Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцуудын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлтэй өчигдөр танилцаж, ажлын уялдаа холбоог сайжруулах, эрчимжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
COP17-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 7-10 мянган зочин гадаадаас оролцох урьдчилсан тооцоог гаргаад буй гэнэ. Хурлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хариуцаж буй бол бэлтгэл ажлын албаны даргаар тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н.Чимгүүндарь ажиллаж байна. Үйл ажиллагаа бүрийн нарийвчилсан төсөв, тулгамдсан асуудал бэрхшээлийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, цаг алдалгүй шийдвэрлүүлэхийг эдгээр албан тушаалтанд Ерөнхий сайд үүрэг болгожээ.
Н.Буян