Манай улс энэ оны эхний есөн сард 8.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ. Харин 14.4 тэрбум “ногоон”-ы үнэ бүхий эрдэс, түүхий эд экспортод нийлүүлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 22.7 тэрбумд хүрч, тэнцэл нь 6.1 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Манай улс нийт бараа, түүхий эдийнхээ 90 гаруй хувийг урд хөрш рүү, 4-5 хувийг Швейцарт нийлүүлдэг бол импортын 40-42 хувийг БНХАУ-аас, 25-30-ийг нь ОХУ-аас, 8-10-ыг нь Японоос худалдан авдаг. Түүнчлэн экспортоос олж буй орлогын 75-85 хувийг нь нүүрс, зэсийн баяжмалын борлуулалтаас бүрдүүлж байна. Харин импортод зарцуулж буй хөрөнгийн 20-иос дээш хувь нь нефтийн бүтээгдэхүүн, 10-15 нь төрөл бүрийн автомашин байна. Энэ оны 1-9 дүгээр сард экспортолсон барааны 77 орчим хувийг авто замаар тээвэрлэсэн бол импортын 55 хувийг авто замаар, 36 хувийг нь төмөр замаар татан авсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ
С.Дулам