Эх, ургийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн тасгийн эрхлэгч, эх, ургийн анагаах ухааны мэргэжилтэн Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 2002 онд АШУҮИС-ийг хүний их эмч, сургуулийнхаа Мэргэжил дээшлүүлэх институтийг эх барих эмэгтэйчүүдийн эмчээр төгссөн байна. 2007 оноос хойш ЭХЭМҮТ-д ажиллаж буй юм.
-Өвөрмөц тусламж, үйлчилгээ шаардлагатай жирэмсэн эмэгтэйчүүдийг танай тасгийнхан харьяалал харгалзахгүй хүлээн авдаг. Эл тусламж, үйлчилгээний онцлогийн талаар ярилцлагаа эхлэх үү?
-Манай төв 12 тасагтай. Үүний нэг хэсэг нь нөхөн үржихүйн эрүүл мэнд буюу эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ, эх, ураг судлал буюу перинатологи оношилгооны чиглэлээр ажиллаж байна. Перинатологийн төвийн байрыг өнгөрсөн оны долоодугаар сард ашиглалтад оруулсан. Эрүүл мэндийн сайдын 292 тоот тушаалын дагуу лавлагаа шатлалын өвөрмөц тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, эхийн хэвлий дэх ураг ямар нэгэн эрхтэн системийн өөрчлөлттэй, төрөнгүүтээ мэс засал хийлгэх, эсвэл эрчимт эмчилгээ шаардлагатай тохиолдолд манай төв хүлээж авдаг. Мөн нэг ихэстэй болон гурав, түүнээс дээш ихэр, аль нэг ураг нь хөгжлийн төрөлхийн гажигтай байвал манай эмч нарын хяналт дор төрдөг юм. Өөрөөр хэлбэл, өвөрмөц тусламж, үйлчилгээ шаардлагатай эхчүүд энд ирдэг гэсэн үг. Тодруулбал, зүрх, судасны төрөлхийн гажигтай, цусны эргэлтийн алдагдалтай, хорт хавдартай жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авч байна. Мөн тодорхой байршлын хавдрын үед жирэмсний явцыг үргэлжлүүлэх боломжтой, эд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дутуу төрөх эрсдэлтэй эхчүүдэд тусламж үзүүлдэг.
-Ийм тусламж шаардлагатай эмэгтэй олон байдаг уу?
-Сүүлийн үед өвөрмөц байрлалын хорт хавдартай хүний тоо нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой манайд хандах эхчүүд ч цөөнгүй. Эх, ураг судлалын тасагт өнгөрсөн оны хагаст 142 эмэгтэй үйлчлүүлсэн бол энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 315 болж нэмэгдсэн. Энэ нь ийм төрлийн тусламж, үйлчилгээ өмнөх оны мөн үеийнхээс 42 хувиар нэмэгдсэн үр дүн юм. Мөн одоогоор нэг ихэстэй ихэр ураг тээсэн 97 эмэгтэй эмчлүүлж байна.
-Нэг ихэстэй ихэр ураг тээсэн тохиолдолд юунд анхаарах шаардлагатай бол?
-Ихэр ургийн ихэнх нь хоёр ихэстэй байдаг. Харин ихэр жирэмслэлтийн гуравны нэг орчмыг нэг ихэстэй ихрүүд эзэлдэг. Мэдээж ганц ихсийг хоёр ураг хувааж “хэрэглэх”-д асуудал үүснэ шүү дээ. Мөн зарим тохиолдолд ургийн хүй ихсийн хаана байрласантай холбоотойгоор эрсдэл гардаг. Нэг ураг нь амьгүй болох ч тохиолдол бий.
-Перинатологийн төвийг нээх үед Монголд анх удаа ургийн оношилгоог өндөр түвшинд хийх боломж бүрдлээ гэж эмч нар мэдээлж байсан. Одоогоор ямар оношилгоо нэвтрүүлээд байна вэ?
-Перинатологи буюу эх, ураг судлал манай салбар шинжлэх ухаанд байсаар ирсэн. Үүнийг 1960-аад оноос дэлхий нийтэд судалж, олон төрлийн дэвшилтэт аргыг эмчилгээнд нэвтрүүлээд байна. Харин ийм төвтэй болсноор эх, урагт үзүүлэх тусламжийг сайжруулж, бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж чадлаа. Ингэснээр статистик, тоо баримтыг үнэн бодитой гаргахын зэрэгцээ ургийн эмчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдсэн юм. Тухайлбал, төрөнгүүт нь мэс засалд оруулах шаардлагатай төрөлхийн эмгэгүүд байдаг. Энэ тохиолдолд хугацаа алдалгүй Хүүхдийн эмнэлэгт шилжүүлэн яаралтай тусламж үзүүлдэг. Түүнчлэн нэг ихэстэй урагт холбогдсон судсуудыг салгах эмчилгээ хийж байна. Үүнийг хэдийн нутагшуулсан. Урагт цус сэлбэх, зүрхний эмгэгтэй урагт эмийн эмчилгээ хийж байгаа.
Мөн ургийн эрсдэлт хүчин зүйлийг илүү нарийвчилж, илрүүлэх аргыг нэвтрүүлэх гэж байна. Одоо ашиглаж буй шинжилгээний аргууд нь ургийн эрсдэлт хүчин зүйлийг 95-97 хувийн магадлалтай гаргаж ирдэг. Харин одоо жирэмсний есөн долоо хоногтойд нь цуснаас шинжилгээ авч хөгжлийн бусад төрлийн хам шинжийг 99 хүртэлх хувиар илрүүлэх боломж - той болох юм. Ер нь жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэл өндөр, бага гэж хоёр ангилж үздэг. Эрсдэл өндөртэйг нь “түүж аваад” баталгаажуулах оношилгоог жирэмсний 16 долоо хоногтойд нь хийдэг юм. Өөрөөр хэлбэл, ургийн уснаас дээж авч, ургийн хромосомын мэдээллийг лабораторийн аргаар тоолдог. Үүнээс гадна амьдрах боломжгүй ургийн гажгийг эрт үед нь оношилж байна. Жишээ нь, дауны эмгэгтэй хүнийг урт наслах боломжтой гэж үздэг бол хромосомын бусад хам шинжтэй төрсөн хүүхэд гурав хүртэл наслаад эндэх эрсдэл байдаг. Тиймээс эрт хугацаанд илрүүлж, оношилсноор тээлт, төрөлтийн асуудлыг ярил цах боломжтой. Ямар эмгэгтэй хавсарч байна, эмчлэх боломжтой юу гэдэг нь маш чухал.
-Сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг эхийн хэвлийд байхад нь мэдэх боломжтой юу?
-Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрсний дараах нярайн амьдралын эхний долоо хоногийг перинатологи үе гэж үздэг. Энэ үед илрүүлэг буюу эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, урагт ямар нэгэн эрсдэл учирч болзошгүйг жирэмсний эхний гурван сарын дотор илрүүлэх юм. Ингэж эрсдэлтэй бүлгийг “олж авсан”-ы дараа оношилгооны асуудлыг ярьдаг. Хромосомын эмгэг, зонхилон тохиолддог хөгжлийн гажгийг эрт үед нь илрүүлж болно. Өөрөөр хэлбэл, жирэмсний 9-14 долоо хоног хүртэлх хугацаанд илүү анхаарах шаардлагатай гэсэн үг. Бидний хэлж заншсанаар NT буюу ургийн шилэн хүзүүний арын зайг хэмжих шинжилгээ маш чухалд тооцогддог. Дауны болон бусад хам шинжийг эрт үед нь илрүүлж оношлох боломжтой. Аутизмын тухайд бол хэвлийд байхад нь оношлох боломжгүй. Учир нь хэт авиан оношилгоо нь ургийн бүтцийн гажгийг илрүүлэхээс биш, үйл ажиллагааны эмгэгийг оношлох боломж хомс. Жишээлбэл, сонсголын бэрхшээлийг эхийн хэвлийд байхад нь мэдэх боломжгүй. Харин чихгүй, эсвэл чихний хөгжил нь дутуу байгааг ЭХО-гоор харж болно.
-Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна. Манай улсын нярайн эндэгдэл дэлхийн дунджаас бага хэдий ч бүсийн дунджаас өндөр хэвээр, сүүлийн жилүүдэд төдийлөн сайн буурахгүй байгааг статистик мэдээллээс харж болохоор байна. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?
-Монгол Улсад одоогоор нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.7 байна. Эндэгдлийг 2028 он гэхэд 5.5 болгох боломжтой гэж ДЭМБ-аас үзэж буй юм. Нярай, болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийнхэн илүү нарийн мэдээлэл өгөх байх. Ер нь бол ДЭМБ-аас 2021 оноос эхлэн эх, ургийн эндэгдлийг бууруулах тандалт, хариу арга хэмжээ авах аян өрнүүлсэн. Манай улс 2023 оноос хойш эх, ургийн анагаах ухааны сургагч багш бэлдэж, энэ чиглэлээр орон нутагт сургалт явуулж байгаа.
Нярайн эндэгдлийн ихэнх хувийг дутуу нярай эзэлдэг. Эхийн эрхтэн тогтолцооны эмгэг, жирэмсний хожуу хордлого, даралт ихсэлт, чихрийн шижин зэргээс шалтгаалан хүүхэд дутуу төрөх эрсдэлтэй. Дутуу төрсөн хүүхэд жин багатай байдаг. Энэ нь дараа дараагийн хүндрэл үүсгэж болно. Мөн нярай мэндлэнгүүтээ амьсгалах ёстой. Төрөөд амьдралынхаа эхний амьсгалыг авдаг. Гэтэл дутуу нярайн уушгины хөгжил мөн л дутуу байдаг. Хөгжлийг нь гүйцээх зорилгоор дааврын эмчилгээ хийдэг юм. Мөн төрөх замдаа тархинд нь цус харвар аюултай. Тиймээс энэ бүхнээс сэргийлэх эмчилгээ хийж байгаад төрүүлдэг.
Эх, нярайн эндэгдэл хэдий чинээ бага байна, тухайн орны эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар сайн буйг илтгэдэг. Манай улсын тухайд эх эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгдэх болгонд тандалт, хариу арга хэмжээний багийнхан ажиллаж байна. Эх яагаад эндэв, юу нөлөөлөв, ямар шалтгааны улмаас эндэхэд хүрэв гээд шалтгааныг тодорхойлж, зонхилон тохиолдож буй хүчин зүйлд нь анхаарч ажилладаг. Тодруулбал, тухайн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажлын орчин, нөхцөл нь ямар байгаа, тусламж, үйлчилгээний чанар, тухайн ээжийн боловсрол мэдлэг, архи, тамхи, мансууруулах бодисын нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлийг судалдаг.
-Эх эндэхэд хүргэж буй гол шалтгаан нь юу байна вэ?
-Дийлэнх шалтгаан нь эх төрсний дараах цус алдсантай холбоотой байдаг. Мөн үжил халдвар, жирэмсний хожуу хордлогын үед илэрдэг манас таталт зэрэг нь эх эндэхэд хүргэж байна. Дөрвөн жилд нэг удаа эхийн эндэгдэлд дүн шинжилгээ хийж, цаашид юунд анхаарах талаар зөвлөмж боловсруулан эмч, мэргэжилтнүүдэд түгээдэг юм.
-Үүнээс сэргийлэх боломжтой юу?
-Сэргийлэх боломжтой. Перинатологи эндэгдлийг бууруулна гэдэг нь сэргийлж болох эхийн эндэгдлийг бууруулна гэсэн үг. Тухайлбал, ДЭМБ-ын зөвлөснөөр фолийн хүчлийн хэрэглээг нэмэгдүүлснээр амьгүй төрөлтийг нэг хүртэлх хувиар бууруулна гэж үздэг. Манай улс эхийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн орны нэг юм.
-Улсын хэмжээнд жирэмсэн эхчүүдээс “асуудалтай”-г нь олж илрүүлэн, тусламж үзүүлдэг гэж буй ч маш олон эмэгтэй шаардлагатай оношилгоо, эмчилгээг авч чадахгүй байгаа. Үүнд яаж анхаарч байна вэ?
-Оношилгооны хувьд алдах гэхээсээ илүү хоцрох тохиолдол гарч байгаа нь үнэн. Манай төвийн 12 тасгийн дөрөв нь хэт авиан оношилгооны. Улсын хэмжээнд тэргүүлэх хэмжээний хүчин чадалтай ЭХО аппараттай, удам зүйн генетикийн лабораторитой учраас оношилгооны хувьд эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ жирэмсний хугацаанаас хамаарч ургийн ямар гажгийг хэрхэн илрүүлэх вэ гэдэг өөр асуудал. Өөрөөр хэлбэл, мэдрэлийн тогтголцооны гажиг буюу тархигүй, гавлын ясгүй байх зэрэг төрүүлэх боломжгүй гажгийг жирэмсний аль 12 долоо хоногоос нь өмнө оношилж болдог. Энэ нь ховор тохиолддог. Гэтэл зүрх, судасны тогтолцооны гажиг 1000 төрөлтөд 7-8 тохиолдол бүртгэгдэж байна. Үүний 1-2 тохиолдлыг нь л эхийн хэвлийд байхад нь амжиж оношилдог. Тэгэхээр хэзээ, хэрхэн оношлуулах вэ гэдэг чухал. Мөн яс, булчингийн тогтолцооны гажиг хөгжил, өсөлтийн дааврын онцлогтой холбоотойгоор жирэмсний гурав дахь гурван сард оношлогдох гээд байдаг. Хоол боловсруулах системийн хөгжил гэхэд улаан хоолойн нарийсал, битүүрлийг жирэмсний хугацаанд оношилдог бол хошногоны битүүрэл төрөх үед, төрсний дараа “илрэх” гэх мэт ялгаатай. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд эрт илрүүлэгт хамрагдсанаар эрт оношлуулна гэсэн үг. Ургийг зөв оношилсноор эхийнхээ хэвлийд байхад нь эмчлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ураг, нярайн амьдрах тавилан, эмчлэх боломжийг эхийн хэвлийд хангах нь перинатологи оношилгооны маш том давуу тал. Түүнчлэн тухайн хүүхдийг хүлээн авах гэр бүлийнхнийх нь сэтгэл зүйг бэлдэх, төрсний дараа ямар асаргаа, сувилгаа шаардлагатайг тодорхой болгож өгдөг.
Харьяа өрх, сумын эмнэлэгтээ хандсан жирэмсэн эмэгтэйчүүдийг дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч рүү илгээдэг. Тэндээс манай төвд ирэх шаардлагатай, өвөрмөц тусламж хэрэгтэй эхчүүдийг явуулдаг юм. Манай эмнэлэгт жилд 300 гаруй мянган хүн тусламж, үйлчилгээ авдаг. Үүн дотроо эрсдэлтэй эхчүүдийн оношилгоо, эмчилгээг манай төвийнхөн үзүүлж байна. Тодруулбал, 32 долоо хоног хүртэлх дутуу төрөлтийг манайд хүлээж авдаг. Нийт төрөлтийн ес орчим хувийг дутуу төрөлт эзэлж байна. Мөн зулбах эрсдэлтэй, өмнө нь зулбаж байсан эмэгтэйчүү¬ дийг хүлээж авдаг. Төвлөрлийг сааруулахын тулд эх, ургийн анагаах ухааны мэргэжилтнийг олноор бэлдэх шаардлагатай.
-Танай эмнэлэг эх, ургийн анагаах ухааны мэргэжилтэн бэлддэг гэв үү?
-Анх 2016 онд манай эмнэлгээс эх, ураг судлалаар найман эмч суралцаж төгссөн. Дөрөв нь эндээ ажиллаж байна. Гадаад багштай цахим сургалтад гурван жилийн хөтөлбөрийн дагуу сурдаг юм. Шалгалтад тэнцсэн хүмүүс эх, ургийн анагаах ухааны мэргэжилтнээр ажиллах боломжтой болдог. Эхний жилүүдэд бид боловсон хүчнээ бэлтгэсэн бол одоо түгээн дэлгэрүүлэх ажлыг улсын төв эмнэлгийн хувьд хэрэгжүүлж байна. Тодруулбал, 2023 оноос хойш эх, ургийн судлалаар гурав дахь курсээ амжилттай төгсгөсөн. Жилд хоёр удаа элсэлт авдаг юм. Нийт 14 мэргэжилтэн бэлтгэжээ. Төгсөгчдөөс маань Ховд, Орхон аймаг болон “Өргөө” амаржих газар, Баянгол, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Цаашид Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд нэвтрүүлэх зорилготой.
-Эх, үр эсэн мэнд амаржихад юунд анхаарах талаар зөвлөхгүй юү?
-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд гэдэг бол үндсэн зарчим. Хүүхдээ төрүүлэх хүртэл ээжүүд маш их санаа зовдог. Хамгийн эхэнд жирэмслэх хугацаагаа төлөвлөх, хүүхэдтэй болохоосоо өмнө уьдчилан сэргийлэх үзлэгт орж, архаг хууч өвчнөө илрүүлж, эмчлэх хэрэгтэй. Жирэмсэн болсон даруйдаа эмчийн хяналтад орох шаардлагатай. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу дүүргийн эмнэлгийн эмч нар жирэмсний эрт илрүүлэх үзлэг хийж байгаа. Үүнд хамрагдаж, оношлуулах нь чухал юм.
Ч.Болортуяа