Далайн түвшнээс дээш 1710 метрийн өндөрт орших, 112 мянган хүн ам бүхий баруун хязгаарын хамгийн алслагдсан аймаг бол Баян-Өлгий. Зүүн болон хойд талаараа ОХУ-тай, баруун өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг тус аймгийн заавал үзэж, сонирхох байгалийн сайхныг сонирхуулъя. Та аялалдаа бэлдээрэй.
АЛТАЙ ТАВАН БОГДЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Манай орны баруун захын хамгийн өндөр цэг Алтай Таван богд нь 900 гаруй км үргэлжилдэг уулсын “хоймор” билээ. 1996 оноос эхлэн 6362 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авч, цогцолборт газруудын нэгээр бүртгэсэн. Сонирхуулахад, эл бүсэд цаг агаар хамгийн тогтворгүй байдаг гэнэ. Нэг өдрийн дотор нар шарж, бороо, цас орж, салхи шуурга исгэрэх нь энгийн үзэгдэл. Хэрэв та Алтай Таван богдыг зоривол олон төрлийн хувцас бэлдэх шаардлагатай болох нь. Монголын дээвэр гэгддэг хүйтний оргил нь Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий хэмээх таван мөнх цаст оргилтой. Дөрвөн улирлын шинжийг нэг дор харж, цэнгэг уст, мөсөн гол, мөрнүүдийн үзэсгэлэнг мэдрэхийг хүсвэл зургаагаас есдүгээр сар хүртэлх хугацаанд аялах нь хамгийн тохиромжтой гэнэ. Улаанбаатар хотоос БаянӨлгий аймгийн төв Өлгий хүртэл 1600 орчим километр. Харин Алтай Таван богд руу очихдоо Өлгий-Улаанхус сумын төв-Согоог баг-Хөх хөтөл баг-Монгол даваа-Цагаан гол-Шивээт хайрхан гэсэн маршрутын дагуу шороон замаар 185 км явах аж. Цааш машинаар явах боломжгүй тул явган, эсвэл нутгийн иргэдээс морь, тэмээ хөлсөлж 17 километр туулснаар зорьсон газартаа хүрнэ. Эсвэл Өлгий-Улаанхус сумын төв-Согоог баг-Хөх хөтөл баг-Ойгор гол гэсэн маршрутаар 175 километр явах сонголт бий. Энэ замаар бол машинаараа төрийн тахилгын овоо хүртэл явж болдог аж. Мөн Өлгий-Улаанхус сумын төвЦэнгэл сумын төв-Загаст нуур баг-Алтай Таван богд гэсэн маршрут бий. Алинаар нь явсан ч зам бартаатай. Сүүлийн үед Улаанбаатар хот, бусад аймгийн аялагчид Өлгий сумд жижиг суудлын тэргээр очиж, тэндээс туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл хөлсөлж явдаг болсон талаар нутгийн иргэд ярьжээ. “Пургон” машины өдрийн хөлс шатахууны зардлаас гадна 130-150 мянган төгрөг хүрдэг байна.
ИХ, БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ
Алтай Таван богдын байгалийн цогцолборт газруудын нэг нь Цэнгэл сумын нутагт орших Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ юм.
Хавар, зун уулын ширүүн урсгалт голыг өгсөж монгол хадран сүрэг сүргээрээ түрсээ шахдаг. Баруун талын хяр дагаж далайн түвшнээс дээш 3000 метр орчмын өндөрт орших хад асгатай хэсэгт эртний түүх соёлын ховор дурсгалд тооцогддог хадны сүг зураг олон арваараа бий.
ЁЛТЫН САВ ГАЗАР
Алтай сумд орших цогцолборт газруудын нэг. Тус хэсэгт дэлхийд ховордсон ан амьтан, ургамал тархсанаараа онцлог. Энэ газар нутгийн ихэнх хэсэг уулархаг бөгөөд шигүү ойтой учир сэрүүвтэр, чийглэг уур амьсгалтай. Эмийн болон хүнсний ургамлаар баялаг. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт зэрэг газарт улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнээс гадна уулын өвөрт сонгино ургадаг гэнэ шүү.
ХОТОН, ХУРГАН НУУР
Эл цэнгэг уст цогцолбор газрууд руу хүрэх хоёр зам бий. Зам саад бартаа ихтэй тул болгоомжтой зорчихыг анхааруулдаг байна. БаянӨлгий аймгийн нутаг дэвсгэрт оршдог гол, нууруудад 10-аад төрлийн загас идээшин нутагладаг. Үүнээс Хотон, Хурган нуурт Алтайн сугас, монгол хадран, улаан нүдэн, шаргал үхэрдэй зэрэг загас цөөн тоогоор байдаг. Тухайн бүс нутаг нь улсын тусгай хамгаалалттай газарт багтдаг тул дээрх нууруудаас загас агнах хориотой гэдгийг сануулах нь зүйтэй. Хотон, Хурган нуурыг зорих хүмүүс Өлгий хот-Улаанхус сумЦэнгэл сум-Хотон, Хурган нуур, эсвэл Өлгий хотСагсай сум-Цэнгэл сум-Хотон, Хурган нуур гэх үндсэн хоёр маршрутаар явдаг хэмээжээ. Өлгий сум-Сагсай сум-Модон хөшөө-Хар нуур-Хурган нуур, Хотон нуур гэсэн маршрутаар явж болох ч зам нь хэт бартаатай. Мөн Хотон, Хурган нуурыг холбосон хоолой буюу Шар гатлагын гүүрний орчимд дэлгүүр, цайны газар, шатахуун түгээх станц, дугуй засвар, гэр буудал цөөнгүй бий гэнэ.
Д.Сэлэнгэ