Палестиныг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа улс орон улам нэмэдсээр байна. Энэ тухай Палестины Австри дахь Элчин сайд, Вена дахь НҮБ-ын байнгын ажиглагч Салах Абдель Шафи мэдэгдэв.
“Энэ долоодугаар сарын сүүлээр гэхэд хэд хэдэн улс Палестиныг хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэвлэлийхэнд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
“Энэ сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо Франц, Саудын Араб тэргүүтэй бага хурал болно. Хурлын зорилго нь “хоёр улсын” шийдлийг урагшлуулах явдал юм. Палестиныг хүлээн зөвшөөрөх нь чухал бөгөөд нэн шаардлагатай алхам гэж Францын ерөнхийлөгч Макрон хэлсэн. Эл бодлогыг Бельг болоод Европын бусад орнууд дэмжиж байгаа. Тиймээс ч бага хурлын үеэр эсвэл түүний үр дүнд Европын улам олон орон Палестиныг хүлээн зөвшөөрнө гэдэгт бид итгэлтэй байна" гэж дипломатч нэмж хэлжээ.
Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах, Палестин улсыг хүлээн зөвшөөрөх хэтийн төлөвийн асуудлаарх НҮБ-ын бага хурал долдугаар сарын 28-30-нд Нью-Йорк хотноо болох юм.
Өнгөрсөн тавдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Канадын Ерөнхий сайд Марк Карни нар хамтран Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөд "шийдвэртэй" байгаа бөгөөд "хоёр төр улс, хоёр үндэстэн" шийдлийг бодит болгохын тулд бусадтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Палестин улсыг 147 улс хүлээн зөвшөөрч байгаа. Харин АНУ 2024 онд Палестиныг НҮБ-д бүрэн гишүүнээр элсүүлэхэд хориг тавьсан юм.