах нөлөөлөл, экосистемийн нөөц, даацыг нь нарийвчлан үнэлэх шаардлагатай гэж орон нутгийн мэргэжилтнүүд үзжээ.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар завины болон усан онгоцны үйлчилгээ эрхлэх нь ус ашиглалтын хэлбэрт тооцогддог гэнэ. Одоогоор Хөвсгөл нуурт усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 152 завь бүртгэлтэй байгаагаас 82 нь тогтмол ажилладаг аж. Тус бүс нутаг руу чиглэсэн жуулчдын урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ төрлийн тээвэр эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийн тоо ч өсжээ. Иймд байгалийн даацыг нь урьдчилан тооцсоны дараа тодорхой квотод багтаан эрх олгох нь зүйтэй хэмээн үзэж байна. Түүнлэн Усны газар, Хөвсгөл, Эгийн голын сав газрын захиргааныхан моторт завь болон том оврын усан онгоцны үйл ажиллагаа, ус ашиглалт, гэрээ, дүгнэлтийн бүрэн байдал, хэрэгжилтэд цаашид тогтмол хяналт тавьж ажиллах шаардлагатайг дурдав.