Сүхбаатар дүүргийн IX хороонд барьж буй “Ногоон нуур 1008” айлын орон сууцад иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэслэлгүй мэдээлэлд итгэж, хэн нэгэнд мөнгө шилжүүлэхгүй байхыг “Нийслэлийн орон сууцын корпораци” ХК-иас өчигдөр анхаарууллаа. Учир нь дээрх орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхад иргэдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан уг төсөлд хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч, түрээсний гэрээ хийнэ гэх зэрэг ташаа мэдээллийг цахим орчинд ихээр түгээх болжээ. Иймд худал мэдээлэлд итгэн ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлсэн юм.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ын төслийг Монгол Улс БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй. Орон сууцыг ашиглалтад оруулсны дараа иргэдийг хэрхэн, яаж хамруулах талаар мэдээлэл хүргэх тул залилангийн гэмт хэргээс сэргийлэхийг тус компаниас дахин сануулав.
Ч.Болор