“Нутгийн зөвлөл” гэсэн нэршилтэй байгууллагууд 1990-ээд оны эхэн үеэс үүссэн бөгөөд өдгөө Монголд 21 аймаг, 330 сум бүр томоохон хот суурин газарт төлөөлөл бүхий өөрийн гэсэн нутгийн зөвлөлтэй. Нэг сумаас л гэхэд хэд хэдэн хот, суурин газарт зэрэгцсэн үйл ажиллагаа явуулж буй нутгийн зөвлөл байдгаас харахад энэхүү албан бус сүлжээний бараг хязгааргүй гэж хэлж болохоор “нийгмийн сүлжээний матриц” үүсэх боломжтой байна” хэмээн антропологич Ш.Туяагийн “Нутгийн зөвлөл ба албан бус улс төрийн хүч” судалгаанд онцолжээ. Энэ жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Увс аймгийн нутгийн зөвлөлийн сүлжээ, жишээн дээр үндэслэсэн уг судалгааг 10 жилийн өмнө Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн орон нутгийн ардчилал, засаглалын талаарх төслийн хүрээнд хийж байж. Хэдэн жилийн өмнө “Увс хүн” гэдэг хөтөлбөр гарч, ном нь хүртэл хэвлэгдэж, багагүй маргаан, наргиан болсон нь ч Увсын нутгийн зөвлөлийг судалгаандаа сонгох нэг шалтгаан гэнэм.
Увс аймгийн Тэс зэрэг сумын нутгийн зөвлөл Улаанбаатар хотод байхаас гадна Эрдэнэт, Дархан, Сэлэнгэд зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй адил Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгийн зөвлөл гэхэд Улаанбаатар хот, Эрдэнэт, Дарханд бий. Цаашлаад сумдын нутгийн зөвлөл аймагтаа ч давхар байдаг, бүр харь хамаагүй өөр аймгийн огт хамааралгүй сумд хүртэл салбараа байгуулчихдаг болсон. Энэхүү өргөн сүлжээг орчин цагт улс төрийн зорилгоор түлхүү ашиглаж, хэн нэгнийг албан тушаал ахиулах, бизнесийн харилцаа үүсгэх, бөхчүүд, тамирчид, урлаг соёлынхныг дэмжих зэрэгт нөлөөллийг нь урдаа барьдаг. Нааштайгаар харвал нутгийн зөвлөлүүдийн гол үүрэг нь улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, спорт болон урлаг соёлын элитүүдийг удирдлагадаа оруулах замаар төрөлх нутагтаа туслалцаа үзүүлэх, хөгжил дэвшилд нь хувь нэмэр оруулах, ядарсан цагт нь нэгэндээ дэмжлэг үзүүлэх явдал. Нөгөөтээгүүр, энэхүү нэгдлүүд нь олон нийтийн өмнө нийгмийн үүрэг хариуцлага бий болгох чухал боломжийг олгох бөгөөд оронд нь нийгмийн зөвшилцлийг олж авдгаараа нөлөө их. 1990 оноос Монголын сонгуулийн тогтолцоо засаг захиргааны нэгжүүдтэй уялдаатай болсон учраас энэ нь улс төрийн үйл явц дахь орон нутгийн гүйцэтгэх үүрэг, орон зай үлэмж нэмэгдэх үндэс суурь болсоор ирсэн.
Шууд утгаараа нутгийн зөвлөл гээч нь өнөөдөр улс төрчдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлдэг мафижсан бүлэглэл, олигархи байгууллага болсон тухай олон хүн шүүмжилдэг. Сонгууль ойртохоор “ичээнээсээ” гарч, үйл ажиллагаа нь өргөжин идэвхэждэг, бусад үед усанд хаясан чулуу шиг аг чиг оргино. Сонгуулийн жил дөхөөгүй л бол нутаг оронд нь ган, зуд, байгалийн гамшиг осол тохиосон ч нүдэн балай, чихэн дүлий суудаг хүмүүс. Тэгсэн хэрнээ ямар нэг тэмдэглэлт үйл явдал, түүхт ой, баяр наадам болохоор хот, аймгийнхнаа удам судраар нь хөөн бүртгэж, дур дураараа давхардуулан мөнгө хураана. Нутгийн нэрээр ард иргэдээс мөнгө татаад, алдар хүндийг өөрсдөдөө наана. Хаана ч тал алдахгүй хожоогоо тооцдог тэдэнд хандиваа хангалттай өгөөд, түүхт ойдоо зорьж очсон өндөр настанд зохих хүндэтгэл үзүүлэх хэмжээний зохион байгуулалтыг хийх сэтгэл ч байдаггүй.
Энэ тухай нэгэн иргэн саяхан “Аймаг, сумдын нутгийн зөвлөлийг шинэ шатанд гарган ажиллуулах цаг нь болсон. Ганц шинэ жил зохион байгуулахын тулд 300 000-500 000 төгрөгийн такс авна. Наадмаар нутгаас хэн нэг бөх түрүүлбэл эх орон, аймаг, сумынхаа хамаг баялгийг цөлмөж луйвардсан, газрын наймаачин, луйварчдаасаа том том жип машин, хаус байшин өгүүлснээ ихээхэн буянтны дүр эсгэнэ. Ядарсан нэгэндээ туслахгүй, орон нутгийн иргэдийн дуу хоолойг сонсохгүй, эрх ашгийг нь хамгаалахгүй. Наадмаар барьсан нутгийн зөвлөлийн гэрт нь жирийн иргэд орох эрхгүй, олигархи бүлгэмийн хурал, наймаа, найраа, нууцын өргөө болсон байна. Хөгшин эцэг минь усан борооноор майханд хэд хонолоо” хэмээн нийгмийн сүлжээнд шүүмжилсэн байсан. Эцэг өвгөдийн нэрийг бодоод нутаг орондоо хандивласан мөнгө төгрөг нь хаашаа орсон нь тодорхойгүй, хэдхэн бөх, морины бай шагналд зориулагдаад өнгөрвөл хэнд ч хайран санагдана.
Наадам, Цагаан сар зэрэг үндэсний томоохон баяр ёслолын үеэр монгол түмний үүх түүх, өв соёлоороо бахархах омогшил, эрхт төрөө дээдлэн хүндэтгэх, эв нэгдлээ бататган бэхжүүлэх сэтгэхүйн дархлаа сэрдэг. Бөхийн өргөө, “UB palace”-ыг пиг дүүргэдэг Цагаан сарын золголт, бөхийн барилдааны үеэр улс төрчид нам харгалзахгүй тэврэлдэн, сугадалцаж, манай, танайгүй хамтран хөрөнгө босгож, сум орон нутгийнхаа бүхий л арга хэмжээнд санаа нэгтэйгээр оролцдог. Нутгийн зөвлөл гээч нь нэг талаас харахад эв нэгдлийг хангаж буй мэт боловч хажуугаар нь хамгийн их хагалан буталдаг. Овог аймагт хуваагдсан хэвээрээ удаан явж ирсэн нүүдэлчин монголчуудын “цусанд” байдаг нутгархах үзэл, жалга довны маргааныг хамгийн их өдөөдөг нь мөнөөх нутгийн зөвлөлүүд болоод тэдгээрийн дэд бүтцүүд буюу бөхийн холбоо, дэвжээ, морины галууд юм. Фракцуудын хооронд хүчний хуваагдал үүсгэх, эсвэл тэнцвэрийг хадгалах, эсэх нь тэдний гарт байдаг.
Уугуул нутгаа хүлээн зөвшөөрөх энэ нийгмийн үүргээс татгалзах юм уу, үгүйсгэх нь олонх монгол хүний хувьд санаанд багтамгүй бэрхтэй зүйл учраас эдгээр байгууллагуудын энэхүү өвөрмөц хэлбэрийн идеологи ихэд амжилттайгаар хүчээ авсаар байна. Тийм л учраас Эрдэнэт дэх сумынхаа нутгийн зөвлөлийн дарга болохын төлөө үеэл ах, дүүс хоорондоо уралцаж, тангараг тасарсан явдал гарч байв шүү. Аль нэг сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга, адаглаад гишүүн нь байна гэдэг өнөө цагт зэгсэн сурамгай хор найруулдаг “цүнх баригч”-ийн бүтээж чадах ажил болсон гэдэг. Хожил нь хол бус, сонгуулиар буюу ойрын 2-3 жилдээ л гарах учраас тэр.
Хорооныхоо нийтийн хурал, СӨХ-ны цуглааныг төдий л ойшоодоггүй нийслэлчүүд хүртэл нутгийн зөвлөлийн золгуут, хуралдаа очиж амжаагүй бол “хүний мөсгүй явдал боллоо” гэж эмзэглэх, магадгүй “нутгийн зөвлөл” “уугуул нутаг” хэмээх тойргоос шахагдах хүртэл нь бат суулгасан ойлголт энэ болой. Ялангуяа сонгуулийн сураг ойртсон үед аймаг, сумд нь зуд болбол малчдад хэрхэн туслах вэ гэдэг асуудал нийслэлийн төдийгүй хот суурин газрын нийт иргэдийн “тулгамдсан асуудал мөн” гэж итгэтэл нь нутгийн зөвлөлийнхөн сэнхрүүлнэ. Нутаг нутгийн зөвлөлд албан ёсоор хуваагдсан иргэдтэй, тэд нар нь нийслэлд тулгамдсан асуудлаас илүүтэйгээр уугуул аймаг, сумынхаа цас зудыг чухалчилдаг.
“Америкийн хөгжил дэвшлийн нууцыг чухам овог отог, арьсны өнгө, шашин шүтлэгийг давсан нийтлэг эрх ашгийг бий болгож чадсан явдал хэмээн бахархаж бичдэг. ХХ зууны Монголын соёлын довтолгооны бас нэг том ололт нь жалга довны үзэл санаанаас давсан “БНМАУын иргэн”, “Монгол эх орон” зэрэг үндэстний нийтлэгийг бүтээж чадсан явдал байлаа” хэмээн нийтлэлч Б.Цэнддоо нэгэнтээ бичсэн нь бий. Өнөөдөр цэрвэн муулдаг социализмын он жилүүдэд тэгж яривал монголчуудыг үндэсний нийтлэг үнэт зүйлтэй болгох олон ажил хийгдсэн гэдэг. Наад зах нь бөхчүүдийг хүртэл аль нэг аймаг, орон нутгаар цоллон дуудахаас зайлсхийж, биеийн тамир, спортын нийгэмлэгүүдийн өмнөөс барилдуулж байжээ.
Ерөөс хүн төрөлхтний хөгжлийн түүх бол ураг садан, жалга довны нэгдлээ даван туулж, үндэсний эрх ашгийн нийтлэгтэй болж чадсан шаштир байтал монголчууд улам бүр ухарсаар. Бид улс үндэстний нийтлэгээсээ ухарч, нутаг усны буюу овог аймгийн эрх ашгийн нийтлэг рүүгээ яваад байвал юу болох вэ. “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Харин монгол хүн явсан газартаа нүүртэй байхаас илүү нутаг орондоо нэр төртэй очихыг эрхэмлэдэг. Амьдарч, ажиллаж буй дүүрэг, хот, Монгол эх орныхоо сайн сайхны төлөө гэсэн нэгдмэл цул ойлголтыг өдрөөс өдөрт хүнийшүүлж, жалга довны хандлагыг өрдөн өөгшүүлж, хэтдээ задралд хөтөлж буй нутгийн зөвлөл гээчийг үйл ажиллагааг нь өөрчлөх, эсвэл татан буулгахаас өөр зам алга.
Л.Аргамжин