Дорнын цэлгэр, уудам талаас нэгэн бүсгүй улсын баяр наадмын харваанд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн нь Ч.Гандаваа байлаа. Баяндун сумаар овоглож, сурын талбайд цэц сорьдог түүнийг нутгийнхан нь алтан шар зурхайг амжилтаар хэзээ мялаах бол гэж олон жил харсан. Түрүү байрын төлөө товхонд цөөнгүй боссон тэрбээр мэргэн тодрох шийдвэрлэх харваанд сум алдалгүй харваж, зурхайдаа талархан баярын нулимс унагасан юм. Ийм л торгон агшныг харах гэж наадамчин олон амьсгаа даран хүлээв. Тэрбээр олны хайр хүндлэл, итгэл найдвар даасан шилдэг харваач гэдгээ батлан харуулж, нутгийнхаа уулсыг хэдэнтээ өндөлзүүлэн 40 сумнаас 38 онож түрүүлсэн билээ.
-Улсын наадмын дараахан Дорнод аймгийн Баяндун сумын түүхт 100, Хөлөнбуйр сумын 80 жилийн ойн баяр боллоо. Нутгийнхаа наадмаар Монгол Улсын мэргэн гэж зарлуулаад цэц сориход ямар бодол төрөв?
-Хүний зүрх сэтгэлд үргэлж бодогддог эрхэм зүйл бол нутаг ус. Төрсөн нутгаа сэтгэлдээ сүсэглэж залбирахад зам, мөр тэгш явдаг гэж боддог. Ажиллаж, амьдардаг сумынхаа 100 жилийн ойн баяраар цолоо дуудуулж сур харвахад үнэхээр сайхан байлаа. Харваач хүн ойлгож дэмжих гэр бүл, нум хэрэгсэл сайтай байж амжилт гаргадаг. Би аймгийн гарамгай харваач, шилдэг нум урлаач, спортын мастер Г.Баянмөнхийн хийсэн нумаар гурван жил сур харваж, улсын цол хүртлээ. Түүний урласан нум зөөлөн, хаял сайтай. Миний хувьд нутгийнхаа нэрийг өндөрт өргөхийг зорьж, 2021 оноос Дорнод аймгийн үндэсний сур харваач¬ дын холбоо, Баяндун сумын “Халиун-Өндөр” багт харьяалагдах болсон. Энэ нутаг уудам тал газартай болохоор харваачдынх нь хараа хурц, сэтгэл нь уужуу байдаг юм. Хөлөнбуйр сум бол аавын минь төрсөн нутаг. Нутгийнхаа наадамд оролцчихоод тус сумыг зорьсон. Аавынхаа нутгийн 80 жилийн ойн баярт уригдаж, зон олонтой нь анх удаа наадлаа.
-Баяндун сумд сургуулиа төгсөж ирээд 30 гаруй жил амьдарлаа хэмээн наадмын үеэр цол хүртэхдээ дурссаныг тань санаж байна.
-Нөхөр АШУҮИС-ийг 1996 онд төгсөж, намар нь бид тус сумд таван жил ажиллахаар томилогдсон юм. Тэр цагаас нутаг усных нь уугуул иргэд шиг амьдарч өнөөг хүргэлээ. Үр хүүхдүүд минь энэ нутагт төрж өсөн, ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн болохоор бэлгэшээдэг юм. Хань минь үндэсний сур сонирхож харвадаг. Сумын эмнэлгийн дарга болохоор тууштай хичээллэх зав ховор. Би анагаах ухааны дунд сургуулийг төгссөн. Бага эмч, сувилагч мэргэжилтэй. Одоо багийн эмчээр ажилладаг. Намайг бэлтгэл хийлгэж, улсын наадамд оролцуулахын тулд хань минь багуудаар явж, иргэдийн эрүүл мэндэд санаа тавих гээд ажил ихтэй байдаг. Надад чөлөө олгож, сургуулилалт хийх боломжоор ханган, амжилт гаргахад минь анхаарал хандуулж ирсэн ханьдаа баярладаг юм.
-Сурын спортод нас харгалздаггүй тул хэдэн жил хичээллээд амжилт гаргасан харваач цөөнгүй бий. Улсын цол хүртсэн эмэгтэй харваачдаас таныг хамгийн ахмад нь гэж сонслоо.
-Би энэ жил гавьяаныхаа амралтад гарна. Эмэгтэйчүүд 55 нас хүрэхээр ахмадын ангилалд сур харвадаг. Өнгөрсөн хавар ахмадын УАШТ-д оролцож, мөнгөн медаль хүртсэн. Миний хувьд улсын цол хүртсэн эмэгтэй харваачдаас хамгийн ахмад нь болж байна. Х.Оюунчимэг мэргэн 2011 онд 51 насандаа анх түрүүлж, 54-тэйдээ улсын наадамд жил дараалан дөрөв дэх удаагаа түрүү харваачаар тодрон Монгол Улсын дархан мэргэн цол хүртсэн. С.Энхтунгалаг харваач 1986 онд улсын мэргэн, 2015 онд 53 насандаа Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн түүхтэй. Энэ жилийн улсын наадмын үндэсний сур харвааны V байрт шалгарсан харваачаас “Чи хэдэн настай вэ” гэж асуухад 20 настай гэж хариулсан. Сурын талбайд 20, 30, 40 настай залуу харваачидтай ана мана өрсөлдөж, улсын цол хүртсэндээ өөрөөрөө их бахархсан. Амжилт амархан ирдэггүй. Олон жил тууштай хөдөлмөрлүүлсэн хичээл зүтгэл минь намайг зорилгоо биелүүлэхэд нөлөөлсөн гэж боддог. Сурын спортод нас харгалздаггүй. Хүн зориод хичээллэвэл хэдэн насандаа ч амжилт гаргаж болдгийг биеэрээ үлгэрлэж харууллаа.
-Наадмын эхний өдөр аймгийн мэргэн С.Хулан та хоёр нэг ч сум алдалгүй 20 онож, оноогоор тэргүүлж эхэлсэн. Түүнтэй зуузай холбож харвах таныг нэг талаар хурцалсан байх.
-Тэрбээр нэг ч сум алдалгүй 20 онож, надтай эн тэнцүүхэн өрсөлдсөн. Тухайн үед “Товхонд гарч, жаахан охинд ялагдвал яана даа” гэж битүүхэндээ эмээж байлаа. Нас залуу тул туршлага дутаж, дунд өргийнхөө адагт гурван сум алдан надаас оноогоор хойно хоцорсон. Улсын мэргэн Л.Одсайхан, аймгийн мэргэн Л.Мөнхзул нар онооны хол зөрүүгүй араас нэхэхэд тэдэнтэй товх харвахгүй юм сан гэж их хичээсэн шүү. Учир нь би олон жил товхонд босож, түрүүгээ алдсан болохоор “Сум алдахгүй заавал онох ёстой” гэж өөртөө хэлж байлаа.
-Мэргэн тодрох харваанд олны дуу чимээнээс өөрийгөө тусгаарлах шиг санагдсан. Зурхайд төвлөрч хэсэг зогсоод сүүлийн сумаа тавьсан шүү дээ.
-Харваачид оноо өндөрсөх тусам сэтгэл нь догдолж, алдаа гаргадаг. Надад ч гэсэн алдсан удаа бий. Би энэ жил бэлтгэлээ базаахын зэрэгцээ сэтгэл зүйгээ сайтар бэлдсэн. Ажлынхаа хажуугаар бясалгал хийж, сүүлийн дөрвөн сум дээр илүү хөдөлгөөн хийлгүй анхаарлаа төвлөрүүлэн өөрийгөө хянаж сурсан. Нэг ч сум алдахгүй харвахыг дотоод мөн чанартаа суулгасны үр дүн гарлаа. Сүүлийн гурван жил наадмын харваанд 38 оносон харваач түрүүлж, улсын цол хүртэж байна. Энэ жил надад 39 онох боломж байв. Нумыг олон цаг амраахаар хатуурдаг. Орой салхи сэвэлзэж, цаг агаар сэрүүвтэр болоход сумаа давуулах вий гэж ширгээж харваад алдсан. Хүний сэтгэл зүйд бодол нь маш хүчтэй нөлөөлдөг. Ингэж нэг сум алдсанаас биш өөртөө итгэлтэй харвасан. Бэлтгэл хийхдээ цаг хоорондын зайг сайн тооцоолж, өглөө 08.00 цагт босож харвасан бол өдөр 12.00 цагт харвана гэх зэргээр нумаа ямар байгааг шалгаж, тогтоох бэлтгэл шаргуу хийсэн.
-Наадам эхлэхээс өмнө бясалгалд явав уу?
-Би бясалгал хийхдээ тусгайлан багшаар заалгаагүй. Өөртэйгөө их ажилласан. Сурын талбайд харваж зогсоход надад ямар мэдрэмж төрөх вэ. Наадмын тухай дуу сонсоод огших бус, харин ямар ч үед өөрийгөө хянаж сурах нь чухал гэж бодож гэртээ бясалгал хийсэн. Үүний давуу талыг мэдэрлээ. Би ямар ч ажилтай байсан бэлтгэлээ хэзээ ч хойш тавьдаггүй. Өглөөнөөс орой болтол харвахдаа 80-120 сум тавьдаг. Энэ удаа өмнөхөөсөө өөрөөр бэлтгэл хийж үзэхээр шийдэж, аргаа өөрчилсөн юм.
-Түрүүлэх харваачид тухайн жилийн наадам онцгой санагддаг гэдэг. Танд хэн нэ¬гэн ийм мэдрэмж төрүүлэх үг хэлсэн биз?
-Би энэ удаа илүү хичээж харвасан. Нум, сум ч сайн зохицож таарлаа. Харваачдад амжилт гаргах цаг хугацаа гэж бий. Тэр тохироо нь энэ жил бүрджээ гэж бодож байна. Намайг цол хүртэхэд “Чи сумынхаа түүхт ой тохиосон жил түрүүллээ. Нутгийнхныгаа ингэж баярлуулах гэж олон жил хүлээсэн байна” гэсэн. Мэргэ үе босож, нэгдүгээр зурхайд харваж байтал миний 20 дахь сум хугарчхав. Тэгтэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү ах “Гандаваа чиний сум оноод хугарлаа. Бүх сайн зүйлийг тань нээж, муу болгоныг чинь хааж байгаа юм. Цаашдаа хичээж харваарай” гэж хэлэхэд нь баярлаж, бэлгэшээсэн.
-Өнгөрсөн жилүүдэд багшаасаа суралцаж, өнөөгийн амжилтад хүрэх туршлага чамгүй хуримтлуулсан гэж бодож байна.
-Миний багшийг Д.Дугарсүрэн гэдэг. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, аймгийн гоц харваач, спортын дэд мастер цолтой. Багштайгаа анх сонин тохиолоор танилцаж, шавь нь болж билээ. Тус сумд хөл тавиад найман жил ажиллаж, амьдрахдаа үндэсний сур харвааны талаар юу ч мэддэггүй байв. Нэг өдөр айлд зочлохоор явж байтал голын эрэг дээр хэдэн залуус сур харваж харагдлаа. Хажуугаар нь өнгөртөл тэднээс нэг нь “Алив, чи нэг сур харваад үз дээ” гэв. Тухайн үед сур харвааны хэрэгсэл ховор. Байт харвааны нумыг эрхийвчгүй гурван хуруугаараа татаж, хэрхэн харвадгийг заалгаж байгаад нэг сум тавьтал оночихлоо. Тэгтэл багш олзуурхаад “Чи хи¬ чээллэ. Сур харвахаар хүн байна” гэж урам хайрласныг одоо ч мартдаггүй юм. Ингэж багштайгаа санамсаргүй танилцаж, сурын спортод хөл тавьсан. Завхан аймагт 2005 онд очиход найз минь “Чи сур харвах сонирхолтой. Чамд нум бэлэглэе” гээд сумын төвийн захиргаа руу дагуулаад явлаа. Очтол олон нум хураалттай, харвадаг хүн байсангүй. Тэгтэл найз минь “Нэгийг сонгоод ав” гэхэд нь харж байгаад захаас нь цагаан нум автал Батмөнх багшийнх байж таарав. Эрэгтэй хүний харвадаг нум болохоор хөвчилж чадахааргүй хатуу байсан. Би тэр нумаар 2009 он хүртэл харвасан.
-Нум, сум ховор үед залуус нэг нумаар ээлжилж, бэлтгэл хийдэг байсныг ахмад харваачид дурсаж ярьдаг л юм.
-Тэр үед олон харваач байгаагүй. Нэг нумаар эрэгтэй, эмэгтэй найман харваач өглөөнөөс орой болтол хөвчийг нь буулгалгүй, ээлжилж харвана. Надад тэр нум одоо ч хадгалаастай байдаг. Үндэсний сур харвааг тэр нумаар анх сурсан болохоор хайрлаж нандигнадаг юм. Хадгаар ороож, нумныхаа хамгийн дээр залсан. Миний амжилтын зам дардан байгаагүй. Харваачдад тулгардаг саад бэрхшээлийг туулж, ард нь гарсан. 2008 онд хүнд гэмтсэн ч сур харвахаа орхиогүй. Бэртлээсээ болж, хоёр жил өнжиж, 2010 оноос сурын талбайд эргэн ирснээр улсын наадамд харваж эхэлсэн.
-Та улсын цолтнуудаас Даяар дуурсах мэргэн Б.Пунсалдуламтай түрүү байрын төлөө цөөнгүй товхолсон санагдах юм.
-Тийм ээ. 2016 онд болсон улсын наадмаар түүнтэй түрүү байрын төлөө товхолсон. Тэрбээр түрүүлж Монгол Улсын мэргэн, харин би II байр эзлэн улсын гарамгай харваач цол хүртэж байв. Түүнээс хойших улсын наадамд гурван ч удаа товх харвасан. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн наадмаар мөн түүнтэй товхлохдоо нэг сум алдаж, аман хүзүүдсэн юм. Олон удаа товх харвахаар сүүлдээ эмээхээ ч больчихдог. Өмнөговь аймагт 2014 онд зохион байгуулсан УАШТ-д улсын гоц харваач О.Чинзүрхтэй II байрын төлөө 74 метр хүртэл ухарч харвасан. Эмэгтэй харваачид 65 метрээс харвадаг. Есөн метр ухарсан харваанд би товхоо авч байлаа. Энэ жил Налайх дүүрэгт болсон УАШТ-д бид хана харвааны тэргүүн байрын төлөө товхлохдоо найман метр ухарсан. Миний хувьд түүний даруу төлөв, тусархуу зангаар бахархдаг. Улсын баяр наадмаар түүнийг түрүүлж, цол хүртвэл наадамчин олон нэг их гайхахгүй.
-Харваачид таныг Мягмар хэмээх залуугаар нумаа олон жил хөвчлүүлсэн гэж ярих юм билээ.
-Энэ жилийн наадмаар ч гэсэн түүгээр хөвчлүүлсэн. Би өмнө нь хатуу нумаар харвахдаа хөвчилж чаддаггүй байлаа. Тэрбээр нумыг минь хөвчилж өгөх бүрдээ “Бүрэн буугаарай” гэж ерөөдөг. Би хавар эмэгтэйчүүдийн багийн харваа эхлэхийн өмнө Улаанбаатарт ирсэн. Тус тэмцээнд багийнхантайгаа оролцож, наадмын бэлтгэлээ үргэлжлүүлсэн юм. Намайг улсын цол хүртээд очиход хань минь хашаа хороогоо янзлаад, байшингаа барьчихсан угтлаа. Эмэгтэй хүн тулж түших сайн хань, ойлгож дэмжих хүмүүстэй байж урагшилдаг. Спортын талбарт унаж, босоход минь түшиж, олон жил дэмжиж ирсэн ханийнхаа хүчинд би улсын мэргэн цолны эзэн боллоо.
-Таны охид сур харваагаар сонирхож хичээллэдэг үү?
-Манайх хоёр охинтой. Том нь волейболын дасгалжуулагч. Бага нь эмч мэргэжилтэй, БНХАУ-ын АШУИС-ийн уламжлалтын бариа заслын их эмчийн ангид суралцаж төгссөн. Би багадаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байв. 1986 онд УАШТ-д түрүүлж, алтан медаль хүртэхэд аймгийн захиргааны удирдлага хүлээн авч, шагнасны дараа сонинд гарч мандлаа. Амжилтаасаа урам авч, хичээсний үр дүнд аймгийнхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, тамирчидтай нь хамт бэлтгэл хийдэг болсон юм. Намайг улсын цол хүртэхэд тэд холбогдож, баяр хүргэхдээ “Чи хөнгөн атлетикийн тамирчин байхдаа тууштай зантай хүүхэд байсан. Одоо ч спортын замналаа үргэлжлүүлсээр яваа чамаар бахархаж байна” гэж урам хайрласан шүү.