Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор О.БАТСАЙХАН
Энэ жил Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 390 жилийн ой тохиож, монголчууд бид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өргөн дэлгэр тэмдэглэж, Бурхны шашны тэргүүн Богддоо Бат-Оршил өргөж буй билээ.
ХХ зууны эхэн болоход Богд Жавзандамба хутагтын их шавийн шууд захиргаанд арван хэдэн мянган өрх, 100 мянга гаруй хүн ам, түүний дотор 20 гаруй мянган лам, 100 илүү хүрээ, хийд, тэдний жас харьяалагдаж байжээ. Харин Богдын шууд бус нөлөөнд 100 мянга гаруй лам, 1000 шахам сүм, хийд харьяалж байсан гээд үзвэл Богд гэгээний тухай ойлгоход арай дөхөм болбу. Богд гэгээний шавь нар бол олон хошуунаас өргөгдсөн хүмүүс байсан билээ. Богдын шавь нарын тоо ийм олон болсон ч тэд тусгайлан эзэмшил нутаггүй байсан нь Богд Жавзандамба хутагтын монголчуудын дунд эзэлж байсан байр суурь, нэр хүндээс хамаарсан хэрэг юм. Анхдугаар Богд Жавзандамба хутагт Түшээт ханы гэр бүлээс гарсан тул тус аймгийн нутгийн дотор хамжлага шавь нартайгаа чөлөөтэй нүүдэллэн нутаглах эрхтэй байжээ. Үүнийг Жавзандамба хутагтын элч Халхын гурван хошуунд улаа унах эрх бүхий байсан зэргээс тодорхой харж болно. Тиймээс “Богд Жавзандамба хутагт Халх дахины тахисан их лам” хэмээн хүндлэгдэж байсан хэмээн эрдэмтэн Ш.Нацагдорж гуай тэмдэглэжээ.
Мөн түүнчлэн Манжийн хаан Жавзандамба хутагтыг Халхын шашны тэргүүн мөн гэж албан ёсоор баталж, түүний шавь нарыг Халхын ямар ч хошуунд нутаглаж болохыг зөвшөөрсөн нь Богд Жавзандамба хутагт, түүний институц (ёс, тогтолцоо) Халх даяар үйл ажиллагаа явуулах, нэр хүнд, нөлөөгөө тэлэх боломжийг илүү олгожээ. Үүнийг Тэнгэрийн тэтгэсний 37 он буюу 1772 онд Богдын шавь нарын нутгийг “Дөрвөнаймгийннутагт дураарнутаглуулахаар” Тарнын голын Ширээ цагаан нуурын газарт Дөрвөн аймгийн чуулганаар хэлэлцэн тогтож, баталгаажуулжээ.
БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ШАВЬ, ОТОГ САНГИЙН ТУХАЙД
16 дугаар зуунаас Монголд хүчтэй дэлгэрсэн бур¬хны шашин, түүний тэргүүний үйл ажиллагааг илүү ойлгохын тулд Богдын сангийн тухай эрх биш товч боловч дурдах нь зүйтэй юм. Энэ талаар эрдэмтэн Ц.Насанбалжир гуай “Жавзандамба хутагтын сан” томоохон өгүүлэл бичжээ.
Анхдугаар Богд Өндөр гэгээнд ноёд болон ард олноос лам, хар хүмүүсийг шавь болгон өргөснөөр шавь отгийн үүсэл тавигджээ. ХХ зууны эх болоход Богдын их шавь хэмээн монголчуудын үлэмж нөлөө бүхий захиргааны нэгж болов. Их шавь Халх Монголын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт нар өөрийн олон шавьтай байсан бөгөөд тэднийг бусад хутагтын шавь нараас ялгахын тулд Богдын шавь буюу их шавь хэмээн нэрлэжээ. Өөр өөрсдийн өргөсөн хошуудад амьдарч байсан их шавийн ардууд нь тусгай нутаг дэвсгэргүй байсан юм. Манж нар 1639 онд анх үүссэн Халхын шашны, тэргүүн Богдын шавь нарыг хэвээр нь үлдээж тэднийг Эрдэнэ Шанзавын яаманд харьяалуулсан. Богдын шавь нь дотроо отогт хуваагдана. Халхад шарын шашин хүчтэй дэлгэрч Хутагтын шавь нарын тоо нь 700 хүрвэл Манжийн хаанаас Хувилсан хутагт хэмээн нэрлэж тамга олгож байсан. Тамгатай 11 (Богд хааны үед хоёр нэмэгдэж, 13 болжээ), тамгагүй таван хутагт байжээ. Шавь нар нь тусгайлсан нутаг дэвсгэргүй ч аймагтай тэнцэх нэгж болон томорч тэднийг Эрдэнэ шанзавын яам харьяалдаг байв. 1925 онд Их шавийг халж, Дэлгэрхан уулын аймаг хэмээх шинэ аймгийг байгуулж, их шавийн отгуудыг хошуу болгон өөрчлөн зохион байгуулсан ба тамгатай 13 хутагтын шавь нарыг хошууны зохион байгуулалтад оруулсан байна.
Шавь нарын засаг захиргааны үндсэн нэгж нь отог байв. Засаг хошуудын нутаг дахь шавь нар нь отог, баг, Хүрээн дэх шавь нар нь 30 аймгийн харьяалалд багтсан бүтэцтэй байжээ. Академич Ш.Нацагдорж бээр отог нь “гал голомт” хэмээх утгыг илэрхийлнэ хэ¬мээн бичсэн буй. Анхны отог нь Бөх ламын отог нэртэй байсан тухай эрдэмтэн Д.Цэдэв тэмдэглэсэн байдаг. 1767 оны үед Дархад, Баруун хүрээний, Эрдэнэцоржийн, Зүүн Хүрээний, Ачит номун ханы гэх зэрэг 17 отог байсныг их отог хэмээн хожим судлаачид нэрлэсэн буй. Дархадын отог шавь Жавзандамба хутагтын шавь, тусгайлан эзэмшсэн нутагтай шавь нар нь ганцхан хар дархад шавь нар юм. Дархадын отог Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу нутгаар нутаглаж байв.
Их шавийн отог хэмээх нь аймаг хошуудаас Богдод өргөсөн ард иргэдийг хуваан захирсан орон нутгийн засаг захиргааны нэгж байв. ХХ зууны эхэн үеийн шавь отгийн талаар Магсар хурц: “хуучин хууль дор ороогүй Жавзандамба хутагтын шавийн хүн ам үржиж нэгэн аймгийн адил болсон”, хожим “цөм отог хэмээн нэрийдсэний хамт гучин их отог болсон”, “халхын тамгатай хутагт нарын шавь нар нэгэн лүгээ адил отог нэрийдэн бүгд дөчин гурван отог дор засаг хошууны зэрэг дэв олгуулахаар хууль дүрэм тогтоосон зүйл буй” гээд Жавзандамба хутагтын шавь отгуудыг нэрлэжээ. Үүнд Баруун хүрээний, Эрдэнэ номун ханы, Хэрлэнгийн, Шадарын, Их барга, Гүенгийн, Хараагийн, Мэргэний, Хараагийн, Завилангийн, Тав¬нангийн, Хийдчиний, Эрхэмийн, Дархадын, Манзу¬ширын, Дүйнхэр хутагтын, Тунгалаг билэгт хутагтын, Номч билэгт хутагтын, Эрдэнэ хамба хутагтын, Мэргэн бандид хутагтын, Аграмба ноён цоржийн, Эх дагинын, Чин сүжигт Чин ван ламын, Чин зоригт чин ван ламын, Билэгт нэйс улсад туслагч гүн ламын, Нягт билэгт улсад туслагч гүн ламын, Зоригт баатар бэйсийн, Хөвсгөл нуурын урианхайн гүнгийн, Соёд урианхайн гүнгийн, Харчины итгэлт гүнгийн харьяат отог гэжээ.
БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН САНГИЙН ТУХАЙД
Богд Жавзандамба хутагтад шавь нар болон сүсэгтэн олноос өргөсөн мандал даншиг, өргөл барьцын үлэмж их зүйлс, алт, мөнгөн эрдэнэсийн ховор нандин бараа, олон тооны мал, хөрөнгө хуримтлагдсан нь Богд гэгээн болон түүнийг тойрсон бүхий л үйл ажиллагааны зоог шүүс, гэгээнтний хувцас, орд өргөө, сүм дугана, хурал номын зардлыг бэлтгэдэг аж ахуй үүсэх шаардлага нэг ёсоор буй болжээ. Анх 1650 онд Богд Жавзандамба хутагтад бараа бологч лам нар сангийн үйл ажиллагаа эрхлэх болж, шанзодба (Шанзудба-монголоор мутрын сан баригч хэмээх утгатай үг. Монголын шашны тэргүүн Богд Жибзундамба хутагтын шавийн хэрэг, засаг захиргаа, санхүү, жас, аж ахуйгаас эхлээд тэдний явах суухыг хүртэл хамааран захирч байсан албан тушаал) байгуулагджээ. 1651 онд Богдын хүрээнд Андуу нар, Жас, Сангай, Зоогой, Хүүхэн ноёны, Дархан эмч, Өрлүүдийн гэсэн долоон аймаг байгуулагдав. Жасын аймаг нь хүрээ, хийдийн хурал, номын зардлыг бэлтгэх ажлыг, Сангай аймаг нь Богдын сангийн аж ахуйг, Зоогой аймаг нь зоог шүүс бэлтгэх хэргийг тус тусдаа эрхлэн, үйл ажиллагааны зааг ялгаа тогтоосон байна. ХХ зууны эх болоход Богдын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аймгийн тоо 30 хүрч, хамгийн сүүлд Эх дагинын аймаг байгуулагджээ. Эдгээр аймаг Богд гэгээнтний бүхий л үйл ажиллагааг тогтвортой, найдвартай хангах үүргийг хүлээж, түүнийгээ чанартай гүйцэтгэхийн төлөө улс орны өнцөг булан бүрээс төрөл бүрийн чадалтай хүмүүсийг урин залж ажиллуулдаг байв.
Богд Жавзандамбад өргөсөн даншиг, мал хөрөнгө жилээс жилд өссөөр, нэг дүрээс нөгөө дүрд шилжихдээ улам нэмэгдэж байлаа. Богд Жавзандамба хутагт нь Халх монголчуудын шашны тэргүүн тул түүний сан¬гийн сүрэг малаас улаа унахыг хориглож байжээ.
1911 оны Монголын үндэсний хувьсгалын дараа сэрсэн Монгол Улсын эзэн Богд хааны зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичигт уг асуудлыг нарийвчлан зааж оруулсан байна.
БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН БАТ-ОРШИЛ ӨРГӨХ ЁСЛОЛ
“Жавзандамба хутагтад Бат-Оршил өргөж, Халхын хэмжээгээр хийдэг наадам” байсан тухай Н.Магсаржавын “Долоон хошуу наадам” номын өмнөтгөл, тайлбар сэлтийг бичсэн Ч.Хасдорж бээр бичсэн байна.
Мөн архивын баримт бичигт “Манай язгуурын багш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж, үүрд тахихын тулд Халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж, наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам халхчуудын журамлан явах хууль болов” хэмээсэн байна. Энэ бол 1639 онд Монголын бурхны шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтыг ширээнд өргөмжилсөн үеэс Бат-Оршил өргөх ёслол наадам эхлэлтэй болохыг нотлон илэрхийлсэн баримт болно.
Ийнхүү өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд суман дахь Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар Богд Жавзандамба хутагтыг Халх Монголын бурхны шашны тэргүүний ширээнд өргөмжлөн, Бат-Оршил өргөж, Шар бүсийн ордон байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэлийн эхлэл болжээ.
Энэхүү 1639 оны Богдын Бат-Оршил өргөх ёслолоос хойш хэд хэдэн удаа Халхын долоон хошууны ноёд чуулж, түүнд Өндөр гэгээн оролцож байсныг эх сурвалжид тэмдэглэсэн байна. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас Монголын ноёдыг эвлэрүүлэх оролдлого Өндөр гэгээний зүгээс гаргаж байсан нь нэн тодорхой ажээ. Нөгөө талаас Халхын долоон хошууны наадам урьдаас уламжлагдан ирснийг анхдугаар Богд Жавзандамба хутагтад Бат-Оршил өргөх үеэс улам боловсронгуй болсон байна. Тиймээс эл үеэс Богдын даншиг наадам буюу Богдод БатОршил өргөх ёслол хэмээн албан ёсоор нэрлэжээ.
Улмаар Халхын ноёдын зөвлөгөөн Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт 1686 онд, Ар Элстэйд 1688 онд болоод ч монгол ноёд эвлэрч эс чадав. Эл талаар Оросын цэргийн тагнуулч Полумордвинов бичихдээ “Цаашид Галдангийн цохилтоос зугтаж, Халх Оросыг дагах уу, Дайчин гүрнийг дагах уу гэдэг асуудал шууд босож”, “Жавзандамба хутагтын Дайчин гүрнийг дагасан нь дээр гэсэн жинтэй санал шийдвэр гаргахад нөлөөлжээ” гэсэн байна. Ингээд Манжид дагаар орох саналыг алтан ургийн угсаа залгамжилсан ноёдын өмнөөс “шавь нарынхаа хувьд тэргүүн нь болох хутагт” (Полумордвинов 2020: 36) гагцаар тавьсан байна.
Эзэн хаан Кансид хандсан илтгэлд эл талаар өгүүлэхдээ “Дорнод болон баруун талын бүх тайж нар намайг (хутагт) багш, лам хэмээн хүндэтгэж: хэрэв хутагт эрхшээлд орохоор болгоож байгаа бол бид дагах болно... Тэдний үгэнд би хариулав: ... Хэрэв та бүхэн үнэн сэтгэлээр дагаар орох бодол байгаа бол та бүхний хүслээр болог. Та бүгдийн өм¬нөөс айлтгах нь надад ичгүүртэй бус” (Полумордви-нов 2020: 36) хэмээжээ. Энэ бол муу нэрийг өөртөө авч, хожим монгол үндэстэн сэргэж болох нөхцөлийг авч үлдсэн хэрэг байсныг олон жилийн дараа түүх мэдэх болно. Ингээд Халх Монгол 1691 онд Манжид дагаар орсон тухай албан ёсоор түүхэнд тэмдэглэж иржээ. Эл үйл явдлыг баталгаажуулсан Долоннуурын чуулганд Өндөр гэгээн анхдугаар Богд Жавзандамба хутагт болон монгол ноёд оролцож, тэндээ нэлээд хэдэн жил саатсаны дараа 1696 онд нутагтаа эргэн ирээд Даншиг наадмаа сэргээ-жээ.
Магсар хурцын “Долоон хошуу наадам” зохиолыг анхааралтай унших аваас “Энх амгалангийн 35 дугаар онд Халх Монголын лам ноёд, хуучин нутагтаа эргэж ирэхэд Богдын хүрээний хуучин байгуулсан орон суурь энэхүү Сэлбэ голд хэвээр байснаар” гэсэн өгүүлбэр сонирхол татна. Бид Богдын өргөө, хүрээ 20 гаруй удаа нүүхдээ 1747 онд хамгийн анх Сэлбэд бууриа засаж, 1772 онд дахин Сэлбэд буухдаа удаан суурьшсан гэж үздэг. Тэгвэл 1696 онд Долоннуураас эргэж ирэхдээ “Богдын хүрээний хуучин байгуулсан орон суурь энэхүү Сэлбэ голд хэвээр” байсан гэсэн нь Богдын хүрээ Сэлбэд 1691 оноос өмнө суурьшиж байсан гэдгийг илэрхийлж байна. Тиймээс “Өндөр Богд өмнөөс ирэхдээ Богд уулын зүүн этгээд эхний аманд хоног зассанаар Шажин хурахын ам” гэж нэр өгсөн бол “хойд аманд дагалдсан ноёд хоног зассан газрыг Төр хурахын ам” хэмээн нэр өгсөн тухай Магсар хурц тэмдэглэжээ.
Энэ бол анхдугаар Богд Жавзандамба хутагт Долоннуураас эргэж ирэхдээ шууд л хуучин хүрээний хуучин бууриа зассан Сэлбийг зорьсон болохыг мэдэж болохоор байна.
Ингээд “Халх долоон хошууны ноёд баяр хийж, Өндөр Богдод насан хутаг бат болох бэлэгтэй ёслолоор даншиг өргөн, морь уралдах, бөх барилдах, бай нэхий харвах зэрэг наадам” явуулжээ. Богдод Бат-Оршил өргөх ёслолд зориулсан наадмын үеэр түрүүлсэн донир Бонхорын моринд түмний эх цол өгч, цолыг дуудах билэгтэй үгсийг зохион гаргаснаас эхлэн морины цол дуудах журамтай болсон байна.
Мөн бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд арслан, заан хэмээх цол өгдөг болж, мөн начин, шонхор, бүргэд, харцага хэмээх хүчтэй шаламгай шувуудын нэрээр цол олгодог болжээ.
Монгол аймаг, хошууд болон уул, овооны тахилга хийх зэргээр олон наадам хийдэг байсан бөгөөд хамгийн том, олон түмэн хамрагддаг нь яах аргагүй Богдын даншиг наадам буюу Богд гэгээнтэнд Бат-Оршил өргөх ёслол, уг ёслолд зориулсан наадам болсон байна. Тиймээс Богдын даншиг наадмын тухай архивын эх сурвалж, түүхийн ном зохиолуудад нэг бус удаа тэмдэглэгдэн үлджээ.
Манжийн үед Богдод Бат-Оршил өргөх ёслол гурван жилд нэг удаа болдог байжээ. Харин наймдугаар Богд Жавдандамба хутагтын саналаар жил бүр хийдэг болжээ. Даншиг хэмээх нь монголоор Бат-Оршил хэмээх үг билээ
1911 оны зун Богдын зарлигаар олон аймаг шавиас даншиг өргөх нэрийн дор Халхын дөрвөн аймгийн хан, ноёд, түшмэд, хутагт хувилгаад цугларч, Хүрээний Эрдэнэ шан¬зод бын тамгын газар хуралдаж, Манжийн “шинэ засгийн бодлого”-ыг хэрхэн эсэргүүцэх, Монголын тусгаар тогтнолыг сэргээх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Цугларагсад олон янзын санал гаргаж, бас дээр нь Манжийн амбан сайдын газрын хараа хяналт байсан тул Манжийн засгийн шинэ бодлогыг эсэргүүцэж, үндэс угсаа, шашин төр, газар орноо бодож, Манжаас тусгаар тогтнох цаг болсон хэмээн үзсэн тууштай хэсэг хүмүүс, тэдний дотор Халхын дөрвөн хан тэргүүтэй ноёд, лам нар Богд уулын арын модон дотор гэр барин нууц зөвлөгөөн хийжээ.
Энэхүү ноёдын нууц зөвлөгөөнөөс “Чин улсын засгийн иш буурсан нь маш харшлалтай бөгөөд хязгаарын сайд түшмэдийн ховдоглон мөлжих, газар орны эрх ашгийг булаан эзэрхэх нь үнэхээрийн тэсэх аргагүй болсон учир тусгаар тогтнож шар шашин, газар орноо батлах са¬хихыг хичээвэл зохих боловч гадаадын тусламжгүйгээр өөрсдөө тогтноход бэрхтэй болох тул хойт айл Их Орос улсад найртай сайны ёсоор учрыг гарган туслан харгалзахыг гуйн тусгай төлөөний түшмэл элчин явуулсугай. Явах элчинд чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, жич түшмэл Хайсан нарыг томилон гаргасугай” хэмээсэн шийдвэр гаргажээ.
VIII Богд Жавзандамба хутагтын санал санаачилга, удирдлага дор монголчуудын Манж Чин улсаас тусгаарлах тэмцэл үргэлжилсээр түүний оргил болж, 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаг¬лан зарлав.
ТӨРИЙН ИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГА
Энэ үйл явдлын талаар уг ёслолын ажиллагаанд оролцогчийн байр сууринаас бичиж үлдээсэн, маш сонирхолтой бүтээл бол Г.Навааннамжил авгайн Өвгөн бичээчийн өгүүлэл болой. Тэрбээр бичихдээ “Мөнөөхөн өвлийн дунд сарын шинийн есөн болж ирэв. Мөнхүү өглөө чуулганы даргын жасааны түшмэл, би-чээч нарын хамт залан Дашдондов, Анваан нар малгай, хүрэм болон Их хүрээний төвийн шар ордны тэнд очиж, мориноос буугаад их хаалганы өмнө хүрэхэд олон хүн хуралдаж, үнэхээр нүд алдам их байв. Отго жинс хүрэм эрээн дээлтэй ноёд, түшмэд, хутагт хувилгаад, лам нар жагсан хүлээж байна. Тэдний дунд ороод байтал удалгүй дээд сүм дээр гурван их буу тавьсан чимээ түжигнэж сонстоно.
Богд, Цагаан дарын хамт их ёслолоор явж ирэхэд тэдгээр хуралдагсад сөгдөн, нам гүм. Богд хатны хамт шар өнгөтэй алтан туг бүхий дөрвөн дугуйтай, гоё орос тэргэнд сууж, хиа лам найман хүн тэргийг дамнан хөтөлж явна. Өмнө нь донир, сойвон, бараа бологч зэрэг том лам нар жагсан явах ба улаан хуйтай сэлэм зүүсэн хоёр гурван хар ноён зам удирдана. Олон шадар цэрэг замын хоёр талаар буу зэвсэгтэй, ёслолын хувцастай жагсан явна. Богд хатны хамт шар ордны дунд хаалгаар явж, орд гэртээ ормогц тэдгээр ноёд, лам нар цөмөөр дагалдаж ороод шадар ихээхэн ноёд, лам нар нь бүгд орд гэрт очсон байна. Бусад ноёд нь төрийн ордны өмнө зогсож хүлээнэ. Их, бага түшмэд ба ялангуяа бичээч нар ордны үүдний дотор талд чихэлдэн зогсож, ямар ч ажилгүй, дэмий л биеэ жихүүцүүлэн холхиж байна. Ордны гадаад үүд, улаан шөргийн дотор ба гадна мөн сайныг цэнгэлдэхэд дуртай хэмээх алтан үсгийн илэрхийлэл бүхий ногоон ваартай юаньпайн хойд талаар үй олон энгийн лам, хар ард цугларан үймэх нь үнэхээр шинэ нээсэн шоргоолжийн үүр мэт бөгөөд бургас мод барьсан хаалгач лам, хиа, цагдаа нар эдгээр хүнийг эсрэг тэсрэг хамаагүй жанчиж, шавхуурдаж, тарианд орсон хонь мал мэт ийш тийш хөөгдөвч Богдыг хаан сууна гэхэд мухраар хэтэрхий биширч, жанчигдаж, гөвшигдөвч, дэмий л ордны үүдний зүг харуулдаж аливаа нэгэн сонин сайхан юм үзэх сэн гэж горилох байдалтай шуугина” хэмээснээс үзвэл Богд гэгээн, хатны хамт болзсон цаг болохоос арай өмнө Өвлийн ордноосоо ирж, төрийн ёслолын хувцас хэрэглэлээ өмсөж бэлдсэн хэмээн үзэж болохоор ажээ.
Тэрбээр цааш өгүүлрүүн “Үдийн үе болоход ордны зүүн тасалгаанд бий Богдын тугдам гэдэг гэрийн үүднээс эхлэн төрийн ордны хоймор байгаа дөрвөн арслангийн дүрсийг сийлж түшүүлсэн элдэв алтан хээт хааны ёслолын өндөр тавцан бүхий олон давхар магнаг олбог түшлэг хүртэл ба мөн Очирдара гэдэг гэр дуганд замнаж оруулах, хүн явж багтах нарийхан банзан шалтай, шар торго дэвссэн зам “гардан”-ыг бэлтгэв.
Богд, эх дагина хоёр хар үнэг гэдэг үнэт үстэй малгайд очир жинс хадаж, эрээн дээл, булган цоохор хүрэм өмсөж, явганаар шадар ноёд, сойвон, донир нарыг дагалдуулан хойноо шар торгон ба алтан саа луу хээт шүхэр хоёр тогосны өдөн шүхэр нэг, ийм гурван шүхрийг бариулж, өмнө нь донир ба улаан хуйт сэлэм зүүсэн хар ноён хоёр хүн удирдан, мөнөөхөн бэлтгэсэн шар торгон зам дээгүүр алгуурхнаар алхуулан явахад нь шадар ноёд дөрвөн хүн Богд, эх дагинын хоёр талаас нь түшиж хүндэтгэн явна.