Элсэлтийн шалгалт (ЭШ) тойрсон будилаантай холбоотой асуудал нийгэмд бухимдал, талцал үүсгэсээр ирсэн. Энэ жил асуудал нэлээд ноцтой, хурцаар хөндөгдөж, даалгаврын тохирц хүндэдсэн болон ЭШ-ын үед алдаа гарсан судлагдахууны шалгалтыг наймдугаар сарын 15-ны дотор дахин зохион байгуулах, холбогдох байгууллагын удирдлагад хариуцлага тооцуулах шаардлагыг Монголын Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос салбарын сайддаа хүргүүлээд буй. Шаардлагыг нь хүлээж авахгүй бол сайдыгаа огцруулах хэмжээнд хүртэл асуудлыг тавина гэдгээ багш нар мэдэгдэв.
2025 оны элсэлтийн шалгалтын агуулга Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс гаргасан “Блю принт” буюу ерөнхий хөтөч дотроо багтаагүй, математикийн хичээлийн даалгавар нь “манбушо” хэмээх Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтынхтай адил, англи хэлнийх нь эртний британи үг хэллэг голдуу оруулсан, биологийнх гэхэд Кемблийн олимпиадын түвшнийх, нийгмийн шалгалт нь Монголын их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын үздэгтэй ижил гэхчлэн хүндрүүлсэн тест их байсан тухай багш нар, сурагчид, эцэг эхчүүд эрс шүүмжилсэн. “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэдэг шиг сая элсэлтийн шалгалтын үед тараасан харандаа, баллуур нь шаардлага хангахгүй байсан тул зохион байгуулагч нарт учир байдлаа хэлж, шинээр солиулах гэсээр цаг их алдсан тухайгаа цөөнгүй сурагч цахим орчинд бухимдан бичсэн байна билээ.
Багш, сурагчдын олон жилийн хөдөлмөр зүтгэл, хүсэл зорилгыг талаар болгож, элсэлтийн шалгалтыг энэ мэтээр тун хариуцлагагүй зохион байгуулсан Боловсролын үнэлгээний төвийнхөн болон салбарын сайдыг нь нийгмийн сүлжээгээр ойрд “бөмбөгдсөөр” буй. Нөгөөдүүл нь ч мөчөөгөө өгөхгүй, “арьсаа хамгаалсан” хариу тайлбарыг ар араас нь “шүршсээр” байна. Угтаа боловсролын чанар, хүртээмж, үнэлгээний асуудал бол буруугаа бие бие рүүгээ чулуудан талцах бус, тал талаасаа эвлэж нэгдээд, ил шударгаар хэлэлцэх ёстой зүйл билээ.
БОСГО ОНООНДОО Ч ХҮРЭХГҮЙ БҮДЭРСЭЭР Л БАЙГ УУ
Элсэлтийн шалгалтын медиан болон дундаж оноо сүүлийн жилүүдэд байнга буурсаар байгаа нь нэг талаас Ковидын үеийн хоцрогдол бүрэн арилаагүйтэй, нөгөө талаас ЭШ-ын материалын чанартай холбоотойг багш нар, салбарын мэргэжилтнүүд, сурагчид, эцэг эх¬ чүүд онцолж байна. Шалгалтын материал, даалгаврын тохирц хэт хүнд зохиогдсоноор дундаж болон дулимагхан мэдлэгтэй хүүхдүүдийн хооронд огт ялгаа гарахгүй байх үндсэн шалтгаан болж, энэ нь цаашлаад онооны тархац гажуудах үр дагавартай аж.
2022 оны элсэлтийн шалгалтыг нийт 36 425 шалгуулагч өгөхөд 24 хувь буюу 8688 нь 480аас бага оноо авч их, дээд сургууль, коллежийн “босгыг” давалгүй, бүдэрч байж. Гэхдээ тухайн онд 208 шалгуулагч хэмжээст онооны дээд хязгаар болох 800 авсан нь сүүлийн жилүүдэд дуулдаагүй өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, тэр жил элсэлтийн шалгалт өгсөн нийт хүүхдийн 0.6 хувь нь хамгийн дээд оноог авч байсан бол 2025 онд 43 мянга гаруй шалгуулагчаас ердөө 171 нь “хүсэмжит 800”-гаа халаасалж чаджээ. Шалгалт өгсөн сурагчийн тоо гурван жилийн өмнөхөөс бараг 7000-аар нэмэгдсэн байхад 800 оноо авсан хүүхэд 38-аар цөөрч.
Тэгвэл өнгөрсөн жилийн элсэлтийн шалгалтын дүн мэдээ бүр ч тааруухан үзүүлэлттэй байсныг бид одоо нэхэн санах учиртай. 2024 онд нийт 36 мянга орчим шалгуулагч ЭШ өгөхөд ердөө 0.2 хувь буюу 77 хүүхэд л 800 оноо авч байж шүү. Тэр дундаа математикийн шалгалтын дүн мэдээний тухайд бол “яриатай даа хө” гэдэг шиг асуудал их байна. Жилийн жилд сурагчдын хамгийн их сонгож өгдөг математикийн элсэлтийн шалгалтын дундаж оноо сүүлийн хоёр жил эрс буурч, найман бүхлээр ухарчээ. Тухайлбал, 2023 онд математикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн нийт сурагчийн анхны (дундаж) оноо 27 байсан бол өнгөрсөн жил 24, энэ жил 19 болж огцом буурсан байна. Түүнчлэн энэ жилийн 28 637 шалгуулагчаас ердөө нэг хувь нь л 60аас дээш оноо авсан бол 38 сурагч хэмжээст оноогоор 800 авсан ч тэдний дунд 100 хувь гүйцэтгэлтэй хүүхэд гараагүй аж. Хэдэн жилийн өмнө бол 800 оноо авсан сурагчдын 15-20 хувь нь даалгавруудаа бүрэн төгс гүйцэтгэж байснаас харахад бид яалт ч үгүй энэ асуудлыг хаана хаанаа шүүн тунгааж, бодитоор нягтлах шаардлага тулгарчээ.
Илүү лавшруулах үүднээс өнгөрсөн гур¬ван жилд тус бүр хэчнээн сурагч босго оноогоо давж чадаагүй тухай тоо баримтыг Боловсролын үнэлгээний төвийнхнөөс тодруулахад Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц “Албан бичгээр манайх руу асуултаа явуулбал нэг хоногийн дараа шүүгээд, гаргаж өгье” гэчхээд, утсаа салгаад талийв. Харин Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа энэ жил математикийн шалгалт өгөгсдөөс дунджаар 48 хувь нь босго оноогоо давж чадаагүй тухай мэдээлснийг дурдах нь зүйтэй.
БУРУУГ БУСАД РУУ НЯЛЗААХ БУС, ГОЛ АСУУДАЛДАА ТӨВЛӨРЬЕ
“Энэ жилийн элсэлтийн шалгалтын зарим агуулга хүндэдсэн байж болзошгүй” хэмээн Боловсролын сайд П.Наранбаяр эхний удаад мэдэгдсэн. Гэвч маргааш нь “БҮТ бол төрийн захиргааны байгууллага биш. Тиймээс БҮТ-ийн даргын орон тоонд төрийн албан хаагчийнхтай адил шаардлага тавьдаггүй. Гэхдээ ажлын байранд тавьдаг шаардлага гэж байгаа. Г.Гантуяа даргын хувьд үүнийгээ хангачихсан хүн. Тухайлбал, “Мобиком” компанид олон жил ажилласан туршлагатай, мөн мэдээллийн технологиор мэргэжил эзэмшсэн” хэмээн намын хүнээ өмгөөлөөд эхэлсэн. 2024 оны сонгуульд ХҮН намаас нэр дэвшиж байсан, өнөөгийн Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяаг өөрөө томилсон учраас энэ зэргийн тайлбар хэлэх нь байж болох ч гэлээ, ийм үед улс төржүүлж болохгүй сэдэв, салбар гэж бий шүү дээ.
Нойр, хоолоо хугаслан, их, дээд сургуулийн шалгалтад бэлдсэн хүүхдүүд яагаад, юунаас болоод ийм байдалд хүрчхэв хэмээн цочирдож, сэтгэл зүй нь хүнд байхад албан тушаалтнууд нэн түрүүнд өөрсдийгөө өмгөөлж хамгаалаад явах нь зохисгүй юм. Г.Гантуяа захирал “Төрийн алба, хувийн хэвшил хоёрын хооронд тийм том ялгаа байхгүй. Байгууллагын засаглал болон соёл, төслийн менежмент, мэдээллийн технологийн 25 жилийн туршлагаа төрийн байгуулагад шингээх гэж орсон. Шаардлагатай бол ажлаа өгөхөд бэлэн шүү. Хувийн хэвшлийнхэн шууд төрд ажиллах бүрэн чадамжтай. Төрийн албанд заавал төрд ажилласан жил шаардлагагүй гэдгийг өөрөө ажиллаж үзлээ” гэх мэтээр цахим хуудсандаа яаран сандран мэдэгдэл хийсэн. Асуудал хаана байгааг зөв оношлох, алдаагаа засаж залруулах шийдэл, гарц гаргалгааг хамтдаа эрэлхийлэх нь чухал атал Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө гэхээс илүү сандал суудлынхаа тухай ярих нь хэнд хамаатай гэж.
“Хэмжээст оноо хэмээх хуурмаг бантангаа халж, боловсролын чанараа үнэн бодитоор дүгнэж байж л энэ салбар урагш ахина. 800 онооноос 480 авч, 60 хувиар их сургуулийн босго давж байгаа мэт боловч ачир дээрээ 100 оноо (анхны оноо)- ноос дөнгөж 20-ийг л “зулгаасан” гэсэн үг. Энэ бол ичгэвтэр зүйл. 100 оноос 60-ыг авч байж их сургуулийн босго давна гээд тодорхой болгочихвол багш, сурагчид хаана хаанаа хичээнэ. Нэг унаг, хоёр унаг, хамаагүй. Гурав дахиасаа сайжирна. Энэ бол ичих зүйл биш. Алдаагаа засаад урагшлах нь л чухал” хэмээн боловсролын салбарт ажиллаж байсан нэгэн эрхэм анхааруулсныг эцэст нь сануулъя. Өмчийн хэлбэрээс үл хамааран, хүүхдүүд нийтлэг цогц ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоогоор хамтдаа чанартай боловсрол эзэмших ёстой гэсэн 50 жилийн өмнөх улс төрийн зөвшилцөл нь хэчнээн Засгийн газрын нүүр үзсэн ч өнөөг хүртэл хэвээр хадгалагдсан явдал Финландын хөгжлийн үндэс гэгддэг нь учиртай.
Ганц нэгхэн сурагч нь өндөр оноо авбал “миний, манай” гэж булаалдан өмчилчхөөд, саар байвал нийтээр нь түлхчихдэг байж таарахгүй.
Л.Аргамжин