Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 28-нд тохионо. Эл өдрийг дэлхий нийтээр “Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож, элэгний хавдраас сэргийлье” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторид ирэх даваа гарагт 10.00-12.00 цагт иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажээ. Мөн 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн салбарынхан дор бүрнээ арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулах гэнэ.
Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Эл хавдрыг үүсгэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь элэгний вирусний халдвар юм. Дэлхий дахинд өдөр бүр 6000 хүн уг халдварыг шинээр авч байна гэсэн тоон мэдээлэл бий. Харин өнгөрсөн онд манай улсад 213 хүн шинээр гепатитын халдвартай болох нь тогтоогджээ. Оношлогдсон хүмүүсийн олонх нь халдвар авснаа мэдээгүй байдаг тул вирус илрүүлэх шинжилгээ хийлгэх нь чухлыг эмч нар хэлж байна. Ингэснээр цаг алдалгүй эмчлүүлэх боломж бүрдэх гэнэ. Гэтэл элэгний хорт хавдартай хүмүүсийн олонх нь хожимдсон үедээ эмчид ханддаг байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 4577 хүн хорт хавдрын улмаас нас барсны 35.9 хувь нь зөвхөн элэгний хорт хавдартай байжээ.
Элэгний үрэвсэл үүсгэх олон шалтгаан байдаг ч манай улсын хувьд А, В, С, D E гэсэн таван вирусээр дамжих халдвар зонхилдог. Тухайлбал, А, Е вирус нь бохир ус, гар, хоол хүнс зэрэг ахуйн замаар халдварладаг бол В нь цус, бэлгийн зам, эхээс урагт, С нь ихэнхдээ зүү тариураар дамждаг юм. Харин D вирус зөвхөн В вирустэй хүнд л халдварладаг. Тиймээс элэгний вирус илрүүлэх, ачаалал тоолуулах шинжилгээ өгөхийг эмч нар зөвлөж байна. Мөн элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт 18 наснаас эхлэн хамрагдах боломжтойг Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлэв.
Ч.Болор