Их, бага хэмжээний бороо орсон ч ялгаагүй, ёс юм шиг ус тогтдог газар нийслэлд олон. Түүний нэг нь Баянгол дүүргийн 28 дугаар хороо, X хорооллын автобусны урд буудлын баруун талын гарц юм. Орон сууцын хороолол, хотхонууд руу ордог эл ганцхан замын уулзварт нуур, далай шиг ус тогтдог болоод арав гаруй жил өнгөрчээ. Тэндхийн оршин суугчид бороо орсны дараа уг замын дэргэдүүр явган явах эцэсгүй, үерлэсэн ус нь тэр хавиар нэг халиад машинтай гатлахад ч хүндрэлтэй байдаг аж. Хороо, дүүргийн удирдлагууд нь уг асуудлыг шийддэггүй, ус зайлуулах шуудуу, хоолой ч суурилуулалгүй өдий хүрчээ. Зурагт үзүүлснээр замын ус тогтсон хэсэгт нэг ч шуудуу, суваггүй учраас хэд хоног татардаггүй гэнэ. Оршин суугчид гомдол мэдүүлэхээр л сая нэг хорооноос ус соруулдаг машин хөлсөлж, зайлуулдаг. Энэ ажилдаа ч гаршиж, өөр арга хэмжээ авдаггүй нь хачирхалтай. Түр зуурын бороонд хүртэл усанд автчихдаг зам атал байсхийгээд л бордюрыг нь л сольдог гэж байгаа. Энэ удаад ч замын хашлагуудыг солихоор бэлдээд тавьчихаж. Иргэдийг бухимдуулдаг эл хэсэгт ус зайлуулах ганц, хоёрхон хоолой хийчихэд л жилд хоёр удаа бордюр солих шаардлагагүй болно шүү дээ, хотын дарга аа.
О.Оргилох