Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн санаачилгаар УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг дахин хийлээ. Уг нь энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн нэгдүгээр сард хийгээд гэм буруутай, эсэхийг дэнслэхээр шүүхэд шилжүүлсэн. Нэгэнт шүүхэд шилжүүлсэн байтал дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шүүгдэгчдийн өмгөөлөгч нар энэ үеэр илэрхийлж байв. Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ хурлыг удирдан явуулаад урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаав.
Эл хэргийг тус шүүх энэ оны хоёрдугаар сард хэлэлцээд Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноосон бол З.Энхболдыг цагаатгасан билээ. Харин давж заалдах шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд эл хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон юм.
ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр руу нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэмээн буруутгасан билээ. НПГаас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард болсон анхан шатны шүүх хурлын дараа Б.ЭнхАмгаланг цагдан хорьсон бөгөөд түүнээс хойш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсаар байв. Энэ хугацаанд түүний биеийн байдал муудаж, дөрвөн ч удаа эмнэлэгт хэвтсэн бөгөөд өдгөө УНТЭ-т хүргүүлэн эмчлүүлж буй аж. Түүний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт өчигдөр шүүхэд гаргасныг хүлээн авч, хэргийг прокурорт очтол түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. З.Энхболдод ийм таслан сэргийлэх арга хэмжээ үйлчилсээр буй аж Амьгүй донорын ар гэрийнхэнд олгох тэтгэмжийн хэмжээг нэмэв
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн хуралдаж, тогтоолын дөрвөн төсөл баталлаа. Тодруулбал, Нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг эцэслэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны орлогод тооцох жилийн хүүг 11.34 хувиар тогтоосон байна. Мөн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж буюу оршуулгын зардлын хэмжээг 2021 оноос хойш мөрдөж буй, гурван сая төгрөг олгож ирснийг хэвээр үлдээжээ. Харин амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 4.5 сая төгрөг болгон нэмсэн аж. Өмнө нь нас барагч нийгмийн даатгал төлдөг байсан тохиолдолд л ар гэрийнхэнд нь оршуулгын зардал олгодог байв. Тэгвэл сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг ор хоног нь 110 000 төгрөг байхаар тогтоосныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.