Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний есөн сарын статистик мэдээллийг эмхэтгэж дуусжээ. Үр дүнг нь маргааш танилцуулна гэж Үндэсний статискикийн хорооноос өчигдөр мэдээлэв. Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 56.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 30.7 хувиар буюу 13.3 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд төгрөгийн харилцах 3.9, хадгаламж 6.1, валютын харилцах 3.7 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.3 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилийнхээс 87.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн гэнэ. Төгрөгийн хадгаламж 29.6 их наяд төгрөг болсон нь 2025 оныхоос 26 хувиар өссөн үзүүлэлт юм. Хадгаламжийн 80.5 хувь нь иргэдийнх бол үлдсэн нь аж ахуйн нэгж, байгууллагынх. Тэгвэл валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийнхээс 463.9, өмнөх сарынхаас 174.3 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Мөнгөний нийлүүлэлтийн 26.2 хувийг гадаад цэвэр актив эзэлсэн бол үлдсэнийг нь дотоодынх бүрдүүлжээ. Гадаад актив 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин өссөн байна. Харин дотоодынх 15 хувиар өсөж, 41.9 их наяд төгрөгт хүрсэн гэв.
О.Оргилох