Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв болон түүнээс дээш давсан бөхчүүд болон сур харваанд оролцсон 16 харваачаас допингийн шинжилгээ авч, ХБНГУын Дресден хот дахь итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн хариуг Монголын допингийн эсрэг байгууллагаас өчигдөр танилцууллаа.
Сорьцыг гэрээнд заасан хугацааны дагуу энэ сарын 13-нд илгээж, 14-нд шилжих шөнийн 02.00 цагт тус улсын лабораторид хүргэснээр 16-ны 15.00 цагт албан ёсны цахим хуудсаар 48 бөхийн 43-ынх нь хариу иржээ. Тэгвэл 18-нд гурав, 22-нд нэг бөхийн хариу ирж, нөгөөгийнх нь шинжилгээ хараахан дуусаагүй байгаа аж.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бич¬гийн дарга Д.Давааням “Үндэсний допингийн эсрэг байгууллагын мэдээлснээр хоёр тамирчны сорьцод хориотой бодис илэрсэн. Допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, аймгийн арслан Н.Баяржаргал. Үлдсэн нэг бөхтэй холбогдож амжаагүй байгаа тул нэрийг нь одоогоор зарлахгүй. Б сорьцын шинжилгээг шинжлүүлэх, эсэх шийдвэр гарсны дараа мэдээлэх үүрэгтэй. Мөн Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын гарьд Б.Гон¬чигдамбын шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан. ” гэв.
Монголын допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа “Долоодугаар сарын 22-нд нэг бөхийн хариу эргэлзээтэй гарсан гэсэн албан ёсны мэдэгдэл ирсэн. Нэмэлт шинжилгээг тухайн хүний эрх ашиг, карьерыг харгалзан үзэж нарийн оношилгоо хийлгэхээр тус улсын Колин хотын лабораторид илгээгээд байна. Хариу нь 21-28 хоногийн хугацаанд гарна” гэсэн юм. Орон нутгийн бөхчүүдээс авсан шинжилгээний тухайд гурван аймгийн бөхчүүдээс тодорхой шалтгааны улмаас сорьц авах боломжгүй үлдээсэн бол үлдсэн 84 тамирчнаас шинжилгээ авч, наймынх нь хариунаас хориотой бодис илэрсэн аж.