Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Эл өдөр дэлхий даяар сая сая эмэгтэй эрхийнхээ төлөө тэмцэж, дуу хоолойгоо хүргэж байна. Манай улсад охид, бүсгүйчүүдийн эрх бүх шатанд ямар нэгэн байдлаар зөрчигдөж, гадуурхагдсаар ирсэн. Ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эрх, оролцоог өдгөө ч хязгаарласан хэвээрээ. Одоогоос гурван жилийн өмнөх “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь эмэгтэйчүүдийг удирдах ажилтан болж чадахгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, эрчүүдийг манлайлагч байх ёстой гэсэн сонголтыг 92 хувь нь дугуйлсан байв. Иргэд, олон нийт, цаашлаад нам, эвслийнхэн удирдах албан тушаалыг эмэгтэй хүн хашиж чадах, эсэхэд ийнхүү үл итгэсэн хандлагатай байж. Уг судалгааг БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МУБИС-ийнхан хамтран хийж гүйцэтгэсэн байна. Нийгмийн энэ мэт хэвшмэл үзэл хандлага нийтээрээ өөрчлөгдөөгүйг өнөөгийн эрх барих түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллөөс харж болно.
Нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалан өрхийн хөдөлмөрийн тэгш бус хуваарилалт гэр бүлүүдийн олонход нь байсаар, тэр дундаа хүүхдээ асрах үүргийг эмэгтэйд түлхүү ногдуулах хандлага амь бөхтэй оршсоор байна. Үүнээс болоод төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүдийн албан тушаал ахих хугацаа нь удааширч, сурч, хөгжих эрх нь ч хязгаарлагдсаар буй. Тэр хэрээр улс төр дэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо хумигдсаар ирэв. Гэвч үнэндээ хүүхэд асрахад хугацаа алддаг гэх өнгөлөн далдлалтын ард иргэдийн жендерийн мэдрэмжгүй, мэдлэггүй, хэвшмэл ойлголтууд л хамгийн том тээг саад болж буйг судлаачид онцолдог. Тухайлбал, олон нийт эрчүүдийг алсын хараатай, шийдэмгий, зоригтой, шулуун шударга байж чадна хэмээн дэмждэгээс гадна захирах, засаглах эрх мэдлийг эрэгтэй хүнд оноох нь зүйтэй гэж үзсэн хэвээр байгаа нь цөөнгүй судалгаагаар батлагдаж.
21 аймаг, есөн дүүрэг эмэгтэй Засаг даргагүй
Улсын хэмжээнд удирдах албан тушаалуудыг эрчүүд голдуу хашиж, гүйцэтгэх ажлуудыг эмэгтэйчүүд хийж байна. Харин иргэд үүнийг хэвийн үзэгдэл л гэж хардаг. Тиймдээ ч 21 аймаг, нийслэл, дүүргүүд нэг ч эмэгтэй Засаг даргагүй байхад гайхах хүн үгүй байгаа юм. Өөрчлөхийн төлөө тэмцдэггүй юм гэхэд ядаж холбогдох хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх ёстойг, аль ч шатанд хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалах ёстойг мэдэх хэрэгтэйг судлаачид хэлж буй. Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-т “Төрд томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15, дүүрэгт 20, сумд 25, хороонд 30 хувиас доошгүй байх”-ыг заасан. Тэгвэл Жендерийн үндэсний хорооноос өнгөрсөн сард гаргасан судалгаагаар хуулийн эл заалт хангагдахгүй байгааг харж болно. 2023 онд Засгийн газрын 21 гишүүний 18 нь эрэгтэй байв. Өнгөрсөн жил буюу УИХ-ын сонгуулийн дараа 23 сайдтай болсны ердөө гурав нь л эмэгтэй. Хүйсийн тэнцвэрт байдал хангавал зохих хамгийн доод түвшиндээ ч хүрэхгүй байгаа наад захын үзүүлэлт энэ.
Түүнчлэн 2023 онд ганцхан аймаг эмэгтэй Засаг даргатай байсан бол өнгөрсөн жилээс “тэг” болж. Улс төрчид, эрх баригчид нь 21 аймгаа эрчүүдийн гарт атгуулчихсан. Улаанбаатар хотын есөн дүүрэг ч эмэгтэй Засаг даргагүй. Энэ мэт аймаг, дүүргийг эмэгтэйчүүдээр удирдуулаагүй цагт нийслэлийн Засаг даргаар томилох тухай мөрөөдсөний гарз болох биз.
Мөн хуулийн 10.1.2-т “Төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын 15, бусад төв байгууллагын удирдлагын 20, яамдын газар, хэлтсийн даргын 30, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй байх”-ыг заажээ. Тэгвэл хуулийн эл заалтыг хангасан болов уу.
“Жендерийн салбар хорооны хүйсийн тэнцвэрт байдлын тайлан 2025”-д тэмдэглэснээр яамдын 16 Төрийн нарийн бичгийн даргын нэг нь л буюу 6.3 хувь нь эмэгтэй байна. 2023 онд Төрийн нарийн бичгийн эмэгтэй даргын тоо тав байсан аж. Харин Засгийн газар, яамдын харьяа агентлагийн дарга нарын 23-26 хувь нь эмэгтэй буюу хуулийн заалтыг хангажээ. Удирдах албанд Хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын орлогч, газар, хэлтсийн дарга нарын хүйсийн тэгш байдал хангагдсан гэж дүгнэж. Энэ нь гэхдээ 50:50 гэсэн үг биш бөгөөд хуулийн заалтад тусгасан хамгийн доод үзүүлэлтийг биелүүлсэн гэсэн үг. Жишээ нь, Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга нарын 93 хувь нь, Батлан хамгаалах яаманд 92, ХХААХҮЯ-нд 86 хувь нь эрчүүд гэхчлэн хүйсийн тэгш бус байдал амь бөхтэй оршсоор. Яамдаас долоогийнх нь нийт албан хаагчийн хүйсийн тэнцвэр алдагдсан, эрчүүд давамгайлжээ.
Үндэсний болон салбар, байгууллагын хороо, зөвлөлүүдийн 77.2 хувь нь эрэгтэй буюу 2023 оныхтой ойролцоо үзүүлэлттэй байсан нь Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.2 дахь хэсэг буюу “Төрийн байгууллагын дэргэдэх болон үндэсний хэмжээний хороо, зөвлөл, комисс зэрэг зөвлөлдөх буюу хамтын удирдлагын байгууллагад аль нэгэн хүйсийн төлөөлөл нийт гишүүний 40 хувиас доошгүй байна” гэсэн заалтыг зөрчиж. Төрийн төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл дээр дурдсанчлан илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг засаг төрөөс авах, түүнийгээ хүний нөөцийн төлөвлөгөөнд нь тусгаж хэрэгжүүлэх тухай заалтыг хуульд мөн тусгасан байдаг. Гэвч төрийн байгууллагууд нь өөрсдөө хуулиа мөрддөггүй, улс төрчид, эрх баригчид хүйсийн тэгш байдлыг хангах нь битгий хэл, намын “гар, хөлийнхөө” тэнцвэрийг хадгалахад л анхаарлаа хандуулдаг нь тэдний томилгооноос илт.
Улс төрчийн дүртэй, уян зөөлөн зантай байхыг шаарддаг
Удирдах албанд эмэгтэй хүний нягт нямбай зан чанар, зөөлөн сэтгэл, мяндсан ухаан хэрэгтэй гэж уянгалахгүйгээр мэдлэг, боловсролоор нь эрэмбэлж, чаддаг хүнд нь тохирох эрхийг олгох нь зүйтэй гэж “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгаанд онцолжээ. Түүнчлэн “Энэ албыг эмэгтэй хүнд “өгвөл” яах бол, эмэгтэй дүр хэрэгтэй гэсэн өнцгөөр улс төрийн, бусдад таалагдах шийдвэр гаргахын оронд бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх үүрэг, оролцоог зөв тодорхойлон, эрх мэдлийн ялгааг арилгаж, жендерийн эрх тэгш байдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн байв.
Ялангуяа олон нийт эмэгтэйчүүдийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд эрчүүдээс дутахгүй ажиллаж чадна гэсэн итгэл хүлээлгэх, хуучирсан ойлголтоосоо ангижрах хэрэгтэй аж. Жендерийн мэдлэгтэй хүмүүсийг судалгаанд хамруулахад улс төрийн удирдах албан тушаалд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, мэдлэгтэй, чадвартай аль алиныг нь дэмждэгээ илэрхийлсэн нь нийгэмд энэ талаарх ойлголтыг илүү сайн өгөх ёстойг харуулж буй. Өөрөөр хэлбэл, иргэд жендерийн хэвшмэл үзэлтэй, эсэхээс хамаараад эмэгтэй улс төрчийг дэмжих, үгүй нь тодорхой хэмжээнд нөлөөлдөг байна.
Хэдийгээр зарим нь удирдах албанд хүйсийн эрх тэгш байдлыг хангахыг дэмжсэн ч эрчүүдийг гэр бүлээ тэжээх үүрэгтэй, удирдах ажилд тохиромжтой, чадвартай, илүү их хариуцлага хүлээх ёстой гэсэн дүрээр харсан хэвээр. Харин эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх, гэрийн бүх асуудлыг зохицуулах, эцгийн эрхт ёсыг эрхэмлэх ёстой хэмээн муйхарласаар байгааг дээрх судалгаанд онцолсон байв. Цаашлаад эрчүүд давамгайлсан намын бүтэц, хууль, эрх зүйн орчин, санхүүгийн боломжгүй байдал нь эмэгтэйчүүдийг улс төрийн тавцанд “гарахад” тушаа болдог аж.
Судалгаанд хамрагдсан улс төрч эмэгтэйчүүдээс сонгуульд нэр дэвшээд амжилт олоогүйн шалтгааныг нь тодруулахад харагдах гадаад үзэмж, боловсрол, мэдлэг, туршлагаараа давуу байсан ч ялгаварлан гадуурхагддаг, зарим нь хэт үнэнч, бялдуучилж чаддаггүй, хуйвалдаанаас ангид, хурц зан чанар нь ялагдахад хүргэсэн гэсэн хариултыг өгчээ. Сонгуулийн зардал өндөр, хөрөнгөтэй өрсөлдөгчидтэй таарах нь эмэгтэй улс төрчдийн хувьд сонгуульд ялагдах хамгийн гол хүчин зүйлсийн нэг болдог аж. Түүнчлэн олон нийт удирдах албаны эмэгтэйчүүдээс дүр төрх нь улс төрч шиг, нөгөө талаас уян зөөлөн зантай, эхийн сэтгэлтэй байхыг давхар шаарддаг байна.