
Украин руу довтолсонтой нь холбогдуулж Оросын эсрэг тавьж байгаа хоригийнхоо 21 дэхийг Европын Холбоо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт батлав. Энэ арга хэмжээ Оросын банк, криптовалютын сүлжээ, нефтийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, “сүүдрийн флот”, эрчим хүчний эх үүсвэрээс олох орлогын нь эсрэг чиглэсэн байна. Европын Холбооны сайтад тэмдэглэснээр эдийн засгийн энэ хатуу багц “Оросын эдийн засагт илүүтэй нөлөө үзүүлдэг, Украины эсрэг түрэмгий дайнаа үргэлжлүүлэх боломж олгодог секторуудад” түлхүү хамаарч байгаа аж. Нэг мэдээлэлд дурдсанаар шинэ багц хоригт 170 байгууллага, 48 хувь хүн хамрагдаж байгаа юм байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Европын Холбооны зүгээс Оросын эсрэг тавьж буй хамгийн өргөн хүрээг хамарсан хориг гэж үзэж буй аж. Хоригт орсон хувь хүмүүсийн дотор Спортын сайд Михаил Дегтярев, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, “Газпром-Медиа”-гийн тэргүүн Александр Жаров, Оросын төмөр замын ерөнхий захирал Олег Белозеров, ФИДЕ-гийн ерөнхийлөгч Аркадий Дворкович, “Сафмар” группийг үндэслэн байгуулагч Михиал Гуцериев, дуучин Александр Маршал, “Система” АФК-ийг үүсгэн байгуулагч Феликс Евтушенков зэрэг оржээ.
Ер нь хоригт багтсан байгууллага, хүний тоо 3000 дөхсөн байна. Оросын санхүүгийн эмзэг тогтолцоонд үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх зорилгыг энэ удаагийн багц хориг агуулжээ. Оросын тал саяхан иргэний зориулалттай дэд бүтэц, түүний дотор эрчим хүч, усан хангамж, эрүүлийг хамгаалах болон соёл, шашны зэрэг энгийн хүн амд хүнд хор уршиг учруулсан, зорилго чиглэлтэй цохилт Украинд өгсний хариу болгож Европын Холбоо ийм алхам хийжээ. Гэтэл иргэний зориулалттай обьектуудад цохилт өгснөө Москва энэ дайны туршид үгүйсгэж, цэрэг дайны байгууламжууд, тэдгээртэй холбоотой дэд бүтцийг л онилж ирсэн гэж хэлдэг. Оросын санхүү-зээлийн 33 байгууллага бас хоригт оржээ. Европын Холбооны гадаад улс төрийн байгууллагын тэргүүн Кая Каллас тэмдэглэснээс үзвэл Оросын “сүүдрийн флот”-ын 40 гаруй хөлөг онгоц, Орос, Беларусын нефьт боловсруулах хэд хэдэн завод, батлан хамгаалах аж үйлдвэрийн 50 гаруй цогцолбор хоригт хамрагдсан байна. Давхар зориулалттай бараа, технологи гадаадад гаргадаг 51 компани хоригт орсны зарим нь Хятад (Хонконгийг оруулаад), Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Турк, Арабын нэгдсэн Эмиратад байдаг аж.
Энэ 21 дэх багц хоригийг Оросын эсрэг тавихаар Европын Холбооны орнуудын элчүүд тохиролцсон гэж энэ сарын 23-нд мэдээлж байсан юм. Эрчим хүчний салбарт тавьсан хориг нь нефтийн үнийн автомат тохируулгын хязгаарлах механизмыг 2027 оны долоодугаар сарын 15 хүртэл түр зогсоох аж. Энэ нь Ормузын хоолойг хааснаас үүдсэн зах зээлийн төвөгтэй байдлаас үл шалтгаалан нефтийн худалдаанаас Оросын олох ашгийг зогсоохын тулд авч буй арга хэмжээ юм. Хоригт орсон цэргийн дарга нарын дотор Украины цэргийн алба хаагчид, олзлогдогсдыг тамлах, цаазлах, гутаан доромжлох хэрэгт оролцсон хошууч генерал цолтой цэргийн нэгэн гэмт хэрэгтэн байгаа юм байна. Түүний нэрийг дурдаагүй байна. 2026 оны зургаадугаар сарын 18-нд Европын зөвлөлөөсгаргасан баримт бичигтээ, Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаараар нь гуйвалтгүй, хатуу дэмжихээ нотолсон байна. Европын Холбоо түнш, холбоотнуудтайгаа үйл ажиллагаагаа уялдуулан Украин улс, ард түмэнд нь улс төр, санхүү, эдийн засаг, хүмүүнлэг, цэрэг, дипломатын бүх талын дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ мөн илэрхийлжээ. Украины эсрэг Оросын түрэмгий дайныг зогсооход чиглэсэн дипломат хүчин чармайлтыг ч Европын Холбоо дэмжиж байгаа юм.
Хоригийн хүрээнд Оросын байгалийн хийг гурав дахь орнуудад дамжуулан худалдахыг зогсоох шийдвэрийг нэг жилээр сунгасан байна. Үнийг нь зах зээлийн дунджаас 15 хувь доогуур байлгах түвшнийг хадгалахын тулд үнийн дээд хэмжээг (тааз) хагас жил тутам хянаж байх юм байна. Оросын цахилгаан эрчим хүч экспортолж, импортолдог, боловсруулсан нефтийн 10 хувь нь ногддог томоохон компани болох “Интер РАО” анх удаа хоригт өртжээ. Тус компани Казахстан, Монгол, Киргиз, Гүрж зэрэг 10 улсад нефть бүтээгдэхүүн нийлүүлдэг юм байна. Украины эсрэг дайн эхэлснээс хойш “Интер РАО” экспортоо ихээхэн хорогдуулжээ. 2022 оны хавраас Балтийн орнууд хийгээд Финлянд руу арилжааны гэрээгээр цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ байжээ. 2026 оны нэгдүгээр сараас Хятадад өгөхөө зогсоов. Дараачийн жилээс Оросын цахилгаан эрчим хүч авахаа бүрэн болино хэмээн Казахстан өнгөрсөноны тавдугаар сард зарласан байна. Гүрж, Туркэд Оросын өгч буй эрчим хүч Казахстан, Монголынхтой харьцуулшгүй бага юм байна. Казахстан, Монгол улсууд нь юуны урьд технологийн шалтгаанаар ойрын хугацаанд эрчим хүч импортлохоос татгалзах боломжгүй аж. Европын Холбооны хориг нь түүний газар нутаг дээр, түүний харьяат иргэдэд л үйлчилдэг болохоор Гүрж болон Тусгаар улсуудын холбооны гишүүн бусад улсад байгаа “Интер РАО” компанийнхөрөнгийг царцааж хүчрэхгүй. Хуульч Андрей Суворовын үзэж буйгаар банкууд нь Европын Холбооны бодлогоос илүүтэй хамааралтай байдаг Туркэд л “Интер РАО”-г хатуухан арга хэмжээ хүлээж байх магадлалтай юм байна.
21 дэх хоригт Оросын алт олборлодог хэд хэдэн компани оржээ. Тэдний дотор үнэт чулуу гадагш нь гаргадаг “Анхны эрдэнийн чулууны компани” багтсан байна. “Селигдар” компани болохоор хоригт 2023 онд орсон ч үйл ажиллагаагаа ганц ч өдөр зогсоолгүй, төлөвлөгөөндөө ч өөрчлөлт хийлгүй явж ирсэн гэнэ. Шереметьево болон Ульяновск, Дон дахь Ростов, Минеральные воды дахь нисэх онгоцны буудлууд Украин дахь дайнд хэрэгцээтэй барааг тээвэрлэхэд ашиглагдаж байсны хувьд шинэ хоригт өртсөн байна. Хэвлэлд тэмдэглэснээр Европын Холбооны орнуудын зорчигч зөөдөг онгоцнууд 2022 оноос Орост ирэхээ байсан аж. Санхүүгийн салбарт хөрөнгө царцаах, мөнгө нийлүүлэхийг зогсоох гэсэн хоёр чиглэлээр хориг нөлөөлөх юм байна. Түүнчлэн Оросын 33 банк ирэх сарын 13-наас олон улсын санхүүгийн мэдээлэл цуглуулах SWIFT системээс тусгаарлагдаж, Европын санхүүгийн дэд бүтцээр дамжуулан тооцоо хийхээ зогсоох аж. Эдгээр хориг үйл ажиллагаанд нь нөлөөлөхгүй гэж Оросынзарим банк мэдэгдээд байна. Хориг Оросын санхүүгийн үйл ажиллагаатай хэлхээ холбоотой байдаг зарим банканд үйлчлэх бөгөөд тэдгээрт Киргиз, Энэтхэгт байдаг томоохон банкны “охид” оржээ.
Еврокомиссын тооцоолж буйгаар одоо тогтоож буй үнийн дээд хязгаар нь ирэх 12 сарын хугацаанд Оросын нефтиэс олох орлогыг 3.5 тэрбум еврогоор бууруулах гэнэ. Оросын нефтийг боловсруулдаг гурав дахь улсад байгаа заводууд ч бас хоригтхамрагдах аж. “Сүүдрийн флот”-ын хөлгийг саатуулаад ачааг нь хурааж авах боломж саяны хоригоор Европын Холбооны гишүүн орнуудад олдож байгаа юм байна. Тэр ачааг худалдаж болох бөгөөд орлогыг нь хөлгийг саатуулсан улсад нь өгөх юм. Европын Холбоо эцэст нь нэг тохиролцоо хийсэн нь 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс өмнөхгэрээний дагуу хийсэн тээврийн ажиллагаанд хориг үйлчлэхгүй юм байна. Харин ачаа, маршрут, үнэ төлбөрийн талаарх мэдээллийг тогтмол өгч байх үүрэг компаниуд хүлээнэ. Еврокомиссын нэлээд хэл ам болсон нэг санал хүчин төгөлдөр болоогүй байна. Украины эсрэг дайн эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчинд алба хаасан бүх хүнийг Европын Холбооны хилийн дээс алхахыг хориглохыг тус Комисс зургаадугаар сард санал болгосон байдаг. Европын дипломат бодлогын тэргүүн Кая Каллас “Бид Путиний эмзэг газар нь цохиж, түүний дайныг санхүүжүүлж буй сувгуудыг хаана” гэж ч хэлсэн удаатай. Одоогийн байдлаар Кремлийн гол холбоотон, хоригийг батлахад мөнхийн саад болж байсан Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан огцорсноор дараа дараагийн хоригийн багцуудыг тохиролцоход төвөг багатай байх болно хэмээн Европын Холбоо найдаж байтал шинэ “тэрсүүд” гарч ирсэн нь Грек. Грекийн хөлөг онгоцны эзэд Европын худалдааны томоохон флотыг хянаж, дайн эхлэхээс өмнө Оросын нефтийн гол тээвэрлэгч болж байж. Гэтэл Оросын эсрэг Европын Холбоо болон АНУ-ын тавьсан хоригоос үүдэн тэрбээр нэг том бизнесээсээ салах нь тэр.